Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах шатанд давхардуулж АМНАТ ногдуулах болсноор баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд өрөнд орж, үйл ажиллагаагаа зогсоосон талаар "Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо" ТББ, гишүүн компаниудын төлөөлөл өнөөдөр /2022.11.21/-нд мэдээлэл хийлээ.
“Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо" ТББ-ын гүйцэтгэх захирал М.Буянбадрах:
-Манай холбоо энэ онд байгуулагдан төмрийн хүдэр, жоншны хүдэр, баяжуулдаг нүүрс угаадаг, газрын тос боловсруулдаг байгууллагуудын төлөөлөл эрх ашгаа хамгаалуулахаар нэгдэн ажиллаж байна. Манай улсын экспортын 90 гаруй хувь нь ашигт малтмалын бүтээгдэхүүн байдаг. Түүний 3-5 хувийг боловсруулан гаргадаг бол 80 гаруй хувийг боловсруулж чадахгүй байна. Нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүнээ экспортолж чадахгүй асар их валютын боломжоо алдаж, ажлын байрыг бий болгож чадахгүй байгаа. Энэ нь 2019 онд ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулсантай холбоотой. Дэлхийн банкнаас 110 оронд хийсэн судалгаагаар Монгол улс шиг АМНАТ-ыг давхардуулдаг улс байгаагүй. Яагаад давхардуулах болсон бэ гэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн долоо дугаар бүлэгт хүдэр, баяжмал бүтээгдэхүүн үйлдвэрлэлд АМНАТ давхардуулахгүй ноогдуулсан гэсэн заалтыг өөрчлөн, өмнө төлсөн АМНАТ-ыг хасаж өгөөд давхардалгүй болгосон гэж УИХ-ын гишүүдэд буруу тайлбар өгснөөс болж шинэ хууль гарсан байдаг. Шинэ хууль гарсан үр дүнд 45 баяжуулах үйлдвэр байдгаас ихэнх нь татан буугдаад, ажилчид нь ажилгүй болж орон нутагт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд татвараа төлөх болж, өндөр АМНАТ төлж чадахгүй байдалд хүрсэн юм. Байгуулагдсан үйлдвэрүүд дампуурч, байгуулагдах гэж байсан үйлдвэрүүд ашиглалтад орохгүй хүлээлтийн байдалд байна. Энэ хуулийн балгаар ойролцоогоор 1500 хүн ажилгүй болж мөн энэ хэмжээний туслан гүйцэтгэгч нар ч ажил орлогогүй болсон. Мөн хэдэн хэдэн томоохон зэс баяжуулах үйлдвэр, ган боловсруулах, жоншноос бүтээгдэхүүн гаргаж авах төслүүд царцаагдмал байдалд хүрээд байна. Бид “Ашигт малтмалын тухайн хууль” удахгүй хэлэлцэгдэх учир шинэ сайд асуудлыг хүлээн авч дэлхийн нийтийн жишигт тэнцэн хуулийг боловсруулж өгнө гэдэг итгэж байна.
"Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо" ТББ-ын гишүүн Х.Чинбат:
-Ашигт малтмалын тухай хууль нь анх батлагдсан цагаасаа хойш олон өөрчлөлт орсон байдаг. Үүнээс хамгийн сүүлийн 2009 онд орсон өөрчлөлт нь АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрийг үйлдвэр эрхлэгч аж, ахуй нэгж байгууллагуудаас авдаг болох зохицуулалттай болсон. АМНАТ гэдэг нь ашигт малтмалыг олборлож буй уурхайн эзэн олборлогч , уул уурхай эзэмшигч, байгалийн баялгийг үнэ төлбөргүй олборлож байгаа хүмүүс нэг л удаа төлдөг татвар юм. Дэлхийн бүх улс орнууд энэ жишгээр байдаг. Манай улсын одоо мөрдөгдөж буй хуулиар АМНАТ-ыг уул, уурхайн эзэмшигчдээс авдаг мөн үйлдвэр эрхлэгчдээс ч авдаг болсон. Өөрөөр хэлбэл, нэг татварыг нэг бараа бүтээгдэхүүн дээрээс хоёр дахин авдаг хуультай болсон байгаа юм. Энд цугларсан байгаа үйлдвэр эрхлэгч аж, ахуй нэгж бүгд уул уурхайн лицензгүй, орд эзэмшдэггүй зөвхөн үйлдвэр эрхлэгч аж ахуй нэгжүүдийн төлөөлөл юм. АМНАТ-ыг төлөөд цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй. Яагаад гэвэл үйлдвэр эрхлэгч нарын худалдаж авсан түүхий эдээс АМНАТ тооцож байгаа. Мөн ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, хэрэглэсэн цахилгаан, шатахууны төлбөр болоод улсад төлөх татвараас АМНАТ төлж байна. АМНАТ маш өндөр дүнтэй байгаа учраас үйлдвэр эрхлэгч аж ахуй нэгжүүд татварыг төлөөд цаашид үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрээд байна.
Холбоотой мэдээ