Хятадын хөдөө тосгонд өссөн Жулиан Жу жилдээ хэдхэн удаа баяр ёслолоор л аавынхаа барааг хардаг байснаа дурсав. Түүний эцэг өмнөд хэсгийн Гуандун муж дахь нэхмэлийн үйлдвэрт ажилладаг байжээ. Эцэг, эхийнх нь үед хөдөөгийн ядуурлаас гарах гарц нь үйлдвэрт ажиллах байв. Харин Жу болон Хятадын залуу үеийнхний хувьд бага цалингаар олон цагаар хүнд хөдөлмөр эрхэлж, гэмтэж бэртэх эрсдэл хүлээн байж мөнгө олох нь сайхан амьдралд хүрэх золиос биш болжээ.
Өдгөө 32 настай Жу үйлдвэрийн ажлаасаа хэдэн жилийн өмнө гарч, Хятадын технологийн төв Шэньжэн хот дахь нэгэн супермаркетад скүүтер унан хүргэлт хийн амьдрах болжээ. Хүргэлт хийснээр тэрбээр сард багадаа 10 мянган юанийг олдог байна. Энэ нь үйлдвэрт бүтэн цагаар ажиллаж олохоос хоёр дахин их аж.
Түүн шиг үйлдвэрийн ажлаас зайлсхийж буй 20-30 насны залуу үе Хятадын ажиллах хүчний хомсдолыг гүнзгийрүүлж байна гэж албаныхан мэдэгдэв. Хятад нь дэлхийн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 30 хувийг дангаар хангадаг боловч ч ажиллах хүчний хомсдолоос болж үйлдвэрүүд хүндхэн сорилттой тулгарч байна.
Үйлдвэрийн эзэд ажиллах хүчнийг залуус хүч сэлбэснээр илүү хурдан, олныг үйлдвэрлэхийг эрмэлзэж байгаа ч өндөр цалин, ажлын сайн нөхцөл амлаад ч Хятадын залуу үеийг татаж чадахгүй байгаа аж.
Тиймээс том компаниуд үйлдвэрийг автоматжуулж, ажилчдыг роботоор орлуулах аргыг сүвэгчлэн тэр чиглэлд их хэмжээний хөрөнгө оруулж эхэлжээ. Гэвч жижиг үйлдвэрлэгч нарын хувьд робот, автомат технологийг нэвтрүүлэхэд өдрөөс өдөрт нэмэгдэж буй инфляци, зээлийн хүүгийн зардал өсч буй нь бэрхшээл болдог байна. Үүнээс гадна Хятадын экспортын гол зээл дэх эрэлт буурч буй нь жижиг үйлдвэрлэгчдэд сорилт болжээ.
Хятадын үйлдвэрлэгчдийн 80 гаруй хувь нь энэ жил олон зуугаас хэдэн мянган ажиллах хүчний хомсдолд оржээ. “CIIC Consulting” судалгааны байгууллагын мэдээлснээр Хятадын үйлдвэрүүдийн ажлын байрны 10-30 хувь нь ажиллах хүчний хомсдолтой байгаа аж. Хятадын боловсролын яамны тооцоолсноор ирэх 2025 он гэхэд үйлдвэрлэлийн салбарт 30 сая орчим ажиллах хүчний хомсдол үүсэх ба энэ нь Австралийн хүн амаас ч олон юм.
Цаасан дээр бол Хятадад ажиллах хүчний хомсдол байхгүй. Тодруулбал, Хятадын 16-24 насны залуусын 18 орчим хувь нь ажилгүй байна. Дээр нь энэ онд л гэхэд 10.8 сая оюутан төгсч, хөдөлмөрийн зах зээлд оржээ.
Covid-19 цар тахлын эсрэг хөл хорио, үл хөдлөхийн зах зээл унаж, технологийн салбар болон бусад хувийн аж үйлдвэрт хуулийн шалгалт явуулсан зэргээс шалтгаалан Хятадын эдийн засаг энэ онд агшсан. Эдийн засгийн өсөлт сүүлийн хэдэн 10 жилд байгаагүй хэмжээнд хүрч удааширсныг мэргэжилтнүүд онцолж байна.
Өмнөд Хятад дахь Европын худалдааны танхимыг даргалдаг Клаус Зенкел 20 жилийн өмнө тус улсад ирэхэд их сургууль төгсөгчдийн тоо өнөөдрийнхөөс 10 дахин бага, Хятадын эдийн засаг ам.доллараар тооцвол 15 дахин бага байжээ. Тэрбээр Шэньжэнд 50 орчим хүнтэй үйлдвэр ажиллуулж, эмнэлгийн “MRI” зураг авах өрөөнд зэрэгт ашиглагддаг цахилгаан соронзон тусгаарлагч үйлдвэрлэж эхэлжээ.
“Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засгийн огцом өсөлт нь залуу үеийнхний хүсэл тэмүүллийг дээшлүүлсэн. Өдгөө хятад залуус урт цагийн ажил огт сонирхохоо больсон. Залуус үйлдвэрт ирээд ажлын байртай хоромхон танилцаад “Үгүй ээ, баярлалаа. Энэ надад тохирох ажил биш байна” гэж хэлдэг болсон” гэж Клаус Зенкел хэлэв.
ОРЧИН ҮЕ
Үйлдвэрлэгчид ажиллах хүчний хомсдолыг шийдвэрлэхэд гурван сонголт л байгааг онцолжээ. Тухайлбал, ашгаа золиослон ажилчдын цалинг нэмэх, автоматжуулалтад илүү их хөрөнгө оруулах эсвэл Вьетнам, Энэтхэг зэрэг хямд зах зээлд шилжих сонголтууд байгаа аж. Гэвч эдгээрийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй.
Электрон зай үйлдвэрлэгч Лю овогт техник тоног төхөөрөмжөө сайжруулсан ч компьютер, машины дэлгэц дээрх мэдээллийг уншиж, ойлгож чадахгүй байгаагаа учирлажээ. Тэрбээр шинээр ажилд орох залууст таван хувиар илүү цалин амласан ч үйлдвэртээ тогтоон ажиллуулж чадахгүй байна гэв.
Хятадын бодлого тодорхойлогчдын зүгээс ч аж үйлдвэрийн салбарын технологийг сайжруулж, автоматжуулах замаар хөгширч буй ажиллах хүчний нөөцөө нөхөхийг хичээх болжээ. Өнгөрсөн 2021 онд дэлхий дахинаа суурилуулсан роботуудын тал хувийг Хятад улс нь эзэлсэн ба өмнөх оны мөн үеийнхээс 44%-иар өссөн байна. Гэвч автоматжуулалт нь өөрийн хязгаартай. Фошань хот дахь гангийн үйлдвэрийн ерөнхий менежер Дотти хэлэхдээ, савалгаа, цэвэрлэгээний ажлын байрыг роботоор орлуулж болох ч бусад функцуудыг автоматжуулах нь хэтэрхий үнэтэй гэв. Тиймээс үйлдвэрлэл хэвийн үргэлжлэхэд залуу ажиллах хүч зайлшгүй хэрэгтэй гэдгийг тэрбээр онцолжээ. Улмаар видео тоглоомын удирдлага үйлдвэрлэгч хэд хэдэн компани үйлдвэрлэлээ Вьетнам, Тайланд руу нүүлгэсэн байна.
ХҮСЭЛ ТЭМҮҮЛЛИЙН ЗӨРЧИЛ
Экспортод суурилсан Хятадын үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадвар нь сүүлийн хэдэн жил бага өртөгтэй хөдөлмөрийн зардал болон үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн улсын татаастай хөрөнгө оруулалтын ачаар бий болсон. Гэвч энэхүү өрсөлдөх чадварыг хадгалах нь өндөр боловсорсон Хятадын залуу үеийнхний тухтай амьдралын хэв маягийг эрэлхийлсэн хүсэл тэмүүлэлтэй зөрчилдөж байна. Хятадад энэ жил 4.6 сая хүн боловсролын түвшиндээ тааруулан ажилд орохын оронд дараагийн академик түвшинд дэвшин суралцах хүсэлт гаргажээ. Мөн жил бүр төрийн албанд ажиллах хүсэлтэй 6000 хүн өргөдөл гаргадаг гэж төрийн мэдээллийн агентлаг энэ сард мэдээлсэн.
Хятадын залуус авч буй хөлсөндөө тааруулж ажиллаад өөрт амраар ажиллахыг эрхэмлэдэг болсон бөгөөд өмнөх үеийнхэн шигээ ясаа цайтал зүтгэхээс татгалзаж байна.
Холбоотой мэдээ