АНХААР: Цахим луйварчид таныг онилж байна

Хуучирсан мэдээ: 2022.11.18-нд нийтлэгдсэн

АНХААР: Цахим луйварчид таныг онилж байна

АНХААР: Цахим луйварчид таныг онилж байна

Дэлхийн хаана ч хэд дахин нугарч ашиг өгдөг хөрөнгө оруулалт байдаггүй ч хялбар аргаар хурдан хугацаанд мөнгөө өсгөх гэсэн бодол нь монголчуудыг гадаадаас бүлэглэн үйлдэж буй цахим мөнгөний луйварт өртөн, бүхнээ алдахад хүргэсээр байна. Жишээ татвал,  "Onecoin” нэртэй цахим мөнгө буюу криптовалютад их хэмжээний хөрөнгө оруулаад “шатсан” тохиолдлууд монголчуудын хувьд олон гарсан. Хамгийн бага хохирол 5 сая төгрөгөөс эхэлсэн бол хамгийн өндөр нь таван тэрбумаар яригдаж буй. Гэвч сургамж болсонгүй. Ахмадууд тэтгэврийн зээл жилээр нь авч, залуус нь цалингийн зээл авч, виртуаль хөрөнгийн зах зээл рүү хийн, алдсаар байна. Энэ төрлийн луйвар нь ихэвчлэн сүлжээ хэлбэрээр буюу хэр олон хүн элсүүлнэ тэр хэрээр өндөр цалин, өндөр ашиг өгнө гэсэн бүтэцтэй байдаг нь ах дүүсээрээ хөрөнгөө нийлүүлэн, орж улам олуулаа хохирох нь олширчээ.

Цахим луйварчдын хувьд хуурамч төсөл, койнууд гаргах, эсвэл зохиомол үнийн хэлбэлзэл бий болгох замаар бусдыг хохироож, ашиг хийдэг. Иймээс хэд нугалсан ашиг өгнө гэсэн амлалтанд хууртахгүй байх нь цахим луйварчдаас мөнгөө хамгаална гэсэн үг.

ГАНЦ БИЕ ЭМЭГТЭЙЧҮҮД, БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ЦАХИМ ЛУЙВАРЧДЫН БАЙ НЬ

Цахим луйварчин нь иргэдийн сошиал хаягийг судлан ганц бие эмэгтэйчүүдийг онцлон харилцаа тогтоодог. Жишээ татвал,  АНУ-д амьдардаг иргэн өөрийгөө армид удирдах алба хашдаг хэмээн танилцуулж, удаан хугацааны турш онлайнаар харилцаж, Монгол Улсад очиж хамт амьдарна хэмээн итгүүлсэн тохиолдол  гарчээ. Ингэхдээ гэмт этгээд гадаад улсын дансанд гацсан их хэмжээний мөнгөө Монгол Улс руу гуйвуулахад гарах зардал, шимтгэл гэх нэрийдлээр гадаад данс руу 8,000-9,000 ам.доллар шилжүүлэн авч, хохироожээ.

Мөн Д.О хэмээх монгол эмэгтэй өөрийгөө АНУ-ын иргэн гэж итгүүлсэн Фэйсбүүк хэрэглэгч рүү 18 удаагийн үйлдлээр 77 мянган ам.доллар шилжүүлэн, залилуулсан хэрэг ч гарсан. Эмэгтэй өөрийгөө залилуулж байгааг хоёр сарын турш мэдээгүй. Цагдаагийн байгууллага шалгахад ийм нэртэй иргэн АНУ-д байхгүй нь тогтоогджээ. Ийм төрлийн гэмт хэргийн 60 хувь нь л илэрдэг бөгөөд гадаад дахь данс руу гарсан мөнгийг буцааж авах магадлал тун бага байдаг аж. Цахим луйварчид энэ төрлийн романс залиланг технологийн хэрэглээний талаарх ойлголт багатай улс орнуудад ихэвчлэн үйлддэг байна.

Мөн хэн нэгний фэйсбүүк рүү код хуулах программ явуулж, линк рүү ороод лайк дараад дэмжээд өг гэх бөгөөд лайк дарангуут таны код шууд тусгайлан бэлдсэн программаар хуулагддаг. Дараа нь таны фэйсбүүк хаягны кодыг өөрчилж, чатыг нь шалгаж, хэнтэй их харилцдаг вэ гэдгийг судлан мөнгө зээлээч гэх утга бүхий мессэж явуулдаг. Ийм аргаар дөрвөн хүн тутмын нэгээс нь мөнгө салгадаг. Тиймээс эдгээр утга бүхий мессеж явуулж хандалт хийж буй үйлдэлд итгэж болохгүйг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Цахим луйварт бизнес эрхлэгчид ч өртөж, хохирч байна.

Онлайнаар хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн, гар утасны худалдааг дагасан залилангийн хэргээс гадна олны танил хүмүүсийн нэр хаягийг ашиглаж, сугалаа явуулах зэргээр иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилах тохиолдол ч гарч байгаа юм.

БАЙР ТҮРЭЭСЛЭХ ГЭЖ БАЙНА УУ, ДАХИН, ДАХИН ШАЛГА

"Мөнгө зээлж хүүнд нь байранд үнэгүй суулгана", "Байр түрээслүүлнэ", "Байрлал сайтай газар байр түрээслүүлнэ" гэх зарыг олон нийтийн сүлжээнд байршуулж, холбогдсон иргэдэд бага үнэ амлаж урьдчилгаагаа өгөхгүй бол өөр хүнд түрээсэлнэ гэж хэлж залилах гэмт хэрэг олноор бүртгэгдэх болжээ. Иймээс та хохирогч болохгүйн тулд зар оруулсан этгээд нь луйварчин уу, эсвэл үнэхээр байр түрээслэх хүн мөн үү гэдгийг сайтар нягталж байж, түрээсийн мөнгөө шилжүүлэхгүй бол хохирогчдын тоог нэмж болзошгүй байна.

Цахмаар түгээмэл үйлдэгдэж буй гэмт хэргүүдэд:

  • Онлайн худалдаа;
  • АТМ болон ПОС төхөөрөмжөөр үйлчлүүлэхдээ нууц үгээ алдах;
  • Фэйсбүүкийн нууц үгээ алдах;
  • Зээл, хөрөнгө оруулалтын санал;
  • Цахим захидлын халдлага;
  • Азтан шалгаруулах;
  • Өв залгамжлал, романс, захидал;

35-ААС ДЭЭШ НАСНЫХАН ТҮЛХҮҮ ХОХИРДОГ БОЛОВ

Хууль чангарахаар хулгай нь нарийсдаг гэдэг шиг цахим залилагчид өмнө нь мессеж бичин, фэйсбүүкийнх нь нууц үгийг авч, дансыг нь хоосолдог байсан бол одоо “Банкнаас ярьж байна. Та нууц дугаараа өг. Таны нууц дугаарыг сэргээх гэж байна" гэхчилэн худал ярьж, нууц дугаар авдаг болсон аж. Ийм тохиолдол гарвал банк руу хандаж нягтлах, хувийн мэдээллээ бусдад өгөхгүй байхад анхаарах шаардлагатайг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар интернэт хэрэглэгчийн тоо 3.2 саяд, фэйсбүүк хэрэглэгчийн тоо давхардсан тоогоор 2.8 саяд хүрчээ. Энэ төрлийн гэмт хэргийн тоо өсөх болсон шалтгаан нь ард иргэдийн цахим хэрэглээ өссөнтэй холбоотой аж. Ингэхдээ цахим луйварт 35-аас дээш насныхан илүүтэй өртөж хохирох болсон нь технологийн мэдлэг тааруутай нь холбож байгаа юм.

Цагдаагийн байгууллагын мэдээгээр 2022 оны эхний арван сарын байдлаар залилах гэмт хэрэгт нийт 818.7 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Тиймээс гар утсандаа ирсэн нууц үгээ бусдад шилжүүлэхгүй, фэйсбүүк, банкны картныхаа нууцлалыг сайтар хангах нь чухал байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж