IFAWPCA-ийн 45 дахь чуулганд МБҮА ТББ Монгол Улсыг төлөөлж оролцлоо

Хуучирсан мэдээ: 2022.11.21-нд нийтлэгдсэн

IFAWPCA-ийн 45 дахь чуулганд МБҮА ТББ Монгол Улсыг төлөөлж оролцлоо

IFAWPCA-ийн 45 дахь чуулганд МБҮА ТББ Монгол Улсыг төлөөлж оролцлоо

Ази, баруун номхон далайн Гэрээлэгчдийн ассоциациудын Олон улсын нийгэмлэг (IFAWPCA)-ийн 45 дахь дахь удаагийн Чуулган нь Мальдив Улсын нийслэл Мале хотноо 2022.11.14-19-ний хооронд “Бүтээн байгуулалтаа хамгаалж, илүү сайхан ертөнцийг бүтээцгээе” уриан доор 5 хоногийн турш хуралдахдаа улс орнуудад үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдал, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүд, хүндрэл бэрхшээлийг хэрхэн хамтдаа даван туулах зэрэг асуудлын хүрээнд санал бодлоо ярилцаж чууллаа. Тус Чуулганд Монгол Улсыг төлөөлж МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Гүйцэтгэх захирал Л.Хулан, Гишүүн “Урьхан санаа” ХХК-ийн Захирал Б.Чадраабал нар оролцлоо.

Чуулганы үеэр МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан нь МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН талаар илтгэл тавьж, IFAWPCA-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧДИЙН ХААЛТТАЙ ХУРАЛ-ын үеэр гишүүн орнуудын ерөнхийлөгчидтэй танилцахаас гадна гишүүн улс орнуудад үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдал, Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүдийн талаар санал бодлоо солилцлоо. Түүнчлэн, тэрээр Чуулганы үеэр зохион байгуулагдсан ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛИЙН БАЙНГЫН ХОРОО-ны ээлжит хуралд оролцож, гишүүн орнуудын төлөөллүүд нь төр-хувийн хэвшлийн хооронд гэрээний нөхцөл байдлын ойлгомжгүй байдлаас үүсдэг маргааныг хэрхэн шийдвэрлэж байгаа туршлагуудын талаар мэдээллээ солилцлоо. Ялангуяа, Covid-19-н нөхцөл байдлаас үүссэн эдийн засгийн шинэ нөхцөл байдал, ханган нийлүүлэлтийн сүлжээний доголдол, дэлхийн геополитикийн зөрчилдөөн, БНХАУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй тэг ковид бодлогын нөлөөнөөс хамаарсан хүндрэлүүд нь IFAWPCA-ийн бүх Гишүүн орнуудын гэрээлэгчдэд хүндрэл үүсгэж байгааг онцолж байв. Тиймээс энэ үүссэн хүндрэлүүдийг гэрээний нөхцөл байдлуудыг сайжруулах замаар Засгийн газартайгаа хэрхэн шийдвэрлэж даван туулж хамтран ажиллаж байгаа туршлагыг харилцан солилцох уулзалтыг жилд 2-3 удаа цахимаар зохион байгуулахаар тохирч, ФИДИК (ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБОО)-ИЙН ГЭРЭЭ болон ТӨЛБӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ (SOP-Security of Payment)-ЫН ГЭРЭЭ-ний нөхцөлүүдийг ашиглан гүйцэтгэгчдийг хэрхэн эрсдэлгүйгээр хүндрэлээс гаргаж буй талаар өргөн хэмжээний уулзалт ярилцлагыг өрнүүллээ. Ялангуяа, Сингапур, Хонг-Конгийн Засгийн газрууд нь хувийн хэвшилтэйгээ хэрхэн хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлсний үр дүнд компаниуд нь хүндрэлийг бага хохиролтойгоор даван туулж байгаа туршлагын талаарх мэдээллийг өгөв. Иймд эдгээр улс орнуудын туршлагыг ч Монгол Улсад хэрэгжүүлэх, нэвтрүүлэх асуудал ч тулгараад байна.

СУРГАЛТЫН ЧАНАРТ ХУВЬСАЛ ХИЙХ ШААРДЛАГА ҮҮСЭЖ БАЙНА

Түүнчлэн, тус Чуулганы үеэр зохион байгуулагдсан БОЛОВСРОЛ, ХҮНИЙ НӨӨЦИЙН БАЙНГЫН ХОРОО-ны ээлжит хуралд МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хулан нь оролцож, Монгол Улсад барилгын салбарын ажиллах хүчин, МСҮТ-ийн талаарх мэдээллийг өгөв. Хорооны хурлаар дэлхий даяар үүссэн эдийн засгийн хямрал, Ковид-19-н нөхцөл байдлын улмаас барилгын салбарт ажиллах хүчин, хүний нөөцийн хомсдол маш их үүсээд байгааг онцолсон билээ. Өөрөөр хэлбэл, уг салбарын ажиллах хүчин нь тухайн орны эдийн засгийн нөхцөл байдлаас гадна цалин хангамж, ажиллах орчноос хамааран маш ихээр гадаад орон руу гарч байгаа тухай гишүүн орнуудын төлөөлөгчид дурдаж байв. Харин Сингапур Улс нь нийт гадаад ажилчдынхаа 30 хувийг алдсан ч цар тахлын дараа 10 хувь нь ирсэн ч ур чадвартай ажиллах хүчний эрэлт хэрэгцээ их хэвээрээ байгааг онцлов. Иймээс Засгийн газрынх нь зүгээс энэ асуудалд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах асуудлыг Барилгын холбоондоо тавиад байна. Сингапур Улс нь ажиллах хүчээ Энэтхэг, Бангладеш, Балба, Мьянмар, Малайзаас авдаг байсан бөгөөд ажиллах хүчинд тавьж буй шалгуур үзүүлэлтээ нэлээн өндөрсгөж байгаа аж. Өөрөөр хэлбэл, ажиллах хүчин оруулж ирэх байгууллагууд нь ажилтнуудын зөөлөн ур чадварыг чухалчлахаас гадна англи хэлний ерөнхий түвшний мэдлэгтэй байх шаардлагыг тавьж байгаа болно. Зөөлөн ур чадвар гэдэг нь тухайн хүний харилцаа хандлага буюу биеэ зөв авч явах, тухайн орны орчин нөхцөлд хурдан дасан зохицох чадвар, сэтгэлгээгээ өөрчлөх байдал зэрэг хамаардгийг онцоллоо. Мөн мэргэжлийн ур чадвараас гадна тухайн ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ягштал баримтлах, ажлыг өндөр чанартай, бүтээмж дээр суурилан гүйцэтгэх чадварыг илүүтэйгээр шаардаж байгааг дурдаж байв. Барилгын ажил нь маш өндөр стандартыг баримталдаг тул дээрх шаардлагуудыг хангаж буй ажилчдыг Сингапур Улс нь авахад бэлэн байгаагаа гэв. Мөн ажиллах хүчин зуучилж байгаа байгууллагуудад тухайн хүмүүсээ эх оронд нь шалгалт авч сонгон шалгаруулсны дараа Сингапур Улсад ирсний дараа нь дахин шалгалт авч үнэлгээг тогтоосны дараа ажилчдыг байраар хангах, холбогдох халамжийн асуудлыг нь шийдэх, аливаа санал гомдол гарах тохиолдолд түүний дагуу асуудлыг шийдвэрлэх нээлттэй Аппликэйшн-г ашиглах зэрэг боломжоор хангаж өгсөн байна.

Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын Барилгын ассоциаци нь Азийн хөгжлийн банк (АХБ) болон Бангладеш Улсын Сангийн яамтайгаа хамтран барилгын салбарт ажиллаж буй ажиллах хүчний ур чадварыг дээшлүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд чадавхажсан ажиллах хүчнийг гадаад руу гаргах ажлыг гүйцэтгэж байна.

Филиппин Улсад аж ахуйн нэгж, байгууллагууд дээр суурилсан сургалтын төвийг байгуулж, одоо байгаа ажиллах хүчний ур чадварыг улам дээшлүүлэх, аль түвшинд ямар хэмжээнд байгааг илүү үнэлж тодорхойлох цаг ирснийг онцолж байлаа. Өөрөөр хэлбэл, ажилтнуудынхаа ур чадварыг зөв тодорхойлоогүй, шинэ техник технологид суралцуулаагүй асуудлаас үүдэж ажлын гүйцэтгэл удаашрах зэрэг асуудлууд гарч байгаатай холбоотой гэв.

Иймээс IFAWPCA-ийн гишүүн орнуудын ассоциациуд нь эхний ээлжид хоорондоо ажиллах хүчин гаргах асуудлаар дотроо ярилцаж тохироод шаардлагатай тохиолдолд Засгийн газрын төлөөллүүдийг хооронд нь уулзуулж зөв зохистой, хууль ёсны хүрээнд ажиллах бэлтгэл ажлыг хийх шаардлагатай байгааг ярилцав. Учир нь ажиллах хүчнийг асуудлыг хүний наймааны асуудлаас холуур байлгах шаардлагатай тул Засгийн газрын түвшинд нухацтай сайн шийдвэрлэх ёстой гэдгийг хурлаар онцоллоо.

Эдгээр чухал асуудлуудын Хорооны хурлаар ярилцаж санал солилцсоны дагуу тус Хорооны уулзалтыг улиралдаа 1 удаа цахимаар зохион байгуулж асуудал, туршлагаа хуваалцаж байхаар тогтлоо. Энэ нь Сингапур Улс нь гаднын улс орноос маш их ажиллах хүчнийг авч байгаа тул тодорхой ямар шаардлагуудыг тавьж байгаа, ямар чиглэлийн ажиллах хүчин хэрэгтэй байгаа: мужаан, цахилгаанчин, сантехникч үү зэрэг асуудлуудын талаар мэдээллээ солилцвол тухайн орноос тохирсон ажиллах хүчнийг бэлдэх, сургах, ур чадварыг нь үнэлэх, ангилах, түвшнийг тогтоох зэрэг асуудлууд тодорхой болсноор дараагийн шатны асуудлыг үргэлжлүүлэн ярилцахад хялбар байна гэсэн байр суурийг илэрхийллээ.

Дараагийн нэг асуудал нь барилгын салбарын мэргэжилтнүүдийг МСҮТ-өөр дамжуулан барилгын салбарт нэвтэрч буй шинэ техник, технологийг эзэмшүүлэх, сургах хэрэгтэй байгааг онцолсон бөгөөд ингэснээр өндөр ур чадвар бүхий бэлтгэгдсэн ажилтнуудыг бий болгох, сургалтын арга барилыг энэ чиглэлд өөрчлөх, практик дээр суурилсан сургалтыг илүү түлхүү өгдөг болгох тал дээр санал нэгдэж байв. Үүний зэрэгцээгээр өөрийн орны ажиллах хүчнийг гадагш гаргахаасаа илүүтэйгээр хэрхэн эх орондоо авч үлдэх вэ гэсэн асуудлыг улс орон бүрийн төлөөлөгчид бас ярилцаж санал бодлоо солилцон энэ талаар дахин дэлгэрүүлэн ярилцаж гарц гаргалгааг хайх, судлах, шийдвэр гаргах хэрэгтэй байгааг дурдав.

МБҮА ТББ-ЫГ ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБОО (FIDIC)-НД ЭЛСЭХИЙГ АЛБАН ЁСООР ДЭМЖЛЭЭ

Ази, баруун номхон далайн Гэрээлэгчдийн ассоциациудын Олон улсын нийгэмлэг (IFAWPCA) нь нийт 19 орны барилгачдын ахан дүүсийг нэгтгэж, олон улсын нөхөрлөл, хамтын ажиллагааг дэмжих, бүс нутгийн Засгийн газар болон Гэрээт байгууллагуудын хооронд ашигтай харилцааг хөгжүүлэх, иргэний болон барилгын төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах механизмыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг байгууллага болно. МБҮА ТББ нь Ази, баруун номхон далайн Гэрээлэгчдийн ассоциациудын Олон улсын нийгэмлэг (IFAWPCA)-т 2015 онд гишүүнээр элсэж, улмаар 2018 онд Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон тэр цаг үеэс хойш IFAWPCA-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хамтран ажиллаж байгаа билээ. Иймд IFAWPCA нь өөрийн болон бусад улс орны хөгжил дэвшил, нийгмийн хариуцлагын төлөө хамтран идэвхтэй ажиллаж байгаа МБҮА ТББ-ын Олон улсын Зөвлөх инженерүүдийн холбоо (ФИДИК)-нд “Гишүүн холбоо”-оор элсэх хүсэлтийг дэмжиж IFAWPCA-ийн Ерөнхийлөгч Мохамед Али Жаннахын албан ёсны бичгийг ФИДИК рүү илгээлээ. Ингэснээр МБҮА ТББ нь Монгол Улсын БХБЯ болон IFAWPCA-ийн албан ёсны дэмжлэгийг авч ФИДИК-д элсэх бэлтгэл ажлаа хангаад байна.

 

 

АЗИ, БАРУУН НОМХОН ДАЛАЙН ГЭРЭЭЛЭГЧДИЙН АССОЦИАЦИУДЫН ОЛОН УЛСЫН НИЙГЭМЛЭГ (IFAWPCA)-ИЙН 2022-2024 ОНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР МБҮА ТББ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРСАЙХАН СОНГОГДЛОО

Ази, баруун номхон далайн Гэрээлэгчдийн ассоциациудын Олон улсын нийгэмлэг (IFAWPCA)-ийн 45 дахь дахь удаагийн Чуулганы 2 дахь хуралдааны үеэр IFAWPCA-ийн 2022-2024 оны Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож, МБҮА ТББ-ыг төлөөлж Ерөнхийлөгч Н.Баярсайхан албан ёсоор сонгогдож, тангаргаа өргөлөө. IFAWPCA-ийн энэхүү Удирдах зөвлөлийн гишүүний албан тушаалыг МБҮА ТББ-ыг төлөөлж Гүйцэтгэх захирал Л.Хулан нь 2018-2022 оны хугацаанд сонгогдон ажиллаж, өөрийн үүрэг хариуцлагаа амжилттай хэрэгжүүлж, тэрээр IFAWPCA-ийн УЗГ-нийхээ ажлыг МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайханд албан ёсоор шилжүүлэн өглөө. МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хулан нь IFAWPCA-ийн УЗГ-ээр ажиллах хугацаандаа МБҮА ТББ-ыг энэ Нийгэмлэгт эргүүлэн идэвхтэй гишүүн байлгах хамтран ажиллах ажлыг гардан зохион байгуулж, IFAWPCA-ийн гишүүн орнуудын Ассоциациудтай олон талын хамтын ажиллагааг нягтаршуулж, улмаар МБҮА ТББ-ыг Олон улсын Зөвлөх инженерүүдийн холбоо (FIDIC)-нд “Гишүүн холбоо”-оор элсүүлэх бэлтгэл ажлыг хийж дуусгалаа.

 

 

МБҮА ТББ БОЛОН СИНГАПУРЫН ГЭРЭЭЛЭГЧДИЙН АССОЦИАЦИ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

Ази, баруун номхон далайн Гэрээлэгчдийн ассоциациудын Олон улсын нийгэмлэг (IFAWPCA)-ийн 45 дахь удаагийн Чуулганы үеэр МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Гүйцэтгэх захирал Л.Хулан нар нь Сингапурын Гэрээлэгчдийн ассоциаци (SCAL)-ийн Ерөнхийлөгч Ng Yek Meng, Ерөнхийлөгч асан, Зөвлөх Desmond Hill, Ерөнхийлөгч асан Kenneth Loo нартай зангиагүй уулзалт хийж санал бодлоо солилцсоны үр дүнд МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Сингапурын Гэрээлэгчдийн ассоциацийн Ерөнхийлөгч Ng Yek Meng нар “Хамтран ажиллах санамж бичиг” -т дараах асуудлын хүрээнд гарын үсэг зурцгаалаа.

 

  • Монгол Улсад МБҮА ТББ-аас хэрэгжүүлж буй барилгын тусгай зөвшөөрлийн чиг үүргийг дэмжих зорилгоор Сингапур Улсын Барилгын тусгай зөвшөөрлийг олгодог үйл ажиллагааны талаар мэдээллээр хангах,
  • Бүтээн байгуулалтын чиглэлээр Сингапур Улсад хэрэгжүүлсэн тэргүүн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах, сургалт зохион байгуулах, зөвлөгөө зөвлөмжөөр хангах

 

 

  • Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хөтөлбөрийг Монгол Улсад сайжруулах зорилгоор Сингапур Улсын орон сууцны хөтөлбөрийн туршлагаас хуваалцах
  • “Хоёр талын 2022 уулзалт”-ыг өргөжүүлж Монгол Улс эсвэл Сингапур Улсад зохион байгуулж хэвшүүлэх
  • Хамтарсан үр ашигтай төслүүдийг хоёр талын бүтээн байгуулагчдын оролцоотойгоор хэрэгжүүлэх зэрэг байв.

 

АЗИ, БАРУУН НОМХОН ДАЛАЙН ГЭРЭЭЛЭГЧДИЙН АССОЦИАЦИУДЫН ОЛОН УЛСЫН НИЙГЭМЛЭГ (IFAWPCA)-ИЙН 2023 ОНЫ ДУНД ХУГАЦААНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНЫГ МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭРХИЙГ АЛБАН ЁСООР ОЛГОЛОО

Ази, баруун номхон далайн Гэрээлэгчдийн ассоциациудын Олон улсын нийгэмлэг (IFAWPCA)-ийн 45 дахь удаагийн Чуулганаар дараа дараагийн ээлжит Чуулган болон Хуралдааныг зохион байгуулах эрхийг аль гишүүн оронд өгөх тухай асуудлыг хэлэлцдэг нь улс орон бүхний сонирхлыг татдаг нь нууц биш юм. Иймээс МБҮА ТББ-ын зүгээс Дунд хугацааны ээлжит Удирдах зөвлөлийн хуралдааныг IFAWPCA-ийн Гишүүн болсон цагаас эхлэн Монгол Улсад зохион байгуулах саналыг МБҮА ТББ-ын 2016-2022 оны Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэдийн үеэс тавьж ирсэн бөгөөд IFAWPCA-ийн шинэ УЗ-ийн хурлын үеэр МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан нь энэ саналыг дахин тавьж, УЗГ-үүдийн санал хураалтаар бүрэн дэмжигдэж, тус IFAWPCA-ИЙН 42 ДАХЬ ДУНД ХУГАЦААНЫ ЭЭЛЖИТ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНЫГ Монгол Улсад 2023.06-р сарын дундуур зохион байгуулах эрхийг албан ёсоор олголоо. Тус хуралдааныг Монгол Улсад зохион байгуулснаар дараах давуу тал, үр дүн үүсэх болно. Үүнд:

  • Монгол Улс, түүний дотор барилга, үл хөдлөхийн салбарын боломжуудыг IFAWPCA-ийн гишүүн орнуудын энэ салбарын томоохон хөрөнгө оруулагчид, мега төслүүдийн гэрээлэгч компаниудын эзэд болон удирдлагуудад сурталчлах боломж нээгдэх
  • Монгол Улсын барилга, үл хөдлөх хөрөнгийн бизнесмэнүүдийг Олон улсын “А” зэрэглэлийн барилгын компаниудын эзэд, удирдлагуудтай нүүр тулсан уулзалтуудыг хийж танилцуулж хэлхээ холбоог нь өргөтгөх, IFAWPCA-ийн дараа удаагийн Чуулганд оролцох боломжоор бүрдүүлэх
  • Монголын барилгын төсөл хэрэгжүүлэгч компаниудад олон улсын зах зээлийг нээж өгөх
  • Олон улсын барилгын шилдэг техник технологи, ноу-хау-гаас суралцаж нутагшуулах, арга зүй туршлагаас нь суралцах, техникийн семинар сургалтуудыг зохион байгуулах
  • Хөрөнгө оруулалтын Бизнесийн форумыг зохион байгуулах
  • 120-150 гадаадын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирснээр зочлох үйлчилгээний салбарт тодорхой хэмжээний худалдан авалтын хөрөнгө оруулалт хийгдэх зэрэг болно.

Харин IFAWPCA-ийн 46 дахь Ээлжит Чуулганыг Балба Улсад 2023.11-р сар, 43 дахь Дунд хугацааны ээлжит Удирдах зөвлөлийн хуралдааныг Тайванд 2025.05-р сар, 47 дахь Ээлжит Чуулганыг Сингапур Улсад тус тус зохион байгуулах эрхийг албан ёсоор олгож баталлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж