Ч.Хүрэлбаатар: Валютын урсгалыг 1 тэрбум доллараар нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.11.21-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар: Валютын урсгалыг 1 тэрбум доллараар нэмэгдүүлнэ

Ч.Хүрэлбаатар: Валютын урсгалыг 1 тэрбум доллараар нэмэгдүүлнэ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн /2022.11.21/хуралдаанаараа Засгийн газрын зүгээс валютын нөөц бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл сонсчээ. Мэдээлийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар хийсэн байна. Мэдээллийг сонсоод бүлэг Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг УИХ-аар яаралтай батлах шаардлагатай гэж үзэн, энэ хуулийг шинэ он гарахаас урьтаж батлахаар болжээ. Мөн бүлэг нүүрсний хулгайн хэрэг дээр Засгийн газар хууль хяналтын байгууллагатай нягт хамтран ажиллаж, үр дүн гаргах шаардлагатай гэж үзсэн байна.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:  

Засгийн газар валютын нөөц бүрдүүлэх чиглэлээр гурван чиглэлээр ажиллаж байна. Намайг анх ажил авахад Монгол Улсын валютын нөөц 2.5 тэрбум ам.доллар байсан Албан ханш, албан бус ханшны зөрүү 200-300 төгрөг байсан. Арилжааны банкууд 1 сая төгрөгөөс дээш валют олгохгүй гэдэг байсан.

Аравдугаар сарын дүнгээр валютын албан ёсны нөөц 2.8 тэрбум ам.доллар болсон.  Нэг сая төгрөгийн хязгаарлалт зарим банк дээр 10 сая, зарим банк дээр 20 сая болж, нэмэгдсэн. Валютынн ханшийн зөрүү буурсан.

Засгийн газрын зүгээс валютын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд “Эрдэнэс Тавантолгой” компани дээр онцгой дэглэм мөн тогтоосон. Цаашдаа бид тогтолцоогоо ил тод болгох ёстой. Ямар компани, ямар дүнтэй гэрээ хийсэн бэ, хилээр гарч байгаа бүтээгдэхүүн гаал татварын санд бүртгэгдсэн байх ёстой. Тэгж байж хяналт тавигдана. Энэ бүгдийгээ ил болгоё.

Хаалттай хаалганы цаана хоёр хүн суугаад хийсэн гэрээн дээр нүүрсний үнэ өсөхгүй. Биржээр бүтээгдэхүүнээ зарах,ингэхдээ 2023 оны нэгдүгээр улиралдаа багтаагаад зарна.  Засгийн газар өөрсдөө түр журам гаргаад нүүрсээ биржээр зарах ажил хийнэ.

Валютын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд оффтейк ч бай, урьдчилсан ч бай гэрээнийхээ дагуу доллараа төлж байж нүүрсээ авах ёстой.

“Эрдэнэс Тавантолгой” компани оны төгсгөлд 500 сая ам.доллар оруулж ирэхээс одоогоор 140-өөд сая нь орж ирсэн. “Эрдэнэт” үйлдвэрт 350 сая ам доллар оруулж ирэх үүрэг өгөгдсөн. Оюутолгой компани дээр 500 сая ам.доллар оруул гэсэн, одоо 240 сая ам.доллар орж ирсэн. “Энержи ресурс” дээр мөн тодорхой үүрэг өгөгдсөн. Ингэснээр валютын урсгалыг 1 тэрбум ам.доллараар нэмэгдүүлнэ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-Улаанбаатар хотод дизель түлш шагийн үнэ рүү орж,  орон нутагт олдохгүй боллоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас тодруулга авах гэтэл өгсөнгүй. Бүлгээр энэ асуудлыг хэлэлцсэн үү, дизель түлшний тасалдал хэзээ арилах вэ?

-Дизель түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудлыг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар ярьсан. Оросын тал дизель түлшийг янз бүрийн трейдрүүрээр зарахгүй байх гэдэг шаардлага тавьж байгаа юм байна. Монгол Улс дизель түлшнийхээ 70 хувийг "Роснефть" компаниас авдаг, үлдсэнийг нь трейдерүүдээр авдаг. Уул уурхайн яам зохицуулалт хийсэн ч доголдол үүссэн юм билээ.

Оросын талд энэ асуудлыг комиссын хуралдааны үеэр хэлсэн, хэмжээг нь нэмэгдүүлнэ. Оросын талтай ойлголцсон. Тасалдал бол түр зуурын үзэгдэл.

-Нүүрсний хулгайн асуудлаар сайд Ч.Хүрэлбаатар та Б.Энхбаяр гишүүнтэй их маргах юм. Энэ юу болоод байна вэ?

-Нүүрсний тогтолцоог ил тод болгож өрсөлдөөн оруулах шаардлагатай. Ингэхгүй бол хууль бус үйлдэл гарсаар л байна. УИХ-ын гишүүн асан Л.Энхболд анх нүүрсний хулгайн асуудлыг тавьж, тухайн үед би Засгийн газар дээр ажлын хэсэг байгуулаад шалгаж байсан. Гаалийн мэдээ үзэхээр хоосон машин гараад байдаг, 300 сая нүүрс гарсан байсан, 2019 онд анх шалгаж байсан. Уг нь хаашаа ч хөдлөхгүй баримтуудыг нь гаргаж өгсөн юм.

Нүүрс бол ард түмний баялаг. Өндөр үнэ хүргэж зарах нь нийтийн эрх ашиг. Тийм учраас тэднийг өмгөөлж хамгаалдаг зүйл битгий гараасай. Хэвлэлийнхэн хамтарч дэмжиж ажиллаач ээ.

-Түр хороо ямар ажил хийж байна вэ. Нүүрсний хэрэгт танай намын гишүүдийн нэр холбогдох болсон. Та бүхэн дотооддоо нээлттэй тэмцэж чадах уу?

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хороо ажиллаж байгаа, ойрын үед дүнгээ нэгтгээд УИХ-д оруулна. Тэрний дараа албан ёсоор Хянан шалгах түр хороогоор мэдээлэл хийлгэнэ.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: – Батлагдаж, нотлогдсон зүйл дээр ярина уу гэхээс биш батлагдаагүй зүйлээр бусдын нэр төрийг гутааж болохгүй. Гэмтэй хүнийг зөв, гэмгүй хүнийг гэмтэй болгож болдог. Оффтек гэрээнүүд дээр Засгийн газрын  зүгээс чиглэл өгсөн зүйл бий. Цаана нь маш олон нүүрс зарагдаж байгаа тэр бүгдийг ил болгоё л гэж байгаа юм.

Валютын ханш яагаад огцом унаад байна вэ гэдгийг судлах гээд үзэхээр импорт мэдэгдэхгүй, дөрвөн гэрээний хоёр гэрээ нь нууцын зэрэглэлтэй байгаа. Судалгаа ч хийж болдоггүй.

Бүтээн байгуулалтын ажлыг нууц гэрээгээр хийнэ гэдгийг би ойлгохгүй байгаа. Ил болгочихвол ядаж судлаачид харна. Нүүрсээ биржээр зараад, гэрээ нь ил тод болчихвол хулгай байхгүй болно.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж