Казахстаны ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль өнөөдөр /2022.11.20/ болж байна. Сонгуульд олны танил таван нэр дэвшигч өрсөлдөж байна. Одоогийн ерөнхийлөгч Токаев олон жилийн турш засгийн эрхийг барьж байсан Нурсултан Назарбаевыг огцруулснаас хойш жил хүрэхгүй хугацаанд эрх мэдлээ бэхжүүлж, ялах нь тодорхой болоод буйг "Reuters" агентлаг мэдээлэв. Бусад нэр дэвшигчийн хэн нь ч хоёр оронтой тоогоор оноо авахгүй гэж ажиглагчид таамаглаж байна. Санал хураалтын урьдчилсан дүн Даваа гаригт гарна.
Алматы хотын оршин суугч Тимерлан Садыков хэлэхдээ “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй хүмүүсийн дундаас би Токаевыг л мэднэ. Түүний олон улсын тавцанд биеэ авч явах байдал нь маш их сонирхол татсан" гэжээ.
Нурсултан Назарбаев нь ЗХУ-ын үеэс хойш тус улсын цорын ганц удирдагч байсан. Албан тушаалаа өгснийхөө дараа ч чухал албан тушаал хашиж байсан Назарбаев 238 хүний амь үрэгдсэн бослогын үеэр албан тушаалаа өгсөн. Үүний дараа Токаев ерөнхийлөгч асан Назарбаевын холбоотнуудыг албан тушаалаа өгөхийг албадаж, Нур-Султан нийслэлийн нэрийг дахин Астана болгон өөрчилсөн юм.
Токаев эмх замбараагүй байдлыг намжаахын тулд Оросоос тусламж хүссэн. Гэвч өдгөө дайнд дэмжлэг үзүүлэхээс зайлсхийж, Москвагаас зайгаа барьжээ. Орос бол Казахстаны худалдааны хамгийн том түнш юм. Дайны улмаас Орос эдийн засгийн уналтад орсон нь Казахстаны эдийн засгийн өсөлтөд ч сөргөөр нөлөөлсөн. Хөрөнгийн хяналтаас үүдэн рублийн ханш өссөн нь Казахстаны инфляцийг сүүлийн 14 жилийн дээд түвшинд хүргэжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ