Чуулган: Орон нутагт дизель түлш олдохгүй 4-5 хонож байна

Хуучирсан мэдээ: 2022.11.18-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Орон нутагт дизель түлш олдохгүй 4-5 хонож байна

14 : 06
2022-11-18

Төмс, хүнсний ногооны ургац өнгөрсөн жилээс 14 хувиар нэмэгдсэн

Намрын ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдээлэл хийж байна. 


Х.Болорчулуун:

-Улсын хэмжээнд энэ онд 353.4 мянган гад үр тариа, үүнээс 329.1 мянган гад улаан буудай, 19.9 мянган гад төмс, 11 мянган гад хүнсний ногоо, 67.9 мянган гад малын тэжээл, 115.2 мянган гад тосны ургамал, 4.6 мянган гад жимс жимсгэнэ. Нийтдээ 567 мянган гад тариалалт хийсэн. Ургац хураалтын нийт дүнгээр 408.6 мянган тонн үр тариа хураан авлаа. 210.7 мянган тонн төмс, 137.4 мянган тонн хүнсний ногоо, 161.7 мянган тонн тэжээлийн ургамал, 42.7 мянган тонн тосны ургамал хураан авлаа.

Ургацын дүн өнгөрсөн жилтэй харьцуулахад төмс, хүнсний ногооны ургац 14 хувиар нэмэгдсэн байна.

Энэ оны ургацаас гурилын үйлдвэрүүд 150 мянган тонн, ХАА-г дэмжих сан, стратегийн хүнсний нөөцөд 25 мянган тонн улаан буудайг нийлүүлсэн. Мөн тариалан бүхий аж ахуй нэгж, өрхийн хэрэгцээнд 49 мянган тонн, тэжээлд 79 мянган тонн, спиртийн үйлдвэрт 15 мянган тонн улаан буудайг тус тус нийлүүлсэн бол  агуулахад 70 мянган тонн улаан буудай зарагцаагүй үлдсэн байна. 

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наядын төлөвлөгөөний хүрээнд 1445 иргэн аж, ахуй нэгжид 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай 103 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй  зээлийг олгосон. 

Төмс, хүнсний ногооны 1871 га, малын тэжээлийн 5000 га, жимс жимсгэнэ 1450 га, малын тэжээлийн 1450 га, мод үржүүлгийн 1450 гаг шинээр нэмэгдүүлсэн. ХАА-г дэмжих сангаас улаан буудайн 10.3 мянган тонн үрийг 263 иргэн, аж ахуй нэгжид 30 хувийн урьдчилгаатай зээлээр, хүнсний ногооны 48 тонн үрийг 113 иргэн, аж ахуй нэгжид 80 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон. 

Засгийн газрын 2022 оны 276-р тогтоолын дагуу 5 их дээд сургууль, Зэвсэгт хүчний жанжин штабын 18 анги нэгтгэлээс 3100 оюутан, сонсогч, цэргийн алба хаагч ургац хураалтад оролцлоо. 

Энэ жил 188 мянган малчин өрхөд 71.2 сая хонь толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжиж, 19.9 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах урьдчилсан дүн гараад байна. 

Дулааны аргаар боловсруулсан малын махыг Хятад руу баруун аймгуудаас Казахстан, Иран улсад адууны махны экспорт хийгдэж байна. 2022 оны арваннэгдүгээр сарын 17-ны байдлаар адууны махны 2.9 мянган тонн, хонь, ямааны мах 3.4 мянган тонн нийтдээ 6.3 мянган тонн мах экспортолсон. Хот суурин газрын иргэдийн хаврын махны нөөцийг бүрдүүлэхэд 4 аж ахуй нэгжид 46 тэрбум төгрөгийн зээл олголоо. Аймгуудын мэдээллээр 2.5 мянган тонн мах нөөцлөхөд зориулан 1.1 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Нийт малчин өрхийн 11.5 хувийн 9.5 сая мал отроор өвөлжиж байна. 

2022 онд 11.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий 540 худаг гаргасан. 

Малын шүлхий өвчний эсрэг 6 сая тун, үхрийн арьс товруутах өвчний эсрэг 500 мянган тун, хонины цэцэг өвчний эсрэг 462.8 мянган тун вакцины нөөцийг бүрдүүлсэн. Бог малын мялзан өвчин аравдугаар сарын 10-наас хойш Хэнтий, Хөвсгөл, Дорноговь, Архангай, Булган, Төв, Дундговь зэрэг 7 аймгийн 15 сум, 22 голомтод бүртгэгдсэн байна. 

Улсын хэмжээнд өвөлжилтийн бүртгэл 87 хувьтай хангагдсан. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Хүн төрөлхтөн аж үйлдвэрийн хувьсгал, автомат робот, сансар огторгуйг эрхшээн суух талаар өрсөлдөж байна. Гэтэл бид дундаж зууны үеийнх шигээ энэ өвлийг хэрхэн давах вэ, цас битгий, бага ороосой, бага хүйтрээсэй, тэнгэр хангай ивээж үзээсэй гэж төр засаг, ард түмнээрээ залбирахаас өөр шийдэлгүй байна. Хариуцсан яамны чаддаг ажил нь өвөлжилт, хаваржилтын бэлтгэл гэж хэдэн тоо шивэх, цаг хүндэрвэл хэдэн пресс өвс фондоос аваачиж өгөх, их сайндаа улаан буудай, импортын тэжээлийн гаалийн татвар, НӨАТ-ыг чөлөөлөх санал оруулах төдийхөн. Ярьдаг сэдэв нь өнөө өвлийг хэрхэн давах вэ гэдгээс биш ирэх 10 жил үгүй ядахдаа 3 жилийн дараах бодлогын асуудал байхгүй. 

20 жилийн өмнө хүнс хөдөө аж ахуйн салбар нийт экспортын 60 шахам хувийг бүрдүүлж байсан бол өдгөө 10 хувь ч хүрэхгүй байна. Эрх баригчдын амрыг нь бодож ухаад гаргадаг ашигт малтмалыг чухалчилсны уршиг. 

Энэ яаманд хийхгүй зүйл, оролцохгүй бизнес алга. Татвар төлөгчдийн мөнгөөр татвар төлөгчидтэйгөө өрсөлддөг.

Засгийн газар хөдөө аж ахуй, хүнсний салбарт бодлогоо тодорхойлж чадаагүйтэй холбоотой. Бодлого гэхээр зөвхөн өвөлжилт, хаваржилт ярьдгаа өөрчлөх шаардлагатай. Тиймээс эрх баригчид та бүхэн хүчээ биш бодлогоо нэгтгэх шаардлагатай байна. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Уламжлалт сэтгэлгээнээсээ хөдөө аж ахуйн салбар салах шаардлагатай байна. Бодлого өөрчлөгдөх шаардлагатай байгаа нь малчдын амьдралаас харагдаж байна. Тэнд хүмүүс хувийн бизнесээ хийж байгаа. Гэхдээ тэдний олж байгаа орлого нь амьдралд нь хүрч байна уу гэдэг нь яамны бодлогын асуудал. Энэ яамнаас маш олон тооны хөнгөлөлт, урамшуулал, зээл, тусламжийг олгож байгаа ч харамсалтай нь монголчууд бид хамгийн үнэтэй гурилыг идэж байна. Энэ бодлого мөн үү? Хөдөө орон нутагт дизель түлж олдохгүй 4-5 хонож байгааг мэдэж байгаа юу? Засгийн газар энэ талаар хуралдсан уу? Зүүн бүсэд өнөөдөр цас орж байна. Намаржаанаасаа өвөлжөө рүү малчид явах гээд шатахууны хомсдолд орчихоод нүүж чадахгүй байна. Хадсан өвсөө зөөж чадахгүй байна. Малын махаа хот руу нийлүүлдэг тээврийн хэрэгсэл дизель түлшээр явдаг. Магадгүй хэдэн хоногийн дараагаас мах үнэд орж мэдэх нь. Махны экспорт гайгүй өсч байна. Гэхдээ энэ асуудалд Засгийн газар хоёр үзүүртэй зүү шиг хандаж байна. Мах жоохон экспортлоод эхлэхээр Улаанбаатарт махны үнэ өслөө гээд Засгийн газар нь татварыг нь нэмээд, гаалиа хаадаг. Ийм бодлогууд хөдөө аж ахуйд гай болж байна. Улс төрийн шийдвэр гаргаад байна. Бодлогын шийдвэр гаргах хэрэгтэй байна. Цавуулаг багатай улаан буудай асуудал үүсгэж байна. Улаан буудай 100 мянган тонноор дутах магадлалтай байна. Өгч байгаа тоо чинь зөрүүтэй байна. Арьс товруутах болон зарим нэг өвчнөөс малыг заазалсан үнэ яаж тогтох вэ? 2023 оны төсөвт хэдэн төгрөг суусан байсан. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун:

-Хөдөө аж ахуйн салбар хамгийн их хөнгөлөлт авдаг. Гэхдээ бүх бүтээгдэхүүн нь үнэтэй гэж байна. Улаан буудайг өнгөрсөн жил 650-660 мянгаар худалдан авч байсан бол энэ жил 900 мянгаас 1 сая төгрөгөөр авч байгаа. ОХУ-аас 1.1 сая төгрөгөөр улаан буудай орж ирэхээр байгаа. Дэлхийд үнэтэй гурил идэж байна гэвэл өрөөсгөл. ОХУ түүхэндээ байгаагүй их хэмжээний улаан буудай авч, манайхаас аваач гэж санал тавьж байна. Улаан буудай дутвал хавраас оруулж ирэхээс биш одоогоор авахгүй. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар шатахууны асуудлыг Засгийн газрын хуралдааны үеэр ярьсан. Шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр ярьсан. 

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар Д.Батчулуун:

-Малын арьс товруутах өвчин анх 2021 онд Монгол Улсад бүртгэгдсэн. Илэрхий шинж тэмдэгтэй үхэр устгасан. Ажлын зардал 3.2 тэрбум төгрөгийг Мал эмнэлгийн ерөнхий газрын төсөвт тусгасан. Ирэх оны нэгдүгээр улиралд багтаж хохирлыг барагдуулахаар төлөвлөж байна. Хуулийн дагуу тухайн орон нутгийн үнэлгээний 90 хувиар тооцож хохирлыг барагдуулдаг. Орон нутгаас ирсэн тооцоон дээр нийт хохирлын дүн 3.4 тэрбум гэж ирсэн. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Үндэсний статистикийн хорооны гаргасан мэдээлэлд тулгуурлан ярья. Өрхийн хэрэглээ 20 хувь буурахад 467 мянган нэмж ядууралд өртөнө гэсэн тооцоо байна. 3 хүн биш 2 хүний нэг нь ядуу болж байна. Хөрш орны жишээгээр жижиг үйлдвэрлэлийг дэмжсэн. Яамны хүнд суртлыг бууруулж, хөнгөлөлттэй зээл өгөхөд иргэд өөрсдөө бүгдийг хийчихдэг. Бизнесийн өрсөлдөх чадварын индексээр Монгол 143-д орсон байна. Ийм байхад Монголд бизнес хийнэ гэдэг мах идсэн ажил. Хөдөө орон нутгаас ирж байгаа хүмүүсийг яам иргэдэд үйлчлэх төв байгуулаад нээлттэй ажиллах хэрэгтэй. Валют олоход  дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй. Махны экспорт нэмэгдэж байгааг сайшааж байна. Яамны инкубатор төвийг очиж үзлээ. Мөөгний кластерынхан сайн ажиллаж байна. Гэхдээ тэдэнд дэмжлэг хэрэгтэй гэж байна. Засгийн газраас хөнгөлөлттэй зээл дэмжлэг өгөөд бүтээгдэхүүний үнэ буурсангүй. Ядуурлаас гарна гэдэг чинь гаднаас тусламж гуйх биш өрхийн аж ахуй, үйлдвэрлэлийг дэмжих юм шүү дээ. 

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар Д.Батчулуун:

-ХХААХҮЯам салбарын хувьд бол ДНБ-ний 25-28 хувийг үйлдвэрлэдэг мөртлөө ажиллах хүчний 50 гаруй хувийг хангадаг. Татвар төлөхөөсөө илүү ажлын байраар хангадаг чухал салбар. Хөнгөлөлттэй зээл, ЖДҮ-гийн зээл сүүлийн хоёр жил УИХ дээр хасагдсан. Эргэн төлөлтөөрөө 25-30 тэрбум төгрөгийг буцааж аж ахуй нэгж, үйлдвэрлэгчдэд буцааж өгч байна. Олгох нөхцөлд өөрчлөлт орсон. Яамны хүнд суртал их байгааг ард иргэд хэлдэг. Хүнд суртлыг арилгахын төлөө тушаал шийдвэр гаргасан. Хүний өргөдөл, гомдлыг нуун дарагдуулбал шийтгэнэ. Үхрийн махнаас бусад малын мах дээр квотыг байхгүй болгосон. Монгол Улс одоогоор 5.9 сая үхэртэй байна. Хэдийгээр УИХ өнгөрсөн дөрөвдүгээр сард тогтоол гаргасан ч гурилын үнийн инфляци 50 хувьтай болчихсон байхад 10 хувийг нь л хамгаалсан. Өнөөдрийг хүртэл гурилын үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл очихгүй байгаа. Энэ нь Сангийн яам, Монголбанкны хүнд сурталаас шалтгаалсан. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Монгол Улсын хэмжээнд  зуншлага зүүн зүгт сайн байсан. Харин баруун долоо, Говийн аймгуудад зуншлага муу байлаа. Гэвч тэр холоос малчид зүүн зүг рүү оторлох боломжгүй. Отрын асуудлаар Засгийн газар аймаг орон нутаг, онцгой байдалтай ярьсан уу? Энэ жил 20 сая толгой малыг эргэлтэд оруулна гэсэн байна. Монголчууд бүгдээрээ хэрэглээд, үйлдвэрлэлд оруулаад таван сая толгой мал илүүднэ. Малчид малаа борлуулаад орлого олох боломж буурсан. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ? Нөөцийн махны бодлогыг Яам хариуцах уу, нийслэл авч явах уу? Энэ жил өвсний үнэ халуун намраар Улаанбаатар орчимд 10 мянган төгрөг давсан. Өвөлжилт хүндэрвэл өвс, тэжээлийн үнэ нэмэгдэх нь ээ. Үүнд анхаараач ээ. Малын гоц халдварт өвчинг тэгэж идгээлээ гээд олон тэрбум төгрөг зарцуулснаа нийгмийн сүлжээгээр сурталчлаад байна. Дотооддоо энэ мэдээллээ нууцалж, албан хэрэгцээндээ л ашиглаж болдоггүй юм уу? Аж ахуй нэгжүүдээ хорлоод байна. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун:

-Манай улсын хувьд цаг агаарын байдал, дэлхийн дулаарал маш их нөлөөлж байна. Зундаа гандаж байна. Ялангуяа баруун, баруун урд нутагт 6-8 аймаг гантай байгааг хэлсэн. Малын тоо толгой өссөн. Төлтэйгөө нийлээд энэ зун гэхэд 90 сая хүрлээ. Тэгэхээр туурайн зуд болох нэг нөхцөл болж байна. Отор нүүдлийг гантай аймгуудаас аймаг дундын найман бүсэд хийдэг. Казахстан руу адууны мах гаргаж байна. Эмират улс руу 1000 тонн мах нийлүүлэх гэрээг аж ахуй нэгж хийсэн. Манай улс малаа эрүүлжүүлэхэд алдаа гаргасан. Улсынхаа хэмжээнд малыг эрүүлжүүлнэ гэж зүтгэснээс хорио цээрт орсон. Уг нь эрүүл бүс байгуулж, махаа олон улсын стандартын дагуу гаргана. Баруун, зүүн, төв гурван бүсэд эрүүл бүс байгуулахаар Засгийн газар баталсан. Хотын иргэдээ махтай байлгахаар нийслэл нь нөөцийн махаа бэлтгэж байх ёстой гэж Ерөнхий сайд үзсэн. 

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар Д.Батчулуун:

-Өнгөрсөн хавар дөрөвдүгээр сард 20 аймгийн 200 орчим сумд шүлхий өвчин гарсан нөхцөл байдал хүнд байсан. Тиймээс 2027 оныг хүртэл шүлхий өвчинтэй тэмцэх стратегийг баталсан. Малыг эрүүл байлгахаар Мал эмнэлгийн ерөнхий газраас ажиллаж, мах бэлтгэгч, отрын хүмүүсийг эрүүл бүсээр зорчих зөвлөмжийг өгч байгаа. Олон улсын гэрээний дагуу малын гоц халдварт өвчний талаар мэдээлэл өгөх ёстой. Халдвар дарагдсаны дараа мэдээллээ шинэчлээд явдаг. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Малын тоо толгой 2016 онд 75 сая байхад 80 мянган тонн мах экспортолж байсан. Гэтэл өнөөдөр малын тоо толгой 91 саяд хүрсэн байхад 3000 тонн мах экспортолж байна. Үүний шалтгаан нь хүнд суртал. Энэ асуудал дээр УИХ-ын ажлын хэсэг гарч ажиллаж байна. Мах экспортлогчид МАН хурдан зайлаасай гэж ярьж байна.

2018 онд УИХ-ын гишүүн асан Ч.Улаан сайд гарч ирээд махны экспортын квотыг хэрэглэж эхэлсэн. Х.Болорчулуун сайд үхрээс бусад малыг квотоос гаргалаа. Одоо үхрийн махан дээр 1 кг тутамд 750 төгрөгийн авлига яваад байна. Хятад руу нэг контейнер мах гаргахад 50 сая төгрөгийн авлига өгч байна. Намайг Өмнөд Солонгос явсан хойгуур  дарга нарын  3000 малыг Хятад руу амьдаар нь гаргасан байна лээ. Яагаад малчдын малыг гаргахгүй байгаа юм? Нөөцийн махаа боль оо. Махны холбооны тэргүүний хувьд би хэлсэн шүү дээ.

Нөөцийн махаа борлуулж дуусахгүй төрийн албан хаагчдад шахсан биз дээ. Ирэх жилийн нөөцийн мах бэлтгэхээр тавьсан мөнгөө экспортлогчдод өг. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун:

-Гадагшаа гарах махыг хэдхэн компани эрхийг нь авчихаад цаас зарж байсныг таслан зогсоохын төлөө ажиллаж байна. Хятад-Монголын хамтарсан комиссын хуралдаанаар Хятадын талаас төлөөлөгч ирж байж, Монголын аль компаниас мах авахаа сонгохоор заачихсан байна. Энэнээс болж цөөхөн хэдэн компанид давуу байдал үүсч байна.

Эрүүл бүс байгуулж байж тэндээсээ мах экспортолдог. Үүнийг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ. Амьд мал гаргах асуудлыг 3 жилийн өмнө зөвшөөрөл гарч, шахан бордох газрыг Замын-Үүдэд байгуулсан. Улаанбаатарчууд л малыг амьдаар нь битгий гарга гэдэг бол малчид ямар ч байдлаар хамаагүй малаа зарахыг хүсч байна.

Нөөцийн мах бэлтгэхэд яам оролцохгүй. Нийслэл нь ирэх жилээс өөрсдөө мэдээд бэлдэх хэрэгтэй. Нөөцийн мах бэлтгэхэд 130 тэрбум төгрөг төлөвлөсөн боловч дөрөвхөн компани санхүүжилтээ авсан. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Яамны бүтээмж нь улсын дундаж нь 3 дахин бага. Өндөр бүтээмжтэй салбараас бараг 10 дахин бага байна. Худалдан авах гэж буй орнуудын стандартад нийцүүлэхийн тулд ажиллах хэрэгтэй юм биш үү. Энэ салбар стандартыг гол жанжин шугам болговол яадаг юм. Малчдын орлогыг та нар яаж тооцдог вэ? Хийсэн тооцоо судалгаа байна уу? Эрх барих нам 150 мянган тонн жилдээ экспортолно гэсэн 2020 оны амлалт яасан бэ? Энэ жил 3000 тонныг л гаргасан байна. 10 сая арьс шир боловсруулах амлалт хэрэгжиж байгаа юу? Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгаж байгаа нь хүнд суртлыг бууруулахад чухал боловч хүний амаар дамждаг хоол хүнсийг яаж зохицуулах юм бэ? Ямар төсөөлөлтэй байгаа вэ? Хүнд суртлын биш хяналт шалгалт тодорхой хэмжээнд байх ёстой. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун:

-Мах экспортлох гэж үе үеийн яам, Засгийн газар ярьдаг. Олон улсын стандартын дагуу махаа экспортлох ажлыг хийгээгүй. Малаа эрүүл бүсийг бий болгож байж, эрүүл мах гаргадаг юм байна. Төв гол замууд дээр нь мал эмнэлгийн хяналтын байцаагч, эмч нар ажиллана. Гаднаас хамаагүй малыг оруулахгүй. Дураараа эрүүл бүс руу мал оруулбал эдийн засгийн гэмт хэрэг гэж үзэж шийтгэл онооно. Тэнд тарилга, туулга, вакциныг тогтмол явуулна. Эрүүл бүс бий болгож байж малаа үнэ цэнэтэй гаргана. Яам Увс, Ховд, Баян-Өлгий аймаг мөн Хөвсгөлийн боомтуудыг хамруулан эрүүл бүс байгуулахаар ажиллаж байна. 

Малчдын орлого махны үнэтэй шууд холбоотой. Энэ зун экспортод мах гараагүй бас хавар дулааны аргаар боловсруулсан махыг гаргахгүй болсонтой малчдын орлого буурсан. Оны эцсийн байдлаар гадагшаа гарах махын тоо хэмжээ гарна. 

Мах экспортод гаргахад 6-7 газраас зөвшөөрөл авч, урт хугацаа зарцуулах тооцоо гарч байсан. Хүнд суртлыг арилгахаар зөвшөөрлийг цахимжуулахаар ажиллаж байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсанаар олон газраас экспортын бичиг авдаг байдлыг арилгана. Дарханы арьс ширний үйлдвэрийг 4 сая бог, 4000 мянган үхрийн ширийг боловсруулах байдлаар төлөвлөж байгаа. Дөрөвдүгээр сараас барилгын ажил эхэлнэ. Үндэсний үйлдвэрлэл чухал гэдгийг хоёр жил хил хаагдахад харлаа. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Миний зарим асуултад уг нь Ерөнхий сайд хариулчихмаар байна. Энэ яаманд маш олон асуудал хамаарч байна. Х.Болорчулуун гишүүн давхар дээл өмсөөд давуу тал нь юу байна. Сул тал нь юу байна. Малчдаа ад үзсэн хандлага байна. Өдий хүртэл бэлчээрийн мал аж ахуй л авч ирлээ. Бодлого л буруу байна. 180 мянган малчин өрх мал малладаг. Монгол Улсын хувьд нийтдээ хэдэн малчинтай юм, хэд байвал бэлчээрийн даацад тохирох юм. Тооцоо судалгаа байна уу? Малын бүтээгдэхүүн үнэгүйдсэн. Хаа сайгүй арьс шир, гэдэс цувдаа нь хэвтэж байна. Бид хэдэн зуун жилийн турш малын амьсгалаас бусдыг нь ашигладаг байсан. Энэ бодлогыг яагаад алдагдуулсан бэ? Газар тариалангийн салбарт үр тариагаа хураан авч байгаа юм байна. Жил болгон шар шороон шуурга явж, үржил шимтэй газрыг үгүй хийдэг. Үүнийг яаж шийдэж байна. Чанарын шаардлага хангасан буудай авч чадаж байгаа юу? Цагаан сараар монголчууд ямар үнээр гурил идэх вэ? Вакцины чанарын асуудал анхаарал татаж байна. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун:

-Сайд, гишүүн цуг хийхэд ямар байна гэж асууж байна. Би өөрөө агрономи мэргэжилтэй. 30 жилийн дараа мэргэжлийн хүн энэ яамны сайдаар ирлээ. Би салбарын асуудлаа мэднэ ээ. Сул тал нь мэдээж тэлээ хурга шиг ажиллаж байна. Засгийн газрын ажил, УИХ-ын хуралдаан давхцдаг. Арьс шир үнэгүйдсэн шалтгаан бол ковидын үед хил хаахад дотоодын үйлдвэрлэлгүйтэй холбоотой. Арьс ширний боловсруулах үйлдвэрийг хувь нь ч бай, төр нь ч байгуулсан яаралтай хэрэгтэй байна. Барууны технологиор үндэсний үйлдвэрлэл ажиллаж байж хөгжинө. Хүйтэн цаг уурын малын арьс шир илүү чанартай байдаг гэж барууны хэрэглэгчид дүгнэж, эрэлт их байна. 

Улаан буудай жил бүр 300-400 мянган тонн улаан буудай авдаг. Чанарын асуудал яригддаг. Хавар хүртэл гадаадаас улаан буудай авахгүй гэсэн бодлого барьж байгаа. Үнэ тогтворжуулах гэж тогтоол гарсан ч гурилын үйлдвэрүүд 3 хувьтай гэснээ 6 хувь болсон ч зээлээ аваагүй байгаа. 

ОХУ-ын Владимировын улсын үйлдвэрээс сүүлийн хоёр жил малын вакцинаа авч байгаа. Чанарын асуудал баталгаатай. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-2016 оноос хойш энэ салбар дампуурсан. Үүнээс болж олон мянган малчин, үйлдвэрлэгч хохирч байна. Газрын багц хууль УИХ-д өргөн барьсан ч бэлчээр, отор нүүдэл, хувь цөөрөм зэрэг зүйлс багтаагүй байна. Газрын хууль бол газар дээрх үйл ажиллагааг зохицуулдаг хууль. Танай яамнаас уг асуудалд онцгой анхаараарай. 

Арьс, ширний асуудлыг ярихаар ганцхан Дарханы цогцолборыг яриад байх юм. Өмнө нь иргэд арьс, ширээ гаргадаг байсан шүү дээ. 

Нөөцийн махыг бэлтгэхэд яам оролцох ямар ч хэрэггүй. Иргэдээ өлсгөнө үү, яана уу нийслэл нь шийдэг. Малчдын махны үнийг өсгөх хэрэгтэй. Гадаадаас хэдэн ам.доллараар мах авч иддэг байж, дотооддоо жилийн 4 улиралд арчилсан малын махыг хямд авч идэх гээд байдаг юм бэ? 

Хятадууд шүлхийтэй махаа эргэлтэд оруулдаг байхад манайх хэдэн мянган тонноор нь авчаад булчихдаг. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун:

-Газрын хуульд хөдөө аж ахуйн салбарын асуудал орж ирээгүй байна гэж байна. Манай яам санал оруулсан ч 50 хувийг нь л авсан. Бэлчээрийн тухай хуулийг УИХ-д оруулсан хараахан хэлэлцээгүй байна. Бэлчээрийн мал аж ахуйтай учраас хэтэрхий өмчлүүлж болохгүй. 

Арьс ширээ боловсруулъя гэвэл Дарханы цогцолборыг ярихаас өөр аргагүй. Хувийн хэвшил бол 2000-3000 арьс ширийг боловсруулж байна. Маргааш Туркийн арьс ширээр дагнасан бизнесмэнүүд Монголд ирнэ. Арьс ширний үйлдвэрийг байгуулахаар гадаадынхантай ч ажиллаж байна. Махны үнийг яам бариагүй. Зах зээлийнхээ жамаар явж байгаа. Ирэх жил бол манай яам нөөцийн мах бэлтгэхгүй. Нийслэлийн удирдлага хариуцах нь зүйтэй гэж Засгийн газар ярьж байна. Боловсруулаагүй тодорхой тооны арьс шир гарч байгаа. 

10 : 15
2022-11-18

УИХ-ын чуулганы хуралдаан завсарлалаа

УИХ-ын гишүүн Д.Ганбат: 

-Ардчилсан намаас Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд хориг тавих шаардлагыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүргүүлсэн. Уг асуудлыг тав хоногт багтаан шийдвэрлэх ёстой. Энэ баталсан төсөв чинь 2023 онд хэрэгжих боломжгүй болчихоод байна. Энэ онд л гэхэд төлөвлөснөөрөө нүүрсээ экспортолж чадаагүй. Ам.долларын ханш ахиад л өсчихлөө. УИХ энэ асуудалдаа анхаараач ээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийг дагалдан батлагдсан хуулиудын эцсийн найруулгуудыг сонслоо. 

Газрын тухай багц хуулиудыг хэлэлцэх байсан ч хууль санаачлагч нь байхгүй учраас хойшлууллаа. Тиймээс УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. 

14:00 цагаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлийн талаар мэдээлэл хийнэ.

09 : 53
2022-11-18

Газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ

УИХ-ын Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж