Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сүүлийн үед “нүүрсний хулгай”-тай тэмцээд тун завгүй яваа. Нүүрсний хулгайн асуудал сая гарч ирсэн шинэ зүйл биш бөгөөд өнгөрсөн парламентын үед яригдаж байсан сэдэв. Сүүлийн үед нүүрсний хулгайтай холбоотой олон тоо хөврөх болсон. Хамгийн сүүлийн мэдээллээр 22 мянган машин нүүрс ямар нэг бүртгэлгүй хил давсан гэсэн мэдээлэл байгаа юм. Түүгээр зогсохгүй хуулийн байгууллага шалгалт хийж, баривчилгаа ч хийгээд эхэлсэн. Нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг хуулийн байгууллага шалгаж, тогтох ажиллагаа үргэлжилж байна. Хууль зүйн сайд Х.Нямбаатар жинхэнэ утгаараа нүүрсний хулгайтай тэмцэж байгаа эсэх цаг хугацаа харуулна. Ийн хэлэхийн учир өнгөрсөн парламентын үед ч их хэмжээний нүүрс хилээр бүртгэлгүй гарсан, нүүрсний бүлэг хулгайчид хэмээн ардын намынхан ярьж байсан. Тэр үед Х.Нямбаатар энэ танхимд сууж байсан, бүр хоёр чихээрээ сонсч байсан нь үнэн.
Нүүрсний хулгайгаас илүү Х.Нямбаатар сайд хийсэн “Жил бүр Монгол, Хятадын гаалиар гардаг нүүрсний мэдээ зөрчдөг” гэх үг анхаарал татахаар байлаа. Хуультай, дүрэм журамтай байгууллагын хувьд хилээр гарч, орж байгаа 1 ширхэг барааг ч тоолж, бүртгэх нь Гаалийн ерөнхий газрын үүрэг. Монгол Улс өдөрт, сард, жилээр хэдэн ширхэг бараа бүтээгдэхүүн, хэдэн тонн, кг нүүрс, зэс гаргаж байна гээд энэ бүхэн цаасан дээр бүртгэлтэй, баримттай байх ёстой. Гэтэл Монгол Улсын гаалийн дүн нь Хятадын гаалийн дүнтэй зөрж байна гэдэг өөрөө энэ байгууллага яаж ажиллаж байгааг тодорхойлчихож болмоор.
Гаалийн байгууллага нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, олон улсын хууль ёсны худалдааг хөнгөвчлөх, улсын төсвийн орлогыг бүрдүүлэх, байгууллагын чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.
Гээд Гаалийн ерөнхий газар нь иргэд нь нэг ширхэг бараа оруулж ирсэн ч маш хяналттай бүртгэж, бүр дээрээс нь татвар авдаг зохицуулалттай. Түүнийгээ ч сайн биелүүлдэг, гаалийнхан. Хилийн дээс гараад ирэхдээ нэг төрлийн бараа хоёроос илүү бол улсын хилээр нэвтрүүлэхдээ гаалийн байгууллагад мэдүүлээд, Гаалийн тухай хуулийн дагуу татвараа төлөөд, улсын хилээр нэвтэрдэг зохицуулалтыг нь иргэд ихээр шүүмжилсэн ирсэн. Гадаад яваад хоёроос дээш хүүхэдтэй, түүндээ ижил төрлийн бараа авахаар бол нэгийг нь үнэгүй, нөгөөг нь татвар төлж байж авна гэсэн үг. Иргэнд үйлчилдэг энэ мэт хуульдаа бол гаалийнхан хаан шиг аягладаг гэдгийг хилийн дээс алхсан хүн бүр мэднэ. Түмний нүдэн дээр хамаг ачаа барааг нь задлаад л, татвараа төлөхгүй бол өгөхгүй гээд харин ч нэг гэдийчихнэ.
Гэтэл улсынх нь хилээр ямар ч бүртгэлгүй, дансгүй тонн тонноор нь нүүрс гарч байхад гаалийн байгууллагынхны нөгөө хаан мэт араншин хаачив. Том хулгай дээр нүд, чихгүй болчихдог юм уу, гаалийнхан. Мэдээж энэ бүхний гаалийн байгууллага нь дангаараа хийхгүй. Гэхдээ нүүрсний хулгай гэх олон жил яригдаж байгаа энэ асуудал энэ удаад илрэх үү, бас л хэсэг хугацааны сүр дулуиантай улс төрийн дажин болоод өнгөрөх үү гэдгийг харах л үлдэж байна.
Нүүрсний хулгай бол хуулийнхны хэлдгээр жижиг жараахай биш. Маш том акул. Улсын төсөвт бүрдүүлэх мөнгөнөөс хумсалсан, тэдний хулгайлсан нүүрс Монголын ард түмний алдагдсан боломж. Нүүрс хулгайлсан этгээдүүд гааль, хилийн цэрэг, мэргэжлийн хяналт, авто тээвэр, тэр бүү хэл тагнуулын байгууллагыг бүхэлд нь “атгасан” байхыг үгүйсгэхгүй. Өнөөдрийг хүртэл нүдгүй, чихгүй явсан Гааль, хилийн цэрэг, мэргэжлийн хяналт, авто тээвэр, тагнуулын байгууллагынхныг ч мөн шалгах хэрэгтэй.
Ялангуяа Монгол Улсын нэрийн өмнөөс улсын хил дээр хяналт тавьж буй Гаалийн ерөнхий газрынхан сугараад үлдэх нь үү гэдгийг ажиглацгаая. Тус байгууллагыг Ерөнхий сайд асан Сү.Батболдын “хүн” гэгддэг Б.Асралт удирдаад 6 дахь жилтэйгээ золгож байна.
Холбоотой мэдээ