"12 жил өнгөрөхөд Манчестер Юнайтедын юу ч өөрчлөгдөөгүй байсан"

Хуучирсан мэдээ: 2022.11.18-нд нийтлэгдсэн

"12 жил өнгөрөхөд Манчестер Юнайтедын юу ч өөрчлөгдөөгүй байсан"

"12 жил өнгөрөхөд Манчестер Юнайтедын юу ч өөрчлөгдөөгүй байсан"

Кристиано Роналдогийн Их Британийн сэтгүүлч Пьерс Моргантай хийсэн ярилцлагын эхний цацагдсан хэсгийг та бүхэндээ хүргье. Өнгөрсөн Лхагва гаригт цацагдаж, шуугиан тариад энэхүү сонирхолтой ярилцлагынхаа төлөө Роналдо 1 сая фунтээр торгуулсан билээ.


-Кристиано, юуны өмнө яагаад надтай ярилцлага хийхээр болсон юм бэ? Эндээс яриагаа эхлье.

-Учир нь одоо л юм хэлэх цаг нь гэж бодож байна. Бас та надад таалагддаг. Ийм л энгийн.

-Чи ч бас надад таалагддаг. Үүнийг сонсох нь таатай байна. Чи энэ жил олон шүүмжлэлд өртлөө. Магадгүй замналынхаа туршид ийм их шүүмжлэлд өртөж байгаагүй байх. Одоо хоёулаа хэдэн зүйлийг тодорхой болгоё. Манчестер Юнайтедын фэнүүдэд юу тохиолдов? Чи ч бас юу болоод байгаад гайхаж байгаа байх.

-Өмнө нь олон удаа хэлж байсанчлан би Манчестер Юнайтедын фэнүүдийн талаар үргэлж сайн зүйл ярих болно. Хөлбөмбөгт хамгийн чухал зүйл нь би тэдний төлөө тоглодог. Тэд миний үргэлж миний талд байдаг. Би гудамжинд гараад алхах бүртээ үүнийг мэдэрдэг. Фэнүүд над дээр ирээд миний юу хийсэнд талархаж, талархлаа илэрхийлдэг. Миний хувьд хөлбөмбөгт хамгийн чухал зүйл бол фэнүүд.

-Өнгөрсөн зун руу эргээд очъё. Нэг шуум гарсан нь чамайг Манчестер Сити руу явна гэсэн. Энэ хэр бодит байсан юм бэ?

-Үнэндээ ойрхон байсан. Тэд олон зүйл ярьсан. Гвардиола ч хоёр долоо хоногийн өмнө нь намайг багтаа элсүүлэхээр шаргуу хөөцөлдөж байгаа гэж хэлсэн. Гэхдээ таны мэдэж байгаачлан миний Манчестер Юнайтед дахь түүх, зүрх сэтгэл, мэдрэмж, хийсэн зүйл ялгаа нь байсан. Мэдээж Сир Алекс Фергусон. Би өөрөө ч гайхсан. Би тэр үед зүрх сэтгэлээ сонссон.

-Чи бол Манчестер Юнайтедын домог. Чиний энэ багт бүтээсэн түүх, Сир Алекс Фергусон, фэнүүдтэй тогтоосон харилцаа зүрх сэтгэлийг чинь үүнд чиглүүлсэн гэж үү?

Энэ гол түлхүүр нь байсан гэж бодож байна. Энэ л тэр мөчид ялгаа нь байсан. Манчестер Сититэй нэгдэхэд ойрхон байсан гэж хэлж чадахгүй бол би үнэнч биш болно. Би ухамсартай шийдвэр гаргасан гэж бодож байна. Үүндээ зарим талаараа харамсахгүй байна. Өмнө нь хэлсэнчлэн Сир Алекс Фергусон шалтгаан нь байсан.

-Чи шийдвэр гаргахаасаа өмнө түүнтэй ярьсан уу?

Тиймээ, тэгсэн. Би тэдэнтэй ярьсан.

-Тэр чамд юу гэж хэлсэн бэ?

-Тэр надад Манчестер Ситид чи очно гэдэг боломжгүй гэсэн. Би ч “За ойлголоо, босс” гэсэн. Тэгээд л шийдвэрээ гаргаж, өөртөө итгэлтэй байсан. Зөв ч шийдвэр гаргасан.

-Чи Олд Траффордод эргэж ирээд Ньюкаслыг 4-1 гэсэн харьцаатай хожиход хоёр гоол оруулсан. Сир Алекс Фергусон тэнд байсан. Түүнд энэ бүхэн таалагдсан байх. Ээж чинь хүртэл тэнд байсан. Олд Траффордод эргэн ирсэн мөч ямар мэдрэмж төрүүлсэн бэ?

-Тэр мэдрэмж гайхалтай байсан. Зөвхөн тоглолтын тэр өдөр л мэдэрсэн юм биш. Дэлхий нийтээрээ Кристиано Роналдог гэртээ эргэж ирлээ гэж ярьсан үеэс л мэдрэгдсэн. Манчестер Юнайтедэд эргэн ирсэн мөч онцгой байсан. Хоёр гоол оруулсан нь хүртэл гэртээ ирснээ зарласан сайхан угталт байсан. Мартагдашгүй, итгэмээргүй өдөр.

-“Viva Ronaldo” дуу эрчээ авсан?

-Сонсоход таатай байсан шүү. Фэнүүд бол бүх зүйл.

-Чамайг Манчестер Юнайтедэд эргэн ирэх үед 24 цагийн дотор хоёр зүйл тохиосон. Нэгдүгээрт, чиний өмсгөл 24 цагийн дотор хамгийн их зарагдсан бүх цаг үеийн рекорд тогтоосон. Мессигийн ПСЖ-д тогтоосон рекорд байсан шүү дээ. Үүнд баяртай байсан уу?

-Мэдээж, баяртай байсан. Таны мэдэж байгаачлан би рекордын араас явдаггүй. Харин рекордууд миний араас дагадаг. Тиймээс карьертаа нэг рекорд нэмсэндээ баяртай байна.

-Хоёрдугаарт, чамайг эргэн ирж буйг зарласан Манчестер Юнайтедын жиргээ твиттерийн түүхэнд хамгийн таалагдсан жиргээ болсон?

-Бас л сайхан байсан. Хэн ч энэ талаар төсөөлөөгүй байх. 72 цагийн дотор л миний төлөвлөгөө, тэндий ярьж байсан бүх зүйл өөрчлөгдсөн. Зөвхөн Манчестер Сити ч гэлтгүй бусад багуудтай миний нэр холбогдож байлаа. Эхэндээ Манчестер Юнайтед тэр багуудын дунд байгаагүй. Гэнэт л гараад ирсэн. Би өөрөө ч гайхсан, үнэнээ хэлье.

-Манчестер Юнайтед дахь нөхцөл байдал удалгүй өөрчлөгдсөн. Чамайг ирээд удаагүй байхад Оле-Гуннар Сульшер халагдсан. Энэ чамд ямар мэдрэмж төрүүлсэн бэ? Юнайтед өмнөхөөсөө өөрчлөгдсөн байсан уу?

Үнэндээ Юнайтедэд эргэн ирэхдээ бүх зүйл урьдынхаасаа өөрчлөгдсөн гэж бодсон. Юнайтедаас яваад Мадридад есөн жил, Ювентуст гурван жил боллоо. Бүх зүйл өөр байх болно гэж бодсон. Гэхдээ гайхсан. Учир нь бүх зүйл яг л хэвэндээ байсан. Сульшер халагдаж, Каррик түүнийг хоёр тоглолтод орлосон. Бүх зүйл хурдан болоод өнгөрсөн. Намайг ч гайхшруулсан. Ийм зүйл болно гэж би төсөөлөөгүй. Тэгээд л бага багаар өөрчлөгдөж эхэлсэн.

-Сир Алекс Фергусон Юнайтедаас явснаас хойш нөхцөл байдал өөрчлөгдсөн. Тэд олон жил ч бүтэлгүйтлээ. Юнайтедад топ тоглогчид ч очихоо больсон байсан. Чи үүнийг гайхсан уу?

-Гайхсан. Намайг элсүүлснийхээ дараа Санчо, Варанег нэгтгэсэн. Юнайтед ийм л байх ёстой гэж бодсон. Таны хэлснээр Фергусон явсны дараа Юнайтедад том зай үлдээсэн. Ганц хүн ийм том орон зай үлдээнэ гэж бодоогүй. Багийн ерөнхийлөгч асан Дэвид Гилл ч сайн хүн байсан. Фергусоны эргэн тойронд чухал хүмүүс байсан. Юнайтедыг урьдынх шигээ биш болсныг мэдэж байсан ч ийм том орон зай гарна гэж бодоогүй.

-Бэлтгэлийн бааз дахь усан сан, саун гээд жижиг зүйлүүд хүртэл чамайг явснаас хойш өөрчлөгдөөгүй байна уу?

Юу ч өөрчлөгдөөгүй. Усан сан, жакуззи, бэлтгэлийн заал, гал тогоо хүртэл өөрчлөгдөөгүй. Харин тогооч нь өөрчлөгдөөгүй байсанд талархсан шүү. Би өөр зүйл харна гэж бодож байсан ч тийм зүйл болоогүй. Технологи, дэд бүтэц нь яг л хэвээрээ байсан. Харамсалтай нь миний 20, 21, 22 насандаа харж байсан зүйлс яг л байсан.

-Реал Мадрид, Ювентуст чи сүүлийн үеийн бүхий л технологийг ашиглаж, өндөр түвшинд тоглохыг хичээдэг байсан байх. Тэгвэл Юнайтедад тэдэнтэй харьцуулахад юу болсонгүй вэ?

-Юнайтедад миний хувьд ахиц дэвшил гэмээр зүйл тэг. Реал Мадрид, Ювентустай харьцуулахад тэд дэлхий нийтийн жишгийг л дагадаг. Ялангуяа технологи, бэлтгэлийн арга барил, хоол зүй, нөхөн сэргээлт гэх зүйлс дээр. Юнайтед тэдний хажууд хоцрогдсон. Уг нь ийм клуб модны орой дээр байх ёстой. Харамсалтай нь тэд тийм байсангүй. Гэхдээ ирэх жилүүдэд топ түвшинд хүрэх байх.

-Сир Алекс Фергусоноос хойш дэлхийн топ гэж хэлж болохуйц дасгалжуулагчид Юнайтедад ирснийг чи харсан байх. Гэхдээ тэд бүгд л бүтэлгүйтсэн. Энэ яг юунаас болов?

-Юу болоод байгааг мэдэхгүй л юм. Гэхдээ Алекс Фергусоныг явснаас хойш клубд өөрчлөлт олж хараагүй. Ахиц дэвшил тэг. Жишээлбэл, Олег халсныхаа дараа клуб Ралф Рагник гэх хэн ч ойлгодоггүй спортын захирал авчирсан. Тэр залуу бүр дасгалжуулагч ч биш шүү дээ. Манчестер Юнайтед шиг том клуб түүнийг авчирсанд ганц би ч биш дэлхий нийтээрээ гайхсан.

-Инээдтэй шийдвэр байсан уу?

-Мэдээж. Дасгалжуулагч ч биш байж яаж Юнайтедын хамгийн том босс болох юм бэ? Юнайтед Ливерпүүл, Сити, Челси шиг амжилттай клуб болох зөв замдаа ороогүй л гэж харсан. Бид иймэрхүү алдааныхаа улмаас л тэднээс нэг эсвэл хоёр алхмын ард байна. Миний бодлоор клуб маань арын албаа эсвэл асуудал болж буй удирдах албан тушаалтнуудаа сайжруулж, солих хэрэгтэй.

-Сульшер фэнүүдэд таалагдаж байсан ч Юнайтедыг цомд хөтөлж чадаагүй. Би Ралф Рагникийн талаар өмнө нь сонсч байгаагүй юм байна. Чи сонсч байсан уу?

-Үгүй ээ.

-Хэзээ ч сонсч байгаагүй юу?

-Миний ярьж байсан хүмүүсээс хэн нь ч түүний талаар сонсч байгаагүй гэсэн.

-Чи түүнийг босс гэж дуудсан уу?

Мэдээж, дуудсан. Бид түүнийг ингэж дуудаж, хүндлэх хэрэгтэй шүү дээ. Тэр ажлаа авсан. Би замналынхаа туршид дасгалжуулагч бүрээ л босс гэж дууддаг. Гэхдээ би дотроо түүнийг босс гэж хараагүй. Түүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй зарим нэг зүйлс байсан юм. Нэг талаараа гайхаж байсан ч нэг талаараа гайхаагүй.

-Ралф Рагник ажлаа аваад удаагүй байхдаа л тэр чамайг сэтгүүлчдэд талбай дээр шахалт муу хийж байна гэж шүүмжилсэн. Гоол оруулж байгаа тоглогчоо тэгж хэлдэг тэр хэн юм бэ?

-Үнэндээ би ч ойлгоогүй. Дасгалжуулагч бүр л өөрийн гэсэн арга барилтай, бодолтой, сэтгэл зүйтэй. Гэхдээ би замналынхаа туршид л Зидан, Анчелотти, Моуриньо, Аллегри, Фернандо Сантос гээд дэлхийн шилдэг дасгалжуулагч нартай ажиллаж ирлээ. Би тэднээс олон зүйл сурч, туршлагатай болсон. Дасгалжуулагч бүр л өөрчлөлт хийхийг зорьдог. Заримтай нь санал нийлнэ, заримтай нь санал нийлэхгүй. Энэ бол ажлын л нэг хэсэг. Эцсийн эцэст би клубын ялалтын төлөө л байдаг. Туршлагаа ашиглан багтаа тус болохыг л хичээдэг. Зарим дасгалжуулагч нар үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Гэхдээ энэ бол ажлын л нэг хэсэг.

-Тэр хийж байгаа ажлаа мэдэж байсан уу?

Үгүй ээ. Клубын талаар мэдэж байсан ч үүний гол зорилгыг, түүхийг ойлгоогүй. Сульшерыг халсан бол түүнээс илүү топ дасгалжуулагч авчрах ёстой. Спортын захирал биш.

-Сульшерыг халсан шийдвэр зөв байсан уу?

-Би Сульшерт хайртай. Хувь хүн талаасаа сайн хүн. Дасгалжуулагчийнхаа хувьд тэр бүхнээ зориулсан. Ажлаа ч сайн хийсэн. Түүнд жаахан хугацаа хэрэгтэй байсан болов уу даа. Түүнийг сайн дасгалжуулагч болно гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэр сайн туршлага хуримтлуулсан байх. Түүнтэй богино хугацаанд ч гэсэн ажиллах сайхан байсан.

-Залуу тоглогч нарын сэтгэлгээ ямар болсон байна вэ? Чи 18 настайдаа Юнайтедад ирсэн. Дээд үеийн тоглогч нараа хүндэлж, тэд нараас суралцдаг байлаа. Харин одоогийн залуус ямар болсон байна вэ?

-Тэднийг дээд үеийн тоглогч нараа хүндэлдэггүй гэж би хэлэхгүй ээ. Гэхдээ бид өөр цаг үед амьдарч байна. Тэдний сэтгэлгээ өөр болсон.

-Юу нь өөр болсон байна?

Уур хилэн. Тэд бүх зүйлд амархан хүрч байна. Ямар ч зовлон бэрхшээлгүй. Тэд анхаарахгүй байна. Зөвхөн Манчестерт ч биш бүхий л багуудад ийм зүйл ажиглагдаж байна. Одоогийн залуучууд миний үеийнхээс өөр болжээ. Гэхдээ тэднийг буруутгаж болохгүй ээ. Нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргачихдаг. Намайг гайхшруулаагүй ч жаахан гонсойлгосон. Дэлхийн шилдгүүд чиний хажууд байвал тэднээс суралцах л хэрэгтэй. Ядаж хийсэн үйлдлийг нь даган дуурайх хэрэгтэй. Надад бол жаахан эвгүй л санагдсан. Би 18, 19, 20 настайдаа Нистелрой, Рио Фердинанд, Рой Кийн, Гиггс гээд шилдгүүдийн харж байлаа. Ийм л учраас би олон жил өндөр түвшинд явж байна. Би сэтгэлгээ, бие бялдартаа анхаардаг.

-Чи тэдэнд зөвлөгөө өгөх гэж оролдсон уу? Тэд юу гэж байх юм?

Би тэдэнд зөвлөгөө өгөхөөсөө илүү үлгэр жишээ болохыг хичээдэг. Өглөө бүр хамгийн эрт очиж, хамгийн сүүлд явахыг хичээдэг. Миний үйлдэл бүр тэдэнд зөвлөгөө болоосой гэж боддог. Өмнө нь хэлсэнчлэн тэд сонссон ч нөгөө чихээрээ гаргачих нь шүү дээ. Хоёр минутын дотор л миний юу гэж хэлснийг санахгүй. Би үйлдлээрээ үлгэр жишээ үзүүлдэг.

-Би бүр гайхчихлаа. Хэрэв залуу тоглогч тэгээд миний хажууд Кристиано Роналдо байвал би секунд бүрээ түүнтэй хамт өнгөрөхөд, түүнийг сонсоход зарцуулна.

-Тэдэнд хамаагүй л дээ. Зарим нь тийм байж болох ч ихэнхи нь тийм биш. Намайг нэг их гайхшруулаагүй. Тэдний өмнө урд удаан замнал байна. Манай үеэс 36, 37, 38 нас хүртлээ өндөр түвшинд тоглож байгаа олон тоглогч бий. Харин энэ үеийнхнээс хэд нь хэд хүртлээ өндөр түвшинд тоглохыг харж байя.

-Чамайг хамгийн их гайхшруулж байсан сэтгэлгээ, хандлагатай тоглогчийг нэрлээч.

-Хэцүү асуулт байна. Жишээлбэл, Юнайтедаас Диого Далотыг нэрлэж болно. Тэр залуу гэхдээ маш мэргэжлийн. Түүнийг урт замналтай, сайн тоглогч болно гэдэгт эргэлзэхгүй байна. Тэр залуу, ухаантай, мэргэжлийн. Мөн Мартинез, Каземиро байна. Гэхдээ би Далот гэж хэлнэ.

-Хоёр дахь дасгалжуулагч ирж, байдал дээрдээгүй ч чи гоолоо тогтмол оруулсаар л байсан. Тэр үед чиний амьдралын хамгийн таагүй цаг мөч тохиосон. Эхнэр чинь ихэр хүүхэд төрүүлсэн ч нэг нь хүн болж чадаагүй. Ямар хэцүү байсныг би төсөөлж чадахгүй байна. Жоржиньо та хоёрт хэцүү байсан нь лавтай. Тэр үед юу бодогдсон бэ?

-Магадгүй аав минь таалал төгссөнөөс хойшхи миний амьдралын хэцүү үе тэр байсан байх. Бусад шиг л хүүхдээ төрүүлээд амьдарна гэж бодож байсан ч тийм зүйл болоогүй. Ийм зүйл үзнэ гэдэг хүнд их хэцүү. Жоржиньо бид хэсэг хугацаанд хүнд цаг үеийг туулсан. Учир нь бид яагаад ийм зүйл бидэнд тохиолдсон юм бэ гэж их гайхсан. Үнэндээ хэцүү байсан. Юу болоод байгааг ойлгоогүй. Хөлбөмбөгийн тоглолтууд явж л байсан. Бидэнд олон тоглолтууд байсан. Миний гэр болон Жиод хүнд байсан.

-Жоржиньо нэгэн ТВ шоуны үеэр ярихдаа зүрхнийх нь нэг том хэсэг бутарч, өөрөөсөө энэ бүхнийг давж чадах уу гэж асуусан гэсэн. Харин хүүхдүүдээ хараад бүгдээрээ хамтдаа үүнийг давж чадна гэдгээ ойлгосон гэж ярьжээ.

-Би ч гэсэн тэгсэн. Миний гэр бүл ялангуяа Жио хүнд цаг хугацааг өнгөрүүлсэн. Белла эсэн мэнд төрж бид илүү олон хүүхэдтэй болсон. Тиймээс бид нэг талаараа баяртай байх хэрэгтэй. Хэзээ ч нэг мөчид баяртай бас гунигтай байж үзсэнгүй. Тайлбарлахад хэцүү бас хүнд. Уйлах эсэхээ ч мэдэхгүй. Яаж сэтгэл хөдлөлөө гаргахаа мэддэгүй юм байна лээ. Юу хийхээ ч мэдэхгүй. Миний тэр үеийн мэдрэмжийг илэрхийлэх үг олоогүй л явна.

-Үүнийгээ бусад хүүхдүүддээ хэрхэн тайлбарласан бэ?

Эхлээд гэртээ ирэхэд хүүхдүүд маань нөгөө хүүхэд нь хаана байгаа юм бэ гэж асууж байсан. Харин Кристиано 12 настай бүх зүйлийг ойлгоход хангалттай насандаа хүрчихсэн байсан. Би түүнтэй сайхан яриа өрнүүлсэн. Хамтдаа угаалгын өрөөнд уйлсан. Харин дүү нар нь асуугаад л байсан. Нэг долоо хоног өнгөрсний дараа би хүүхдүүддээ үнэнг хэлье гэж шийдсэн. Анхель диваажин руу явсан гэж хэлсэн. Хүүхдүүд ч ойлгосон. Хүүхдүүддээ худал хэлэхийн оронд үнэнг хэлэхийг би хүссэн. Би ингэж л тэдэнтэйгээ илүү ойр нөхөрсөг байж чадсан.

-Харин ийм зүйл хосуудын харилцааг хөндийрүүлдэг юм шиг ээ?

Надад илүү дээр зүйл тохиосон. Би Жиотой улам нөхөрсөг болж, улам хайрлах болсон. Би амьдралыг өөр өнцгөөс харах болсон. Та надаас яагаад улирлын өмнөх тоглолтуудад оролцоогүй юм бэ гэж асууж болно. Би амьдралынхаа хамгийн хүнд зургаан сарын мөчлөгийг дуусгах шаардлагатай байсан юм.

-Хүү чинь үргэлж чамтай хамт байдаг юм шиг санагдсан уу?

Тиймээ, тэр үргэлж надтай хамт байгаа юм шиг санагддаг. Түүний чандар гэртээ байгаа. Би түүнийг нь далай руу цацахын оронд бүх насаараа барьж, хамт байхыг хүссэн. Аавын минь чандар ч байгаа. Манай байшинд жижиг сүм шиг тохижуулсан өрөө бий. Аав, хүү хоёрын чандарыг хадгалдаг юм.

-Тэдэнтэйгээ ярилцдаг уу?

Тиймээ. Би тэдэнтэй байнга ярьдаг. Тэдний миний талд байдаг. Намайг илүү сайн эр хүн, хувь хүн, аав байхад тусалдаг. Ялангуяа хүү минь онцгой дохио илгээдэг.

-Хөлбөмбөгийн фэнүүд тэр дундаа Манчестер Юнайтедын фэнүүд чиний гашуудалд онцгой хариу үйлдэл үзүүлсэн. Ливерпүүлийн фэнүүд хүртэл тоглолтынхоо долоо дахь минутад чамд зориулж “You’ll never walk alone” дуулсан. Энэ талаар сонсоход ямар байсан бэ?

-Би ийм зүйл тохионо гэж төсөөлөөгүй. Би одоо тэдэнд талархлаа илэрхийлэх боломж олдлоо. Намайг дэмжсэн, миний талд байсан Ливерпүүл гэлтгүй бүх Англид талархлаа илэрхийлье. Би хатан хааны гэр бүлээс ч ил захидал хүлээн авсан. Намайг их гайхшруулсан. Гайхалтай байсан.    Ийм учраас би англичуудыг их хүндэлдэг. Тэд үнэхээр сайхан сэтгэлтэй. Би болон манай гэр бүлд хүнд цаг үед тусалсан бүх хүмүүстээ баярлалаа.

-Белла одоо зургаан сартай байх. Тэр их уй гашуудлыг тэр баяр жаргал болгосон байх?

-Гайхалтай байсан. Байшинд минь гэрэл гэгээ нэмсэн. Жоржиньо бид хоёр, хүүхдүүд минь хөөрхөн охинтой болсондоо баяртай байна.

-Чи дахиад хүүхэдтэй болох уу?

Дахиад хүүхэдтэй болно гэж одоо бол бодохгүй байна. Бид болсон л гэж бодож байна. Гэхдээ ирээдүйд юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Ганцхан бурхан л мэдэж байгаа байх. Бид одоо сайхан амарч, одоо байгаадаа сэтгэл хангалуун амьдармаар байна. Ирээдүйг л харъя даа.

-Таагүй явдал тохиосны дараа эргээд хөлбөмбөгий топ түвшинд тоглоно гэдэг хэцүү байх нь аргагүй. Яаж зохицсон бэ?

-Хэцүү байсан. Гэхдээ би үргэлж гэр бүлээсээ халуун дулаан дэмжлэг хүртдэг. Жоржиньо ч явж тогло, таашаал авдаг зүйлээ хий гэж хэлсэн. Энэ чамайг жаахан ч гэсэн хэцүү бүхнээ мартахад тусална гэсэн. Энэ тусалсан шүү. Энэ талаар бодохгүй байхад дэм болсон. Гэхдээ хөлбөмбөг хурдан өрнөсөн. Бэлтгэл, тоглолтууд өдөр бүр л байсан. Мөн хажуугаар нь шигшээ багийн тоглолтууд давхцсан. Үнэхээр хурдан байсан. Юу болоод байгааг ч ойлгоогүй. Харин Жоржиньо надад энэ бүхнийг давахад тусалсан.

-Тэр үнэхээр чанга бүсгүй юм. Чамтай хамт байна гэдэг л бусдын анхаарлын төвд байнга байна гэсэн үг шүү дээ?

-Бид бие биедээ тусалсан. Тэр багаасаа л хэцүү үеийг туулсан. Амьдралыг арай өөрөөр хардаг. Аргентинд төрж, гэр бүлийн асуудал тулгарч, ганцаараа байсан ч тэр сонирхолтой амьдралыг туулсан. Тэр надад их тусалдаг. Гундуу үед үргэлж сэргээдэг. Миний талд байгаад нь би баярладаг.

-Хэзээ хуримаа хийх вэ?

-Одоохондоо энэ талаар бодоогүй л байна. Харин ирээдүйд болох байх. Тэр ч, би ч үүнийг хүртэх эрхтэй. Одоохондоо миний төлөвлөгөөнд байхгүй ч ирээдүйд байгаа.

-Дээрх үйл явдлаас удалгүй Эрик Тен Хак Юнайтедын дасгалжуулагч болсон. Чи түүний талаар өмнө нь мэддэг байсан уу?

-Аяакст хийсэн, бүтээсэн зүйлээр нь жаахан л мэднэ.

-Чи өнгөрсөн улирал 24 гоол оруулсныхаа 18-ыг нь Премьер лигт, зургааг нь УЕФА Аваргуудын лигт оруулсан. Премьер лигийн алтан шаахайн өрсөлдөөнд хоёрдугаарт бичигдсэн. Гайхалтай үзүүлэлт гэж би бодсон ч чи шүүмжлэлд өртсөөр л байсан. Гоол оруулахгүй бол чиний буруу юм шиг л байсан. Баг чинь сайн тоглохгүй бол чи л шүүмжлэлийн гол бай болсон юм шиг санагдсан уу?

Болохгүй байгаа зүйлсээ Кристиано Роналдогоор халхлах амар байсан шүү дээ. Тэд намайг нүүр хуудсан дээрээ тавьж байж л борлуулалтаа сайжруулна. Би ингэж амьдарч үзсэн. 37 настайдаа олон шинэ зүйл сурлаа. Давалгааны дээр эсвэл доор байхдаа хүн хэн нь чиний талд, хэн нь чамайг их шүүмжилж байгааг мэддэг юм байна лээ. Тэд чамайг сайн явахыг харж чаддаггүй. Тиймээс сөрөг болгож харагдуулдаг. Сүүлийн 4-5 сар би ч гэлтгүй манай гэр бүл, Жоржиньог дэлхий даяараа л шүүмжлэх шиг боллоо. Яагаад гэдгийг нь мэдэхгүй юм. Португалын хэвлэл хүртэл намайг шүүмжлэх боллоо. Мэдэхгүй юм даа. Атаархал энэ бүхний нэг хэсэг гэдэгт нь би итгэж байна. Пьерс, би 21 жил энэ тоглоомын дээр зогслоо. Тиймээс би энэ бүхнийг хүлээн авч сурсан. Надад энэ бол асуудал биш.

-Чи сонин, сошиал медиа гээд бүгдийг нь уншсан уу?

Сайн зүйл нь би унших дургүй. Учир нь би тэдний 90 хувь нь худлаа гэдгийг мэддэг. Хэвлэл мэдээлэл бол хогийн сав. Гэхдээ бүгд биш шүү. Ихэнхи нь. Тэд үнэнийг ярьдаг. Үргэлж худлаа ярьж, би болон манай гэр бүл рүү дайрдаг. Дандаа л сөрөг зүйлс гэр бүлийн минь эсрэг гаргаж ирдэг. Тийм байхад яагаад би уншина гэж.

-Асуудал нь чи маш алдартай байна. Инстаграм дээр хамгийн их дагагчидтай. 495 сая дагагч байсан байх. Гэтэл би дөнгөж 2 сая. Бараг хагас тэрбум дагагчтай байна гэдэг солиорол. Кардашианы эгч дүүсийг нийлүүлснээс ч их байна шүү дээ?

-Үүгээрээ бахархаж байна. Хүмүүс надад дуртай байна. Яагаад би нэгдүгээрт, яагаад би гэж хааяа өөрөөсөө асуудаг. Яагаад өөр нэгэн байж болохгүй гэж?

-Яагаад тэгдэг юм?

Үнэндээ зөвхөн сайн хөлбөмбөг тоглодог гээд ингээгүй байх. Харизматай, сайхан харагддаг учир юм болов уу. Үнэндээ гол шалтгааныг нь мэдэхгүй юм. Өөрийгөө харизматай гэж бодож байна. Хүн бүрийн хазахыг хүсдэг жимс юм болов уу. Англиар юу гэж хэлдгийг нь мэдэхгүй юм. Гүзээлзгэнэ шиг л.

-Миний твиттер дээрээ онцолсон чи бид хоёрын 10 секундын яриа л 43 сая үзэлттэй. Тиймээс баярлалаа гэж хэлмээр байна. Чамд сошиал медиад хүч байна. Энэ гайхалтай биш гэж үү?

-Энэ талаар өмнө нь хэлж байсан. Кристианод дургүй хүмүүст би цагаа зарцуулмааргүй байна. Тэдэнд миний амьдрал сонирхолгүй. Надад хайртай хүмүүсээр л өөрийгөө хүрээлүүлмээр байна. Намайг шүүмжилдэг миний хажуу дахь хүмүүс, хуучин тоглогчдод зарцуулах цаг алга.

-Чамайг шүүмжилсэн Уэйн Руниг би гайхсан. Чи түүнтэй олон жил амжилттай тоглосон. Сайн найзууд ч гэж бодсон. Гэтэл тэр чамайг хэвлэлээр чангахан шүүмжилсэн харагдана лээ?

Би ч ойлгоогүй. Та өөрөөс нь асуусан дээр байх. Яагаад намайг тэгж чангаар шүүмжилснийг нь ойлгоогүй. Надад атаархсан гэж бодохгүй л байна.

-Чиний зан ааш тэсэхэд хэцүү. Юнайтед чамайг зарах хэрэгтэй гэсэн. Тэр уг нь Уэйн Руни шүү дээ.

Жилийн өмнө ч, зургаан сарын өмнө ч тэр манай ирээд хүүг минь гэртээ уриад хөлбөмбөг тоглъё гэсэн. Би тийм хүмүүсийг ойлгохгүй байна. Зүгээр л сонин эсвэл хэвлэлийн нүүрэнд гармаар, шинэ ажилтай болмоор тэгсэн юм байлгүй.

-Эсвэл чамд атаархсан юм болов уу? Чи одоо ч тоглож байна шүү дээ.  

Магадгүй л юм. Тэр 30 хүрээд л тоглохоо больсон шүү дээ. Гэтэл би одоо ч өндөр түвшинд тоглож байна. Түүнээс сайхан харагдаж байгаа нь үнэн ч тэгж хэлмээргүй байна. Өөртэйгөө хамт тоглож байсан хүмүүсээс тийм шүүмжлэл хүртэх жаахан таагүй байсан. Гари Невилл ч намайг шүүмжилсэн. Хүн бүр өөрийн бодлоо илэрхийлэх эрхтэй ч бэлтгэл дээр, амьдралд минь яг юу болоод байгааг мэдэхгүй байж тэгж шүүмжлэх нь утгагүй.

-Чи тэдэнтэй одоо хүртэл найз уу? Эсвэл хана босгочихсон уу?

-Тэд миний найзууд биш ээ. Зүгээр л ажлын хамтрагчид. Хамтдаа тоглож байсан ч оройн зоог идэж байсангүй. Энэ миний аяллын нэг хэсэг л байх. Би өөрийн аяллаа үргэлжлүүлж байна. Надад дургүй хүмүүстэй таарж л байна .

-Харин Рио Фердинанд, Рой Кийн нар үргэлж чиний талд байдаг. Юу ч болсон чамайг дэмждэг. Энэ чамд юуг өгүүлж байх юм бэ?

Ихийг өгүүлж байгаа. Би тэдэнтэй хувцас солих өрөөнд байж үзлээ. Тэд миний хөлбөмбөг дэх аяллын нэг хэсэг. Рой Кий миний хувьд хамгийн шилдэг ахлагч. Рио Фердинанд надад их тусалсан. Миний хөрш байлаа. Миний талаар сайн ярьдаг болохоор нь би сайн ярьж байгаа юм биш шүү. Үнэхээр сайн залуус. Тэд тамирчдын сэтгэл санаа, зан аашийг сайн мэддэг.

-Хууртагдсан юм шиг мэдрэмж төрсөн үү?

Тэгсэн. Телевизийн ажилчид илүү алдартайг нь л шүүмжилдэг. Үнэхээр ойлгоогүй. Би нэрийг үүндээ ашигласан л гэж бодож байна. Тэд тэнэг биш шүү дээ. Хамт хувцас солих өрөөнд байсан хүмүүс ингэж шүүмжлэх таатай биш. Шүүмжлэлээс болоод эцэж, нойргүй хононо гэж байхгүй ээ. Гэхдээ л сонсоход таагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж