“Дугуй цагаан”-ы тохижилт дуусаагүй ч иргэдийн хөлд дарагджээ

Хуучирсан мэдээ: 2022.11.21-нд нийтлэгдсэн

“Дугуй цагаан”-ы тохижилт дуусаагүй ч иргэдийн хөлд дарагджээ

“Дугуй цагаан”-ы тохижилт дуусаагүй ч иргэдийн хөлд дарагджээ

Хүйтний эрч чангарч, нийслэлд утаа, угаар эргэн иржээ.  Улаанбаатарынхан аль болох утаа, их хотын стрессээс зугтааж, цэвэр агаарт гарахыг хүсдэг. Тиймээс ч  өнгөрөгч амралтын өдрүүдэд Богд хан уулын Дугуй цагааныг зорьсон юм.  Дугуй цагаанд иргэдэд зориулсан амарч, суух модон сандал, хүүхдийн тоглоомын талбай байгуулжээ. Цаг агаар тогтуун сайхан,  иргэд хүүхдээ дагуулан алхаж, цэвэр агаар амьсгалахаар олноороо иржээ.

Хэдийгээр өнгөрсөн хавартай харьцуулахад шавар гэрүүдийн тоо цөөрсөн ч зогсоолын наахна талд шавар гэрүүд байсаар байна. Одоогоос яг сарын өмнө Нийслэл хотын удирдлагууд Дугуй цагаан орчмын тохижилттой танилцаж байв. Энэ үеэр тус газрын тохижилт 80 хувьтай үргэлжилж байгааг мэдээлж байлаа. Өнгөрөгч хавраас энэ асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа бөгөөд Нийслэл хотын дарга Д.Сумъяабазар дугуй цагааны тожилт хугацаандаа дуусгаж чадаагүй нь “Энигма” компанитай холбоотой, шавар гэрүүдийг нэр устай нь зарлаж байгаад нураана гэхчлэн ундууцаж байсан удаатай.

ДУГУЙ ЦАГААНЫ ТОХИЖИЛТ 90 ХУВЬТАЙ БАЙНА

Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын замын тохижилтын ажлын хүрээнд нийт 2.7 га талбайд 4047 ам метр явган зам, 7950 ам метр ногоон байгууламж, 24 хогийн сав, 48 гэрэлтүүлэг, 17 хүүхдийн тоглоом суурилуулах ажил хийж гүйцэтгэж байгаа юм. Тохижилтын тухайд одоогоор 90 хувьтай байгааг албаныхан мэдээллээ. Дугуй цагаан орчмын тохижилтыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас гүйцэтгэж байгаа аж. Энэ талаар  Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат мэдээлэхдээ “Тохижилтын ажил энэ оны аравдугаар сарын 15-нд бүрэн дуусах ёстой байсан. Гэсэн ч тус ажил хоёр сарын хоцрогдолтой явж байна. Эдийн засаг, инфляцийн өсөлттэй холбогдуулан урьдчилсан байдлаар 200 орчим сая төгрөгийн алдагдалд орж, энэ хэмжээгээр нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай боллоо. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, ажиллах хүчний асуудал зэрэг наад захын зардлууд өсөлттэй байна. Богино хугацаанд тохижилтын ажлыг дуусгаж, зохион байгуулалттай ажиллах үүргийг Хотын дарга өгсөн. Тус аж ахуйн нэгж машин, техник хэрэгсэл оруулахгүй байгаа. Энэ байдал үргэлжилбэл хот төсвийн алдагдалд орох, тохижилтын ажлын төсөв нэмэгдэх асуудал үүсээд байна.  Тохижилт одоогийн байдлаар 90 хувьтай байгаа. Ариун цэврийн өрөө, тусгай харуул хамгаалалт, кофе шопын байгууламжийн ажил 70 хувьтай үргэлжилж байна” гэжээ.

Эргэн сануулбал, өнгөрөгч хавар иргэдийн зүгээс тус газар дахь “Энигма” компанийн шавар гэрүүдийг буулгаж, иргэдийн амралт зугаалга, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэхийг уриалж байлаа. Харин “Энигма” компаниас хувийн өмчит халдлаа гэх зэргээр байр сууриа илэрхийлж байсан юм. Ийнхүү хотын даргын эсрэг, “Энигма” компани зогсч Байгаль орчны яамнаас тус компанийн газар эзэмших эрхийг цуцалж байсан удаатай.

КОФЕ ШОП, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН АЖЛУУД УНДУЙ СУНДУЙ БАЙНА

Албаныхан  энэ арваннэгдүгээр сардаа багтаан Дугуй цагааны тохижилтыг дуусгана гэж байгаа ч бодит байдал дээр хүүхдийн тоглоом, сандал төдийхөн ашиглалтад оржээ. Харин кофе шоп, ариун цэврийн байгууламж зэрэг ажлууд ундуй сундуй хэвээр байна. Энэ талаар иргэдийн байр суурийг сонсвол иргэн Б.Мөнхсүх “Өдийд дулаахан байгаа дээр нь хүүхдээ агаар амьсгалуулахаар ирлээ. Өмнөх шавар гэрүүдээс хавь илүү болжээ. Гэхдээ хогийн сав, сандал суудлынхаа тоог нэмээсэй гэж хүсч байна. Бүр өвлийн жавар орохоос өмнө тохижилт нь дуусвал иргэдэд хэрэгтэй” гэлээ. Иргэн М.Алтанцэцэг “Аль болох амралтын өдрүүдэд агаар салхинд гаргахыг боддог. Өнөөдөр дулаахан байгааг ашиглаад хоёр хүүхдээ салхилуулж явна. Дугуй цагаан өмнөхөө бодвол дээрдсэн. Үлдсэн шавар гэрүүдийг буулгаад оронд нь аятай тухтай суух орчин, тоглоомын талбай байгуулах хэрэгтэй. Хотод ойрхон, цэвэр агаартай тул наашаа ирдэг” гэв. Өдрийн 15:00 цаг болж нар хэвийж, удаан зогсвол хацар хайрахаар байсан хэдий ч чаргаа бариад гулгахаар ирсэн хүүхэд багачууд, хөтлөлцөн алхах залуу хос, хүүхдээ тэвэрсэн ээж аавуудын хөл, хөдөлгөөн тасрах янзгүй харагдана. Дугуй цагааны яг наахна талд шорлог, чарга зарж байлаа. Үнийн хувьд чарга 30-40 мянган төгрөг бөгөөд шорлог халуун уух зүйл авах гэсэн иргэдийн цуваа үүсчээ. Ийнхүү дугуй цагааны тохижилт хараахан дуусаагүй байгаа ч нийслэлийн зүгээс 800 сая төгрөг гаргаад байна. Гэхдээ хугацаандаа ашиглалтад орж чадаагүйн улмаас гүйцэтгэгч компани 200 сая төгрөгийн хохирол амсчээ. Иргэдийн зүгээс тус газрын тохижилтыг овоолсон шороо байхад нь шүүмжилж байсан ч өнөөдрийн хувьд сэтгэл ханамжтай байна. Гагцхүү цаг агаарын нөхцөл байдал, бусад шалтгааны улмаас энэ сардаа ашиглалтад орохгүй нь бололтой.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж