Шинэ маршрут: Мөнгөний зам

Хуучирсан мэдээ: 2022.11.21-нд нийтлэгдсэн

Шинэ маршрут: Мөнгөний зам

Шинэ маршрут: Мөнгөний зам

Монголчууд нэг үеэ, тухайлбал, урдаас хятад танк орж ирнэ гэдэгт итгэдэг байснаа бодвол илүү хэрсүү болжээ.  Товчхондоо, төмөр зам барихдаа хоёр хөршөөсөө нуух ёсгүйг их олон жилийн дараа, олон, олон боломжоо алдсаныхаа хойно ойлгож байна. Үндсэндээ урдаас хятад танк орж ирэхгүй, Эрээн хилээ хэд хоног хаахад  Монголын эдийн засаг дампуурахыг ухаарахтайгаа, ойлгохтойгоо болж байгаа нь нэг талаар сайн хэрэг. Гэвчиг элстэй гялгар уут цоолдог айлгах ажиллагаа эдийн засагт өнөөдөр багагүй саад бэрхшээл, хор, хохирол дагуулсаар байгаа юм. Үүний хохирлыг мөнгөн дүнгээр хэмжих боломжгүй. Зөвхөн нүүрсний хулгай гэхэд өнөөдөр 30-40 их наядаар яригдаж байна.

Төмөр зам бол Монголын гарц, зах зээлд хүргэж өгөх гол хөл нь. Даанч, төмөр замын төслүүд улс төрөө даахгүй унасаар байгаад 14 жилийн дараа л үндэсний төмөр замууд ашиглалтад орж байна. Үүнээс өмнө Оростой хамтран эзэмшдэг, баригдаад олон жил болж байгаа, мөн олон жил ашиггүй ажиллаж ирсэн УБТЗ-аас өөр гадаад ертөнцтэй холбодог төмөр зам байсангүй.

Төмөр замын тээвэр нь авто замын тээвэртэй харьцуулахад аюулгүй, хурдан, хямдхан үйлчилгээтэй. Эдийн засгийн хувьд мөнгөний зам гэж тодотгож, тодорхойлж болно. Учир нь, төмөр замаар газар доорх баялгаа үнэд хүргэнэ. Үүнээс өөрөөр мөнгөжих, мөнгөтэй болох арга, зам одоохондоо алга. Аялал жуулчлал, мал аж ахуйгаас олдог мөнгө нь бага, монголчуудыг тэжээж байгаа ганц салбар нь өнөөдөртөө уул уурхай л байна.  Тиймээс уул уурхайн бүтээгдэхүүнээ хилийн гадна аваачиж зарахад төмөр зам шиг хямд тээвэр байхгүй.

Харамсалтай нь, өргөн нарийн царигаас эхлээд төмөр замаа хэнээр, яаж бариулахаа шийдэх гэж монголчууд талцаж, маргаад олон жилийн алдсан, үүнийхээ горыг ч улсаараа мэдэрч, амсаж яваа.

Харин Засгийн газраас боомтуудынхаа боймыг тайлж буй нь  эдийн засагт эерэг хүлээлт, шинэ сэргэлт авчирч буй юм. Тэр тусмаа Зүүнбаян-Ханги  чиглэлийн төмөр зам ашиглалтад орохоор болсон нь далайд гарцгүй Монголын хувьд баялгаа үнэд хүргэх хөлтэй, гарцтай болж байна гэсэн үг. Өнөөдрийн хувьд Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлдэг бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг зөвхөн Замын-Үүд боомтоор нэвтрүүлдэг. Тэгвэл Зүүнбаян-Хангийн чиглэлийн төмөр замыг барьснаар Сайншанд чиглэлээс 15,6 сая тонн ачаа, Тавантолгой чиглэлээс  6 сая коксжсон нүүрс нийлээд 21,6 сая тонн ачааг экспортод гаргахаар ТЭЗҮ-д нь суулгаж өгчээ.

Тэрчлэн Монгол Улсын уул уурхайн экспортын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх гэнэ. БНХАУ-ын Бугат өртөө хүртлэх тээврийн зайг 306 км-ээр дөт болгосноор төмрийн хүдрийн тээвэрлэлтийн өртөг 4-8 ам.доллараар буурах аж.

Мөн төмөр зам дагуу суурьшлын бүс байгуулагдахаас гадна шууд ба шууд бусаар 1300 хүн ажил, орлоготой болох тооцоолол бий. Уг маршрутын хүрээнд уул уурхайн 10-аад орд газар бий. Тэгэхээр Монголын орд газруудын өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэсэн үг.

Төмөр замгүйгээс болоод Монгол Улс дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн өсөлтийг бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй нь бодит үнэн. Тэгвэл одоо бидэнд өөрийнхөө баялгийг зөөхөөс гадна Европ-Азийг холбох транзит ачааны хэмжээг 20 сая тонн хүртэл нэмэгдүүлэх давхар боломж нээгдэж байна.

Шинэ маршрут нээгдсэнээр Монгол ганц Эрээний боомтоос хамааралтай байхаа болино гэсэн үг. Өнөөг хүртэл Эрээн найтаах төдийд Монголын эдийн засаг өвчилдөг, өвддөг нь хэвээр байгаа билээ. Ирэх оны төсөвт нүүрсний худалдааг “өөдрөг” төсөөлсөн нь төмөр замын шинэ төслүүд ашиглалтад орж орж буйг тооцоолсных байх.  Ямар ч байсан нь Зүүнбаян-Хангийн төмөр замыг цэрэг танкны гэхээсээ мөнгөний зам гэж тодорхойлж болно.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж