“News” агентлаг өнгөрч буй долоо хоногт улс төр, нийгмийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Улстөрчид “Нүүрсний хулгай бол маш том хулгай. Хэдэн их наядаар яригдах нүүрс хилээр гарсан байна” гэж уулга алдсан нь хэтрүүлэг биш байжээ. Гэвч 3 сая гаруй иргэн хувьцааг нь эзэмшдэг “Эрдэнэс тавантолгой” компанид хулгай нүүрлээд хэдэн жил болсныг хэзээ хойно мэдсэн нь үнэхээр харамсалтай. Хулгайн хэргийн мөрөөр хууль хяналтынхан ажиллаж буй бөгөөд Авлигатай тэмцэх газар /АТГ/ -ын мөрдөгчид энэ сарын 16-нд 33 обьектод нэгжлэг хийж, дөрвөн этгээдийг баривчилснаа зарлав.
АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн энэ тухай "Тавантолгой төмөр зам” ХКК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр шалгаж байна. "Богдхан" төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой 33 объектод нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал өнөөдрийн байдлаар гадаад улсад байна. Аливаа мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явах ёстой. Бид хэн нэгнийг хүлээх ёсгүй. Өчигдрийн байдлаар дөрвөн этгээдийг баривчилсан. Прокурорын зөвшөөрөлтэй байж мэдээлэл өгдөг. Мөрдөн шалгах ажиллагаа, үзлэг шалгалт явуулж, тодорхой нотлох баримтуудыг хураан авсан” гэж мэдээлсэн юм.
Нүүрсний хэрэгт шударга таваас ч шалгагдахаар боллоо
Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Баасанхүү арваннэгдүгээр сарын 17-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ "Нүүрсний хэргээр шударга таваас ч шалгагдах боллоо" гэсэн ноцтой мэдэгдэл хийв.
Тэрбээр энэ тухай “Маш нөлөө бүхий хүмүүс гэж хэлж болох УИХ-ын гишүүн, Ардын намын шударга тав гэж нэрлэдэг хүмүүс ч нүүрсний хэргээр шалгагдахаар болж байна. Нүүрсний хулгайтай цуг ноцтой юм явж байгаа. Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал яригдаж байгаа. Тийм учраас Үндэсний аюулгүй байдлын тэргүүн У.Хүрэлсүх маш анхааралтай ажиглаж байгаа гэж харж байгаа, хуулийн байгууллагыг хуулийн нь дагуу ажиллуулж байгаа гэж бид ойлгож байгаа. Хуулийн байгууллага дээр нүүрсний хэргийг шалгаад эхлэхээр энэнд саад болох гэсэн хүмүүс муу хэлдгээрээ Ардчилсан нам, С.Баярцогт гэж ярьж байгаад цаагуураа жинхэнэ хулгайгаа нуух гээд байна. Энэн дээр ард түмэн хяналтаа хатуу тавих ёстой” гэж мэдэгдсэн юм.
Сүүлийн арван жилд 20 их наядтай тэнцэх нүүрс хулгайд алдагджээ
Нүүрсний хулгайтай холбоотой хоёр дахь ноцтой мэдээллийг мөн энэ өдөр/2022.11.17/ хийсэн хүн нь УИХ-ын гишүүн Т.Доржханд юм.
Тэрбээр “2013 онд нүүрсний хулгай гарахад 430 мянган тонн нүүрс хулгайлагджээ. Үүнийг хоёр улсын гаалийн байгууллага тогтоочхоод байхад прокурор дээр хэрэгсэхгүй болсон гашуун жишээ бий. Хулгай улам гаарч, сүүлийн 10 жилд 6.5 сая тонн нүүрсний хулгай гарсан. Өөрөөр хэлбэл, 6.5 сая тонн нүүрс гэдэг бол одоогийн ханшаар 6.5 тэрбум доллар бөгөөд 20 их наяд төгрөг шүү дээ. Гэтэл Хөгжлийн банкны хулгай хоёр их наяд. Хөгжлийн банкны хулгайгаас арав дахин их гэсэн үг. Үүнийг нийгэмд ойлгуулж, мартагдуулахгүй байх хэрэгтэй юм. Тиймээс Ерөнхий сайдад асуулга хүргүүлж байна. Асуудлыг УИХ-ын танхимд нээлттэйгээр арваннэгдүгээр сард багтаан танилцуулахыг шаардсан.
Мөн УИХ-ын Хяналтын сонсголыг санаачилж зохион байгуулна. Үүнд, есөн гишүүн нэгдсэнээр зохион байгуулах боломжтой болно. Тиймээс гишүүдийн гарын үсгийг авч эхэлнэ. Аль нам байх нь хамаагүй, бид хянах ёстой.
Төмөр замын хулгай “Эрдэнэс Тавантолгой”-н эх үүсвэрээр санхүүжилтийг нь авч байна. Гэхдээ нүүрсээр хямдхан авч байна. Зах зээлийн үнээс 10-20 хувь хямдхан авч түүгээрээ төмөр зам тавьж байна. Хоёр төмөр зам тавьсан. Нэг нь зүүн тийшээгээ, нөгөө нь урагшаагаа. Гэтэл урагшаа тавьсан төмөр замын санхүүжилт нь зүүн тийшээгээ тавьсан замынхаа санхүүжилтээс 3-4 дахин өндөр байна гэх мэдээлэл ирлээ. Цаашлаад Богд уулын урдуур тавигдах төмөр замыг 8 сая ам.доллараар тавина гэж байна. Энэ бүх мэдээлэл нь нууц байдаг. Ийм аргаар хулгай их хийгдсэн байна. Тооцож үзвэл 30-40 их наядын хулгай хийгджээ. Үүнийг бид одоо зогсоох хэрэгтэй. Уг асуудлыг УИХ дээр нээлттэй, ил тод хэлэлцүүлье. Асуудлыг шийдэхгүй байгаа хуулийн байгууллагуудад шахалт үзүүлье. Нууцлаад байгаа гэрээнүүдийг ил болгоё” гэв.
2023 оны төсвийн хуульд хориг тавихыг Ерөнхийлөгчөөс хүсэв
УИХ-аас баталсан 2023 оны төсөв нь орлогыг хэт өөдрөгөөр төсөөлсөн, зарлагыг тэлсэн шаардлага хангахгүй хууль болсон тул Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд бүхэлд нь хориг тавих ёстой гэж Ардчилсан намынхан арваннэгдүгээр сарын 15-нд буюу Даваа гаригт мэдэгдэв. Тус намынхан Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлээд байгаа юм.
Төсөвт хориг тавих шаардлага үүссэн үндэслэлийг УИХ-ын гишүүн Д.Ганбат "Ардчилсан намын зүгээс Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд удаа дараа шаардлага тавьж байсан. 202З оны төсвийг зургаан жилийн өмнөх төсөвтэй харьцуулбал гурав дахин нэмэгдсэн. Гэвч Монголын ард түмний амьдрал гурав дахин сайжирсан уу гэвэл үгүй, хоёр дахин уналаа. Хуучин гурван хүний нэг нь ядуу байсан бол одоо хоёр хүний нэг нь ядуу болсон. 19 их наяд 50 тэрбумын орлоготой, 20 их наяд 475 тэрбумын зарлагатай төсөв баталлаа. Төсвийн алдагдал нь 1.4 их наяд төгрөг болж байгаа. 2023 он ард иргэдийн хувьд маш хүнд жил байх болно" гэсэн юм.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Монгол Улсын 2023 оны төсвийн хууль үнэхээр шаардлага хангахгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд буюу 2023 оны төсөвт хориг тавих саналыг бидний зүгээс тавьж байна. Энэхүү төсвийг дахин хэлэлцэж, ард иргэдийн амьдралд нийцүүлэх шаардлагатай”.
Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга А.Цэрэнбат “2023 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьж өгнө үү хэмээн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэдэгдэл хүргүүлж байна. УИХ 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр 2023 оны төсвийн хуулийг хэлэлцэж, яаран баталлаа. Монгол Улсын түүхэнд байгаагүй буюу хэт тэлсэн 20 их наядын төсөв батлагдсаныг Ардчилсан намын зүгээс эрс эсэргүүцэж байна.
Төсвийн зарлагыг өндөр байлгахын тулд орлогыг хэт өөдрөгөөр төсөөлсөн нь төсвийн тухай хуулийн 27.1.2-т заасан заалтыг зөрчсөн. Эдийн засгийн хямралтай цаг үед МАН-ын зүгээс хэрэгжүүлж буй тооцоо, судалгаагүй бодлого нь ядуу иргэдийн тоог нэмэгдүүлж, аж ахуй нэгжүүдийн хаалгаа барих нөхцөлийг бүрдүүлж байна” гэж мэдэгдсэн юм.
2023 оны төсөвт Ерөнхийлөгч хориг тавих эсэх нь шинэ долоо хоногт эцэслэгдэнэ.
Нийслэлчүүд замд хоног төөрүүлэв
Улаанбаатар хотод өнгөрсөн баасан гаригт цас орсноор нийслэлчүүд зам дээрээ хоног төөрүүлэв. Нисэх, Яармаг чиглэлийнхэн зургаагаас долоон цагийг замд өнгөрөөж 23.00 цагт гэрийн бараа харсан бол гэр хорооллынхон шөнийн бор хоногтоо багтаж гэртээ орцгоов.
Мөн хотын төвтэй ойр байрлах аравдугаар хороолол, 25 дугаар эмийн сан, гурав, дөрөвдүгээр хороолол, офицерын иргэд пингвин алхалт хийсээр гэртээ хүрцгээв. Хамгийн эмгэнэлтэй нь, энэхүү түгжрэлд дарга урсгал сөрөн татуулж байхад эрдэнэт хүний амийг аврахаар минут секундтэй уралдаж байгаа Түргэн тусламжийн машин дуут дохиогоо хангинуулаад ч давж чадахгүй гацсан юм.
Түгжрэлийг бууруулахын тулд нийслэл энэ онд 420 гаруй тэрбум төгрөг зарцуулсан ч ганц цасанд бүгдээрээ машинтайгаа "сууцгаасан" нь энэ.
Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газар өнгөрсөн аравдугаар сард нийслэлийн асуудлыг хариуцсан сайдын албан тушаал шинээр бий болгож, Ж.Сүхбаатарыг томилсон. Гэвч шинэ сайд туршлага л судлаад суугаад байгаагаас биш дорвитой арга хэмжээ авсангүй.
Уг нь бэлээхэн хэрэгжүүлж ирсэн туршлага бий. Жишээ татвал, хотын даргаар Э.Бат-Үүл ажиллаж байхдаа нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус, Түргэн тусламжийн тэрэг, Галын машин зорчихоор болгож, журамлаж байв. Дээрх журам хэрэгжсэнээр тухайн үед нийслэлчүүдийн нэлээд хэсэг нь автобусанд сууж, автомашинаа тавьсан. Энэ журмыг хэрэгжүүлсэн шиг хэрэгжүүлж чадвал түгжрэлийг сааруулах боломж байгаа. Учир нь, нэг автобусанд 60-70 зорчигч зорчиж яваа бол суудлын жижиг тэрэг гол төлөв нэг л хүнтэй. Нэг хүний эрх ашгаас илүү нийтийн эрх ашиг нэгдүгээрт эрэмбэлэгдэх ёстой ч энэхүү журам хэрэгжихгүй байна. Торгууль нь багаддаг уу, эсвэл толгойг нь илээд өнгөрдөг үү, нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчих боломжгүйгээс хувийн автомашинуудтай зэрэгцэн тэг зогсолт хийв.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ