Ахмад дайчдад байрны түлхүүр гардууллаа

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Ахмад дайчдад байрны түлхүүр гардууллаа

Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас 1945 оны Халхын голын дайнд оролцсон ахмад дайчдад шинэ байрны түлхүүр гардуулан өглөө. Өмнө нь өнгөрсөн оны аравдугаар сард 81 ахмад дайчинд Батлан Хамгаалах яаманд, энэ оны гуравдугаар сард Нийгмийн хамгааллын яаманд 40 ахмад дайчинд байрны түлхүүр гардуулсан. Энэ удаа дайнд оролцсон 30 ахмад дайчинд цэргийн баярыг тохиолдуулж байрны түлхүүрийг нь олгож баяр дээр нь баяр нэмлээ. Байрны түлхүүрээ гардан авахаар Хэнтий, Өвөрхангай, Архангай, Дархан-Уул, Дорнод, Дундговь зэрэг аймгаас ахмадууд иржээ. Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны Төрийн Нарийн Бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ гардуулсан юм. Ахмадуудад Баянгол дүүргийн 6-р хороо “Материал импэкс”-ийн хашаанд байрлах “UB” компанийн барьж байгаа байрнаас олгож байгаа. Гэхдээ одоо хараахан  бүрэн ашиглалтад ороогүй байгаа аж. Түүнчлэн ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ахмад дайчдын үр хүүхэд, ач зээ нар нь ирж тэдний өмнөөс орон сууцны түлхүүр гардан авлаа. Халхын голын дайнд оролцож явсан Ч.Мижиддоржийн хүү Архангай аймгийн Цэнхэр сумын малчин М.Болорчулуун “Миний аав Ч.Мижиддорж нь 1945 оны Халхын голын дайнд оролцсон эх оронч, ахмад дайчин. Гэвч орчлонгийн жамаар хоёрхон сарын өмнө бурхан болсон доо, хөөрхий. Аавынхаа буян заяагаар үр хүүхдэдээ үлдээх байртай болсондоо маш их баяртай байна” гэж ярьж байлаа.            
Б.Болор-Эрдэнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж