Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун анх удаа охинтойгоо хамт олны өмнө гарч ирэв. Ким Чу-Аэ нэртэй охин Баасан гаригт аавтайгаа хамт тив алгасах баллистик пуужингийн туршилтын талбайд очжээ. Хойд Солонгосын удирдагчийн хувийн амьдралын талаар мэдээлэл тун хомс байдаг. Төрийн мэдээллийн “KCNA” агентлаг аав охин хоёрын хөтлөлцөн алхаж, пуужин хөөргөх ажиллагааг тавцангаас ажиглан, албаны хүмүүстэй ярилцаж буй зургуудыг нийтэлсэн. Ийнхүү охины мэдээлэл ил болсон нь Хойд Солонгос улс АНУ-ын эрэгт хүрэх чадвартай пуужин харвасан гэдгээс илүү олны анхаарлыг татлаа.
Яагаад гэвэл охин гарч ирснээр Хойд Солонгосын дэглэм болон цөмийн хөтөлбөрийн ирээдүйн талаарх элдэв таамаг ч гарч иржээ. Нэгдүгээрт, Ким Жон Ун охиноо залгамжлагчаар сонгосон бол хэзээ нэгэн цагт тэр Хойд Солонгосыг удирдах боломжтой. Хоёрдугаарт, яагаад заавал энэ цаг үед охиноо олны өмнө гаргав? Ким Жон Ун өдгөө 38 настай, залуу хэвээр байна. Гэтэл тэр охиноо бэлтгэж байгаа бол удирдагчийн эрүүл мэнд асуудалтай болсон гэсэн үг үү? Гуравдугаарт, охиныг ийм чухал үйл ажиллагааны үеэр танилцуулсан нь Пёньяны цөмийн хөтөлбөрийн талаар юу хэлж байна вэ? Хэзээ нэгэн цагт охин тус улсын зэвсгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг байж магадгүй аж. Энэ мэтчилэн олон таамагийг шинжээчид дэвшүүлэв.
Ким Жон Ун хэзээ ч цөмийн зэвсгээсээ татгалзахгүй гэдгээ саяхан мэдэгдсэн. Тэгэхээр Ким цөмийн зэвсгийг хойч үедээ үлдээж буйгаа дэлхий нийтэд харуулахыг хүссэн байж мэдэх юм.
АНУ дахь Хойд Солонгос судлаач мэргэжилтэн Майкл Мадден хэлэхдээ Чу-Аэ охиныг 12-13 настай байж магадгүй гэв. Чу-Аэ охин есдүгээр сард Хойд Солонгосын үндэсний баярын үеэр мөн дүрс бичлэгт үлдсэн байсныг шинжээчид хэлжээ. Гэвч энэ нь таамаг төдий зүйл юм. Шинжээчдийн үзэж буйгаар Ким Жон Ун хоёр охин, нэг хүүтэй байж магадгүй бөгөөд ууган хүүхэд нь Чу-Аэ юм. Ким гэр бүлийнхээ талаар маш их нууцалдаг. Тэр бүү хэл эхнэр Ри Сол Жу нь хүртэл удаан хугацаанд нууцлагдмал байжээ.
АНУ-ын зодог тайлсан сагсан бөмбөгчин Деннис Родман 2013 онд Хойд Солонгост тоглолтоор очсоны дараа анх Чу-Аэ охины тухай яриа гарч байсан. Родман тухайн үед Кимийн гэр бүлийнхэнтэй цагийг өнгөрөөж, далайн эрэгт амарч байжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ