УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /2022.11.21/ хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцсэний нэг нь эрх баригч намын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан агаарын бохирдлыг бууруулах, хүн амыг ундны цэвэр усаар хангах, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг өргөтгөх зэрэг зорилт хэрэгжсэн эсэх , хоёр дахь нь Газрын тухай багц хуулийн төсөл багтжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ц.Туваан нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
МАН-ын Ногоон хөгжил хөтөлбөрөөс хэд хэдэн асуудал нь анхаарал татаж байгаа. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулна, иргэдээ баталгаатай ундны усаар хангана, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг өргөтгөнө, уул уурхайн хууль бусаар олгогдсон лицензийг цуцална гэх амлалтууд нь биелээгүй.
Агаарын бохирдол Улаанбаатар хот, 21 аймагт гамшгийн хэмжээнд хүрсэн байна. Эрдэмтдийн судалгаагаар 2018 онд нийслэлд угаарын хий 2.7 мг байсан бол 4.6 болж ихэссэн. Хүхрийн исэл 4 дахин өссөн. Утаанд байдаг хамгийн хүнд хортой тоосонцор PM 27 дахин нэмэгдсэн байна. Тухайлбал, Баянхошуунд PM 324 буюу маш аюултай хэмжээнд байгаа бол Завхан аймагт PM 384 мөн адилхан аюултай түвшинд байна.
Улаанбаатар хотод бүртгэгдэж байгаа арван нас баралт тутмын нэг нь агаарын бохирдолтой холбогддог болжээ. Энэ бол эрдэмтдийн судалгаа.
Нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлш хэрэглэж эхэлснээс хойш агаарын чанарын үнэлгээ муудсан. Гэтэл сайжруулсан түлшнээс өөр авах арга хэмжээ байхгүй байна.
Иргэдээ баталгаатай ундны усаар хангана гэсэн ч бодит ажил хийсэнгүй. Улаанбаатар хотын хүн амын 54.4 хувь нь зөөврийн ус хэрэглэж байна. Хүн амын суурьшлын бүс рүү найдвартай ундны усны эх үүсвэр оруулах ажил хийхгүй байна. Төлөвлөсөн ажил ч байдаггүй юм байна. 12 аймгийн 35 сумын ундны ус аюултай түвшинд байна. Энэ нь хүн амын дунд хавдар, элэгний өвчлөлийг нэмэгдүүлж байна.
Тусгай хамгааллалтай газар нутгийн хэмжээг 25 хувьд хүргэнэ гэсэн ч Богд хаан ууланд олгосон 1273 гэрээ нь сайд дарга нарт л үйлчилж байна. Сайд, дарга нар өөрсөддөө ашигтай газрыг авдаг байдал 30 жил үргэлжилж байна.
Уул уурхайн лицензийг нээлттэй болгоно гэсэн ч Ховд аймгийн Халзанбүргэдэйд хууль бус лиценз олгосон. Нээлттэй биш юмны цаана авлига, албан тушаалын гэмт хэрэг явдаг.
Халзанбүргэдэйд олгосон лиценз нь зохион байгуулалттай үйл ажиллагаа гэдэг нь харагдаж байгаа. Ховпд аймгийн Засаг дарга солигдсоны дараа энэ ажил орж ирсэн.
Туул голын тусгай хамгаалалтын бүсэд 59 лиценз олгоход тэр нь 39 аж ахуйн нэгж, иргэдтэй давхацсан байгаа.
Хууль хяналтын байгууллага ямар нэг арга хэмжээ авдаггүй. Тусгай хэрэгцээний газар болгоны ард авлига, албан тушаалын хэрэг үйлдэгддэг.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Газрын тухай хууль дээр олон нийтийн хэлэлцүүлэг хийх шаардлагатай гэж Ардчилсан намын бүлэг үзлээ. Том хууль орж ирж байхад эрх ашиг нь хөндөгдөж байгаа малчдын бэлчэээрийн асуудлыг шийдэлтэй оруулж ирээгүй. Одоогоос 50 гаруй жилийн өмнө 1.2 сая га талбайг тариалалтын талбай болгож ашиглаж байсан, одоо 900 мянган га болсон. Газар тариалан эрхлэх газрын асуудал ч шийдэлгүй байна.
Цөлжилт, газрын доройтол зөвхөн Монголын асуудал биш тивийн асуудал болсон. Энэ асуудлыг ч малчид тариаланчидтай нь хэрхэн зохицуулж, шийдэх вэ гэдэг асуудал оруулж ирээгүй.
Газрын тухай хуулийг цогц байдлаар шийдэхгүй бол газартай холбоотой шүүхийн маргаан их байна гэдэг үндэслэлээр Газрын тухай хуульдаа өөрчлөлт оруулах гэж байгаа бол явахгүй.
Ийм учраас Ардчилсан намын бүлэг газартай холбоотой эрх ашиг нь хөндөгдөж байгаа иргэн, аж ахуйн нэгж, малчин, тариаланч бүгдийг оролцуулсан хэлэлцүүлэг хийх нэгдсэн шийдэлд хүрлээ гэв.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ