ОХУ Ирантай дрон үйлдвэрлэх гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2022.11.21-нд нийтлэгдсэн

ОХУ Ирантай дрон үйлдвэрлэх гэрээ байгуулав

ОХУ Ирантай дрон үйлдвэрлэх гэрээ байгуулав

Ираны дроныг Украины дайнд ашиглаж эхэлсэн ОХУ нь Тегерантай хамтарч олон зуун нисгэгчгүй онгоц үйлдвэрлэх гэрээг байгуулжээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд Украинд цэргийн тусгай ажиллагаа нэрийн дор бүрэн хэмжээний дайралт эхлүүлэхдээ Киевийг богино хугацаанд эзлэн авах төлөвлөгөөтэй байсан ч өдгөө дайн ес дэх сардаа үргэлжилж байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар ОХУ нь Украиныг бодвол зэвсэг техник муу байгаагийн дээр сөнөөгч онгоцнууд нь орон сууцны барилга дээр унах зэргээр осол эндэгдэл нэлээд гарах болсон. Улмаар ОХУ нь өнгөрсөн хугацаанд эзлэн авсан газар нутгуудаасаа ухарч эхэлснээр Украиныг дайнд ялж байгааг барууныхан онцолж байна.

Тэгвэл “Washington Post” мэдээлэхдээ, Орос, Ираны албаны хүмүүс энэ сарын эхээр тохиролцоонд хүрч,  дронуудын загвар, эд ангиудыг хэдэн сарын дотор үйлдвэрлэж эхлэхээр болсон гэв.

Иран улс нь  Орос, Украины зөрчилд албан ёсоор төвийг сахисан байр суурийг баримталж буй. Гэвч Украины цэргийн болон иргэний объектод цохилт өгөхийн тулд Иранд үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоцыг Орос улс ашигласныг тагнуулууд мэдээлсний дараа олон улсын шүүмжлэлд өртөөд байна. Сүүлийн хэдэн долоо хоногт ОХУ Украин руу довтлохдоо Иранд үйлдвэрлэсэн “Шахед-136” нисгэгчгүй онгоцыг ашигласан гэж Украин мэдээлсэн. Үүний дараа АНУ, Европын холбооноос Ираны эсрэг нэмэлт хориг тавихаар сүрдүүлсэн мэдэгдэл хийсэн.

Тегеран уг мэдээллийг эхэндээ няцаасан ч арваннэгдүгээр сарын эхээр Орост "хязгаарлагдмал" тооны нисгэгчгүй онгоц өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Ингэхдээ дайн эхлэхээс өмнө ийм нисгэгчгүй онгоцнуудыг ОХУ-д нийлүүлсэн бөгөөд тэдгээрийг хэрхэн ашиглаж байгааг мэдэхгүй гэдгийг онцолжээ.

Албаны хүмүүсийн мэдээлснээр Орос улс нь нисгэгчгүй онгоц угсрах өөрийн шугамтай болсноор уг хэлэлцээрээрийн үр дүнд зэвсгийн нөөцөө мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломжтой аж. Түүнчлэн дроны үйлдвэрлэлийг  Орост авчрах боломжтой гэв.

Иран нь дронуудыг дотооддоо үйлдвэрлээд Москва руу илгээхийн оронд Орост угсрахаар ярилцсан нь нэмэлт хориг арга хэмжээ авахаас зайлсхийх оролдлого гэж харагдаж байна.

НАТО-гийн олон гишүүн, тэр дундаа АНУ нь уг гэрээтэй холбоотой тагнуулын мэдээллийг нягталж үзжээ. Гэрээгээр дамжуулан Орос шаардлагатай хангамжийг авч, Иран Оростой харилцаагаа нэмэгдүүлснээр эдийн засаг, улс төрийн ашиг тусыг хүртэх болно гэж ажиглагчид дүгнэж байна.

АНУ-ын тагнуулын нууц мэдээлэлд дурдсанаар Иран улс Орост дрон нийлүүлээд зогсохгүй нисгэгчдийг нь дадлагажуулж байгаа аж. Тодруулбал, нисгэгчгүй онгоцны сургагч багш нар Украин дахь орос цэргүүдэд сургалт орж эхэлжээ. Ираны сургагч нар Крым дахь Оросын цэргийн баазаас ажиллаж буй бөгөөд тэнд нь олон тооны нисгэгчгүй онгоц бий. Оросын операторуудын алдаанаас  болж нисгэгчгүй онгоц байрлуулах ажиллагаа эхэн үедээ амжилтгүй болж байсан юм.

Москва өнгөрсөн наймдугаар сараас хойш Украин руу 400 гаруй нисгэгчгүй онгоц илгээж, ихэвчлэн иргэний дэд бүтцэд цохилт өгсөн гэж тагнуулын албаныхны иш татан мэдээлсэн байна.

Оросын цэргүүд өнгөрсөн хоёрдугаар сард бүрэн хэмжээний довтолгоо эхэлснээс хойш эзэлсэн цорын ганц бүс нутгийн нийслэл болох Херсон хотоос гарсны дараа Украинд өргөн хүрээтэй агаарын цохилт хийсэн.  Тодруулбал, Орос улс өнгөрсөн долоо хоногийн эхээр Украин даяар янз бүрийн байршил руу 85 пуужин харвасан бөгөөд гол нь тус улсын цахилгааны дэд бүтцийг онилсон.

Украины зүүн болон өмнөд хэсгийн зарим хэсгийг эзлэн авсныхаа дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Киевийг хурдан гартаа оруулна гэж найдаж байсан. Тиймээс ялалт байгуулахын төлөө бүхий л аргаар тэмцэж байна гэж ажиглагчид тайлбарлажээ.

Нөгөө талд Украин хоёр сарын өмнөөс эхлүүлсэн сөрөг довтолгооныхоо хүрээнд олон мянган хавтгай дөрвөлжин км газар нутгаа Оросоос эргүүлэн авчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж