“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хилээр гаргаж байгаа нүүрсний хэмжээ өнгөрсөн 20 гаруй хоногт эрс өссөнөөр 44.2 сая ам.доллар оруулж иржээ.
Энэ тухай “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Ажил хүлээн авснаас хойш 20 гаруй хонож байна. Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу компани 500 сая ам.долларыг төсөвт төвлөрүүлэх ёстой. Намайг ажил хүлээн авах үед 200 машин нүүрс хилээр гардаг байсан бол одоо өдөрт дунджаар 600 гаруй машин, оргил үедээ 900 гаруй машин нүүрс экспортод гарч байна. 22 хоногийн хугацаанд 1.6 сая тонн нүүрсийг уурхайгаас Цагаан хад руу, 1 сая тонн нүүрсийг Цагаан хаднаас хилээр гаргаж, 44.2 сая ам.доллар оруулж ирээд байна” гэв.
Мөн уурхайн ажилчдын аюулгүй байдлыг хангаж ажиллахын тулд шаардлага хангахгүй байгаа хүнд даацын автомашины дугуйг ашиглахыг хоригложээ. “Эрдэнэс тавантолгой” компани нь хүнд даацын автомашины дугуйны тендер зарлаж, нэг компани шалгарсан ч ашиглалтын шаардлага хангахгүй дугуй нийлүүлэгдсэн байсан тул гэрээг нь цуцлахаас аргагүйд хүрсэн аж. Нөгөөтэйгүүр, даацын шаардлага хангахгүй дугуйг яагаад гарын үсэг зуран хүлээж авч, компанийг хохироов гэдэг асуудал үүсч энэ асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад ханджээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ