Тамхи тойрсон маргаан манай улсад тасрахгүй үргэлжилж байна. Эрүүл мэндийн салбарынхан ямарч тамхины төрөл хортой, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж тайлбарлана. Харин тамхи үйлдвэрлэгчид, борлуулагчдын сүлжээнийхэн шинэ дэвшилтэт технологи ашиглан бүтээсэн утаагүй, халаадаг, никотин дамжуулах систем зэрэг нь уламжлалт тамхинаас хамаагүй хор хөнөөл бага гэж сурталчилж байна. Зарим нэг нь хэвлэлийн хурал зарлаж, нэр цохон эмч нарыг бүтээгдэхүүний нэр төрд халдсан хэмээн зарга үүсгэхээ ч мэдэгдэв.
Ингэж асуудал анхаарлын төвд орж байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Тамхины хяналтын тухай хууль гарч, ресторан, кафе, албан газар гээд дотоод орчинд тамхи татахыг хориглож, тамхи татах тусгай цэгтэй байхаар хуульчилсан учир утаагүй электрон, халаадаг тамхийг хүссэн газартаа дур зоргоороо хэрэглэх нь хүмүүст хялбар санагдах болсон. Мөн хор хөнөөл нь харьцангуй бага гэж ойлгож шинэ төрлийн бүтээгдэхүүний хэрэглэгч буй болж буй. Тоон мэдээллээс харахад электрон тамхины импорт 2021 онд л гэхэд 68 хувиар огцом өсчихсөн байна.
Ийм цаг үед Монгол Улс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөмж, уриалга, судалгааг зайлшгүй авч үзэх шаардлагатай юм.
Үүнд, Тамхины хяналтын уламжлалт арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэхийн зэрэгцээ тамхины хяналтыг холбогдох бүх бодлогод тусгах, төрийн бүх салбар, бүх нийтийн үйл хэрэг болгох, инновацийг ашиглах замаар залуучуудыг шинээр гарч буй тамхин бүтээгдэхүүнээс хамгаалах хэрэгцээ шаардлагыг онцолсон байна.
ДЭМБ-ын мэдээлснээр, халаадаг тамхин бүтээгдэхүүнийг тамхин бүтээгдэхүүн гэж ангилдаг байна. Халаадаг тамхин бүтээгдэхүүнд аюултай бодисын агууламж бага байгаа нь эрүүл мэндэд хоргүй, эрсдэлгүй гэсэн үг биш гэдгийг ДЭМБ-аас дахин сануулж байна. Үнэндээ халаадаг тамхи хэрэглэх үед зарим хорт бодис нь уламжлалт тамхины утаанаас илүү өндөр агууламжтай байгаа аж. Мөн түүнчлэн уламжлалт тамхины утаанд байхгүй өөр хэд хэдэн хорт бодис илрэх болжээ. Энэ нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг одоогоор бүрэн судалж илрүүлээгүй байна гэжээ.
Мөн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас тус улсын хоол хүнс, эм, гоо сайхны тухай хуульд заасан журмын дагуу халаадаг тамхин бүтээгдэхүүн болох IQOS тамхины халаалтын системийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах зөвшөөрөл олгосон билээ. Энэ хуулиар АНУ-ын зах зээл дээр шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн борлуулахад урьдчилан зөвшөөрөл авах шаардлагатай болсон юм.
АНУ-ын Хүнс, эмийн захиргаа (FDA) мэдэгдэлдээ "Энэ шийдвэр нь эдгээр бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулж хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш юм. Шууд буюу шууд бус байдлаар тухайн бүтээгдэхүүнийг FDA баталгаажуулсан, дэмжсэн эсвэл FDA тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэхэд аюулгүй гэж үзсэн хэмээн худал мэдэгдэл цацаж олон нийтийг төөрөгдөхүүлэхийг зөвшөөрөхгүй" гэжээ.
Тамхи үйлдвэрлэгчид залуучуудад эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэх нь эрүүл мэндэд аюултай гэдгийг мэдээлэх, донтуулахаас сэргийлэх, эрүүл мэндэд хор хөнөөл учруулах тул урьдчилан сэргийлэх чиглэлд ямар арга хэмжээ авснаа АНУ-ын Хүнс, эмийн захиргаанд мэдэгдэх үүрэгтэй юм байна.
Мөн эдгээр халаадаг тамхин бүтээгдэхүүнийг зөвхөн АНУ-д борлуулах түр зөвшөөрлийг үйлдвэрлэгчид олгодог. АНУ нь ДЭМБ-ын тамхины хяналтын суурь конвенцид нэгдээгүй, гишүүн бус улс юм.
Тамхины бүх төрлийн бүтээгдэхүүн эрүүл мэндэд эрсдэл учруулдаг учраас ДЭМБ-аас улс орнуудыг тамхины хяналтын суурь конвенцийн заалтуудыг чанд сахих, тамхины хэрэглээг багасгах, ялангуяа залуучуудын тамхины хэрэглээг бууруулахыг уриалж байна. Тамхины бүх төрлийн бүтээгдэхүүнээс татгалзахыг ДЭМБ-аас зөвлөж байна.
Сүүлийн жилүүдэд тамхи үйлдвэрлэгчид утаагүй ирээдүй гэгдэх шинэ бүтээгдэхүүн болох халаасан тамхийг дэвшилтэт бүтээгдэхүүн гэх мэтээр маркетинг, хөгжүүлэлтээр өөрийгөө шинэчлэн таниулах оролдлого хийж байгаа. Тодотгож хэлбэл, тамхи үйлдвэрлэгчид өөрсдийн үйлдвэрлэлийн хор хөнөөлийг бууруулах гэж байгаа мэт тэмцэгчдийн дүрд тоглож, тамхины хяналтын болон нийгмийн эрүүл мэндийн идэвхитнүүдийн дунд эргэлзээ төрүүлэхийг оролдож байгаа нь эрүүл мэндэд учирч буй шинэ аюулын эсрэг төрөөс болон бусад хамтрагч талуудын зүгээс үр дүнтэй арга хэмжээг шуурхай авахад хүндрэл учруулж байна гэдгийг ч ДЭМБ онцлов.
Монголууд халаадаг тамхи гэхээр янжуур болон утаат тамхинаас хамаагүй бага хор хөнөөлтэй гэж хошуурдагаа болих хэрэгтэй байна. Янжуур тамхитай тэнцэхүйц эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байх нь. Манай улс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) Номхон далайн баруун бүс нутаг болох 37 улсын нэг, гишүүн орны хувьд ч тэр, тамхины хяналтын суурь конвенцийг хэрэгжүүлж байгаа учир тамхины талаарх бодлого стратегиа чамбайруулах цаг иржээ.
Х.Түмэнцэцэг
Холбоотой мэдээ