Авлигын тэр хөрс чинь нам чинь л юм

Хуучирсан мэдээ: 2022.11.21-нд нийтлэгдсэн

Авлигын тэр хөрс чинь нам чинь л юм

Авлигын тэр хөрс чинь нам чинь л юм

 

Намын дарга Л. Оюун-Эрдэнэ нь Ерөнхий сайд болохдоо хэлсээн. “Авлигыг бий болгогч хогийн ургамлуудтай бус, түүнийг бүрдүүлэгч хөрс суурьтай нь тэмцэнэ ээ” гэж.


УИХ-ын даргын хүн. Ерөнхийлөгчийн хүн. Ерөнхий сайдын хүн гэж ярих. Ерөнхий сайдын нутгийн хүн.  Нам дээр ажилласан хүн. Намаас үүрэг болгосныг яг хийсэн хүн. Намын даргын найз. Генсекийн чиглүүлсэн хүн. Сонгуулийн штабт ажилласан хүн. Намын байрнаас салдаггүй хүн. Намаас ажил авахгүй бол болохгүй хүн.Нам ажил өгөх нь зайлшгүй хүн. Нам их ашигласан хүн. Намын санхүүжилтийг даасан хүн. Хоёр тэрбумыг өгсөн хүн. Гишүүний сонгуулийн зардлыг даасан хүн. Гишүүний сонгуулийн менежер хийсэн хүн.  Намын байрыг барьсан хүн. Намын байрыг бариулсан хүн. Намын байранд мөнгө гаргасан хүн. Намыг орон нутагт өргөсөн хүн. Намын өмнөөс золигдсон хүн.  Намаас шагнагдах ёстой хүн. Олон жил намд явсан хүн. Одоо намаас ажил өгөх ёстой хүн.  Ийм хүмүүс одноос олон. Энэ мэтээр үргэлжлүүлбэл өдий төдий дурдаж болно. Намын бус хүн, хүн бус мэт ойлгогддог. Монголын улс төрийн нам, түүний үйл ажиллагаа, төрийн ажил албанд хүнийг үнэлэх үйл явц, болзол, нэршил ийм байдлаар явж ирэв. Зарчмын эсрэг, түгээмэл ертөнцийн хууль ёсноос тэс гадуур ийм хэмжигдэхүүн, үнэлгээгээр монголчууд явж ирэв. Үр дүн нь ядуурал, авлигын гүн бат тогтолцоо. Намд зүтгэсэн хүн, намд “юм өгсөн” хүн ялд унах учиргүй. Мөнгөөр худалдаж авсан албан тушаалыг мөнгө гэж л харж очдог. Нам хамгаална. Нам өмөөрнө. Намын даргадаа санхүүжилт өгсөн учир нам намайг аврах учиртай гэж төсөөлнө. Намын дарга хэлнэ. Аваад ир. Араа даагаарай. Ингээд нэг хэсэг нь өмөөрүүлэх боломжгүйгээр түгжигдэнэ. Зарчмын шалгарал, ёс суртахуун, зөв манлайллын үрээр хэмжигдээгүй алив албан тушаалаас хэзээ ч сайн үлгэр нэхэх боломжгүй.  Монголын гэх онцлог, намын гэх ялгамжит байдал нь өнөөдрийн улс төрийн намуудын байж байгаа царай, гүн доройтол, ялзрал, мөхөж буй тод илэрхийлэл. Намыг толгойлогч хүмүүс сонгуулийн үеийн нийгмийн уур амьсгалдаа тааруулж өөрсдийн намын онцлогт тааруулсан сонгуулийн хууль батлах, ялтнаа хамгаалах, халамж дэвсэх, улс орноо үгүйрүүлэх байдлаар л ажилладаг. Энэ үйл ажиллагаандаа улсынхаа баялгийг юу ч үгүй үрдэг, увайгүй болгоны ямар ч аргаар олсон нь хамаагүй мөнгийг намын байрандаа цүнх цүнхээр нь зөөлгөн авчруулдаг. Хар пи арыг хайр найргүй хийдэг. Нэгнийхээ бузар булайг эгнэгт үл мартахаар давшин матарладаг. Сонгуулийн маргаашаас нэгнээ яллахгүй байхыг гувшиж, мөнхийн эрх ашиг бий гэлцэн лонхны ардаа сууцгаан, албан тушаалаа хуваарилж эхэлдэг. Ингээд л гурван тэрбумын сайд, төсөл явуулах сайд, намын дарга итгэл үүрүүлсэн сайд, хунтайжуудын төлөөлөл болцгоон төр барьж эхэлдэг. Нийгмийг аждаг. Мэдээж нийгэм үзэн ядаж эхэлдэг. Цэр нь цээжинд байхгүйн үлгэр нэвт шувт ойлгогддог учраас.  Ердийн байдаг л  үе шат явж эхэлдэг. Хэзээ биелэх нь эс мэдэгдэх үй түмэн амласан зүйлсээ биелүүлнэ гээд төрийн хулгайд морддог. Сонгуулиас сонгуулийн хооронд монголчууд ингэж л явж ирлээ. Төрөөс төрсөн тэрбумтнууд олширч, төсөл бичсэн, эдийн засгаа аврахыг хүссэн бүхэн ул доль болон таягдан хаягдсаар. Одоо намчин ба нам бус нийгмийн анги гарч ирлээ. Нам бус нь намчдынхаа бузар булайг шоолон шүүмжлэх ч өөрийг хийж эс чадна. Өнөөх намчид нь дээр тоочсон аргуудын аль нэгээр чадаад байгаа мэт явсаар. Гэхдээ Монголд хүчин төгөлдөр байгаа хуулиар намын тогтолцооноос өөрөөр төр засгийн бодлогыг барих боломжгүй учраас хэн нэгнийг нам дагасан гэж шүүмжлэхээсээ намд зөв хүмүүс нь багтдаг, намаар мөнгө олдог тэр байдалд хяналт тавихаас өөр арга бидэнд алга.

Намаар мөнгө хийдэг гэдгийн бүхний язгуур бол улс төрийн намын санхүүжилт, түүний данс тооцоо ил болоогүйн харгай юм. Намын байр руу зөөгдсөн цүнх цүнх мөнгө шударга хөдөлмөрийн үрээр олдоогүй нь, намын санхүүд орох ёстой сувгаар ороогүй нь, эрх зүйн хэм хэмжээнд нийцээгүй нь тов тодорхой болохоор намаас сайн үлгэр шаардах ямар ч боломжгүй ээ. Төр улс гэж байгаа бол намын тогтолцоогоор дамжин эмхлэгдэх нь гарцаагүй. Энэ учраар нам бол нийгмийн эх булаг. Энэ эх булгийг ариун байлгахгүйгээр нийгэм ариун байх боломжгүй. Нам бол өнөөдөр муу муухай бүхний гүн бат үүр уурхай. Ичгүүргүй бялдуучлал, тойрон хүрээлэгчид, нэгнээ увайгүй магтагсадын оромж. Шинэ үзэл хандлага, дэвшилтэт бүхнийг яривч яг үүнийхээ эсрэг ажилладаг бүлгийн эх ундарга. Бусар үг, үйлдлээр нь тодорхойлогдож, нийгмээр дүүрэн цовдлуулавч нүүрээ угаагаад буцаж ирэх биеийн үнэлэгчийн л адил байдаг. Намд хамгийн өндөр үнэ төлсөн хүн сайд болдог. Нам тэгэхээр ямархуу биеэ үнэлэгч болох нь маргаангүй. Намдаа зүтгэж, мөнгө өгсөн нь үнээн хэмээн авлигын алдартай даргаа өмгөөлж, хууль хүчний байгууллагад тодорхойлолт гаргаж өгч байсан нам өнөөдөр мөн л төр барьсаар байгаа нь ужиг байдал хэр байгааг хөдөлбөргүй нотолсоор. Нам өнөөдөр авлигын эх баригч мөн. Энэ эх баригч нэг хэсгийг нь оройгүй эрх мэдэлд шударга бусаар хүргэдэг. Тэд нь цадаж үл ханах эрх мэдэл, хэнээ, баялагийн шуналд хэнхэгшсэн. Ямар ч ёс суртахуун тэдэнд үгүй. Зөвхөн идэж, эрх мэдлээр лаахайдах донгоор Алтайн уулс давсан. Брэндийн гонжоом зангиагаар гангарсан бирдүүд л сууж байдаг. Өөрсдийн ариун нэр төр яривч, үлдэл үйлсээрээ хэрэг дээрээ ямар ч ариунгүй.  Ойрхны жишээ байна шүү дээ. ЖДҮ-ийн гэх алдарт хэрэг. УИХ-ын гишүүдийн үнэмлэхүй хэсэг нь бүгд эрх мэдлийн товчлуураа дарах замаар, эрх мэдлийг булаалдах энгээр ард түмэнд зориулагдсан санг хоосолсон байсан шүү дээ. Төрөөр өөрөөр нь өөрийг нь доромжлон дэвсэлсэн. Ерөнхий прокурор хэлж байсан. Энэ танхимд чинь шударга ёс алга аа, та нар чинь төгсөрсөн хулгайч нар байна шүү дээ гэж хэлээд, эрхэм гишүүд чинээд л сууж байсаныг ертөнц тольдсон. Үнэхээр Монголын ард түмнээ, намууд, түүгээр дамжсан хулгайчид үнэнхүү доромжлон дээрэлхсээр энэ хүрсэн. Ард түмэн нохой засуулсан хүндээ янагийн үлгэрээр нөгөө дээрэмчдээ сонгосоор. Дээрэмчин бус нь маш цөөхөн, ялагдалдаа эгнэгт эвлэрсэн. Дээрэмчид ч, одоо засраад, энхийн ариун болсон гэсээр сонгогдсоор. Гэхдээ нохой нэг өдөр ноцдогийг мартах учиргүй. Одоо болсоон, хангалттай болсон эрх баригчид аа, намууд аа, их эх удирдагчид аа. Улс төрийн намуудын санхүүжилтээ ил болго оо. Цүнх цүнхээр нам руугаа мөнгө зөөдгөө болио. Намын нэрээр завшуулан хомхойрдогоо болио. Монголын улс төрийн намууд одооноос Улс төрийн намын нягтлан бодох бүртгэлийн ил тод байдлыг бий болго оо. Олон улсын стандартыг мөрдлөг болго оо. Санхүүгийн аргачлал, дэлхийд тогтсон зам мөр дээр гараач ээ. Эдүгээ УИХ-д суудалтай намууд манлайлан хийгээч ээ. Наяад оны хэмээгдэн, залуу, ариунаараа манлайлах үзэл сурталчилгаа дүүрэн залуу дарга нараа намынхаа санхүүг ил тод болго оо. Ариунд суурилсан алтан хараацайнууд болохоо тунхаглаач ээ. Эрх баригч Монгол ардын нам үүнд оройлооч ээ. Улс төрийн намуудын тухай хуульдаа өөрчлөлт оруулж, юу чаддагаа харуулаач ээ.  Намын дарга Л. Оюун-Эрдэнэ нь Ерөнхий сайд болохдоо хэлсээн. “Авлигийг бий болгогч хогийн ургамалуудтай бус, түүнийг бүрдүүлэгч хөрс суурьтай нь тэмцэнэ ээ” гэж.  Хайх хэрэггүй тэр авлигын хөрс чинь нам чинь л юм.  Тэр хөрстэй тэмцэх чинь Улс төрийн намын санхүүжилтээ шилэн болгох үйлс юм. Үүнийг хийгээгүй цагт Улс орон ядуурсаар байна. Боловсролтой залуус, меритгүйгээр улсаасаа дайжсаар байх болно. Муу муухай бялдууч бялангач нар тойрон хүрээлсээр, гаарсаар байх болно. Мэдлэг ур чадвар үргэлж гундаж, бохирсоор байх болно. Шударга ёс, ариун байдал дөлсөөр байх болно.  Илжрэл ялзрал явагдсаар, энэ дотроо “жаргагсад” хуяглагдсаар л байх болно. Эргүү тэнэгүүд төрд эрхэлсээр л байх болно. Эцэст нь улс орон үгүй болно.  Хамгийн эхлээд үүний эсрэг л хүчээ нэгтгэх хэрэгтэй. Яг л Хэнтийнхэн албан тушаалын томилгоонд төгөлдөр одтой байгаа шиг биелүүлэх хэрэгтэй.

Б.ЗОЛБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж