Бугуйн цагаа харахад оройн 19.30 болж байлаа. Өдийд бар, ресторанаас бусад бүх л албан газрууд, тэр ч бүү хэл дэлгүүр хоршоо үүдээ хааж байдаг цаг. Гэтэл тэнд очиход хүүхэд, томчууд бужигнаж, хөлсөө арчин тоглож байлаа. Тэнд гэдэг маань хотын захад шахуу байх Улаанхуарангийн эцэст байрлах “Кайду Молл” энтертайнмент цогцолбор. Нэг үеэ бодвол хүүхэд багачуудад зориулсан тоглоомын газрууд Улаанбаатарт хэд, хэд бий. Гэхдээ аав, ээжтэйгээ хамтдаа тоглох боломжгүй. Хүүхдүүд тоглох үед нь аав ээж нь гадаа нь хүлээгээд сууж байдаг бол "Кайду Молл” энтертайнмент цогцолбор аав, ээжтэйгээ хүүхэд тоглох боломжийг бүрдүүлжээ.
Цогцолборын долоон давхарт гарахад хүүхдүүд шуугилдаж, өнгө алгалсан том том тоглоомууд угтав. Бүртгэлээ хийлгэснээр нэг хүүхэд ажлын өдөр хоёр цагийн турш тоглох эрх бүхий тасалбар 27 мянган төгрөг байх бол амралтын өдөр 29 мянган төгрөгийн үнээр тоглох боломжтой. Харин эцэг, эх болоод асран хамгаалагчид үнэ төлбөргүй тоглох аж. Өнөөдөр ажлын өдөр хэдий ч үйлчлүүлэгчид олон харагдана. Төлбөрөө төлөөд орох үед зүүн талд байх ажилтан хэсэг бүрийн хариуцсан хүнээс тоглохын өмнө зөвлөгөө авахыг сануулж байлаа. Хүн бүр гутлаа тайлан гадуур хувцсаа шүүгээнд хийн тоглоомын хэсэгт нэвтрэх юм байна.
Тоглоомын төв рүү ормогц өндрөөс долгионтой доош уруудах аварга гулсуур харагдлаа. Зургаан эгнээ бүхий аварга гулгуур нь зургаан метр өндөр, найман метр урттай гэнэ. Гулгуурын хажууд очиход тус хэсгийн ажилтан Э. Бум-Аюуш зөвлөгөө өгч байлаа.
Тэрбээр таваас дээш насны хүүхдүүдийг гулсуур дээр нь очиж хөлөө аюулгүйн даавуун уутан дотор хийн суухыг зөвлөөд гулгуулна. Харин таваас бага насны хүүхдүүдийг мөн адил зөвлөж асран хамгаалагчтай нь тоглуулдаг. Энэ тоглоом хүүхэд бүрийн дуртай хамгийн их анхаарлын төвд байдаг тоглоомын нэг манай брэнд тоглоом гэсэн юм.
Зургаа, долоон нас орчим охинтойгоо хамт нэгэн ээж гулсаж тоглоно. Тэднийг харвал үнэхээр жаргалтай нэгэн үдшийг өнгөрөөж буй нь нүүрнээс нь, инээмсэглэлээс нь тод харагдана. Тэнд нэгэн аав хүүтэйгээ сагсны автомат тоглоом тоглож байв. Томчуудын хувьд галт тэргэнд суугаад хүүхэд насандаа очсон мэт санагдаж буйгаа нуусангүй. Тэр тусмаа хүүтэйгээ, охинтойгоо, хүүхдүүдтэйгээ хамт тоглож стрессээ тайлж, дурсамж бүтээж байгаадаа баяртай байлаа.
Улаанбаатар хамгийн их стресстэй хот. Өдөр тутмын түгжрэл дунд сонсох хар мэдээ, утаа, угаар гээд асуудал ихтэй, аюултай хот. Стрессээ ихэнхдээ бар, ресторанаар тайлах томчууд. Харин одоо тэд хүүхдүүдтэйгээ хүүхэд шиг тоглох боломжтой болжээ. Амралт, ажлын өдөр гэлтгүй тус төв хөл хөдөлгөөн ихтэй байдаг гэнэ. Хотын захад оршдог хэдий ч үйлчлүүлэгчид хотын аль ч дүүргээс хэрэг болгон зорьж очиж тоглодог байна.
Сагсны автомат шийдүүдэд тоглож буй аав нар бараг хүүхдээ "мартсан" маягтай тоглоомдоо улайрчээ. Тухайн хэсгийн ажилтан хэдий бие нь том ч гэлээ эрчүүд хүүхэд хэвээрээ байдаг тухай "шоглонгуй" ярилаа. Тэд хүүхдүүдтэйгээ ана мана, яг үе тэнгийн юм шиг өрсөлдөж тоглодог гэнэ.
Түүнийг Х. Гульназ гэдэг. Тэрбээр гэр бүлээрээ тоглохоор тус төвд иржээ. Бүсгүй ярихдаа “Бусад тоглоомын төвүүд хүүхэд л оруулдаг нь хүүхэд тоглож чадах эсэхэд эргэлзээ төрүүлээд жоохон сэтгэл ханамж муутай байдаг.
Харин энэ төвд гэр бүлээрээ хөгжилдөж болох нь илүү таатай санагдаж байна. Болохгүй гэсэн заалтгүй учир бүх тоглоомууд руу өөрсдөө гүйгээд, хамтдаа тоглож байгаа нь их л сонирхолтой гоё юм” гэв.
Паркийн чанх урд байт харвааны хэсэг байх агаад тэнд мөн л аав нар аль хэдийнэ "эзэгнэчихсэн" харагдана. Болоогүй хүүхдүүдтэйгээ муудалцан тоглох тэд ёстой л хүүхэд насандаа эргээд оччихсон мэт. Байт харваа нь хүүхдийн хөгжил, хүмүүжилд эерэг өөрчлөлт үзүүлдэг байна. Хүүхэд нумаа татахдаа бие, сэтгэл санаагаа тайван байлгаж хүлээцтэй, тэвчээртэй болж төлөвшинө.
Мөн биеийн хөгжил тэгш явдаг. Бие дааж, анхаарал сайжирч, хүний үг сонсдог болдог гэнэ. Уг тоглоомоор 14 – өөс дээш насныхан тоглох юм байна. Үүнийг л бүх насныханд зориулсан парк гэх байх.
Шатаар зүүн тийшээ өгсвөл трамполин буюу үсэрдэг тоглоом зөөлөн порлонтой хэсэг байлаа. Тэнд бага насныхан голдуу тоглоно. Бас томчууд ч үсэрч, харайж харагдав. Хүүхдүүд нэг талаас нь үсрээд шумбадаг тоглоом руу орно. Агаар дээр "эргэлдэн" тоглох хүүг А. Оджаргал гэдэг. Хүү тус төвөөр хоёрдох удаагаа үйлчлүүлж буй гэнэ. Тэрбээр хөнгөн атлетикийн спортоор хичээллэдэг тул энэ том зайд дураараа байх нь тааламжтай байдаг гэв. Үсрэлтийн спорт нь хүний орон зайн мэдрэмжийг нэмэгдүүлдэг бөгөөд бие бялдрыг жигд хөгжүүлэх бүрэн боломжтой.
Мөн зүрх судас, цусны урсгалыг сайжруулдаг, илүү уян хатан болж маш их эрч хүч зарцуулдаг бөгөөд энэ нь эргээд хүүхдэд маш их жаргалтай байдлыг бий болгодог давуу талтай байна.
Энэ давхарт байх авиралтын хана нь хүүхдийн тэсвэр, тэвчээр болон анхаарлаа төвлөрүүлэх, түргэн хугацаанд дараагийн алхмаа сэтгэн бодоход үр нөлөөтэй спортын нэг төрөл юм. Давхар бие бялдрын хөгжилд эерэг нөлөөтэй.
Тэнцвэрийн шат нь хүүхдийн анхаарлаа төвлөрүүлэх, зоригтой алхам хийх чадварыг хөгжүүлсэн тоглоом юм. Үүний давуу тал нь хүүхэд айдсаа даван туулж түүнээсээ эрч хүч, адреналин авах бүрэн боломжтой байна. Боксын спорт нь хүүхдийн анхаарлыг төвлөрүүлж, төлөвшил суулгаж бие бялдар хөгжүүлэх зорилготой. Тус тоглоомын төвийн бокс нь мэдрэгчтэй бөгөөд тул боксын спортоор хичээллэж байгаа мэт биеэ хөгжүүлэх бүрэн боломжтой аж.
Zip line нь хүүхдийг сэргээх адреналин өгөх зориулалтай дүүжин савлуур юм. Тэнд охид голдуу тоглож байлаа. Савлах бүрт нь "орилох" охидыг харахад ёстой л хамаг стресс "сэгсэрч" байх шиг ээ. Тэгвэл 3D тоглоом нь хүүхдийн анхаарлыг төвлөрүүлэх зориулалттай. Тус төвд юу тогломоор байна, тэр бүхэн бэлэн байна.
Ninja warrior нь найман төрлийн саадтай тоглоом байгаа үүн дээр хүүхдүүд анхаарлаа төвлөрүүлж тэсвэр болон биеийн бялдрыг хөгжүүлж саадыг давах зориулалттай. Air jump нь трамполины дэлгэцтэй холбосон маш сонирхолтой бөгөөд тоглож буй хүүхэд өөрөө тоглоом нь дотроо орж дэлгэц нь дээр гардгаараа давуу талтай юм байна.
Харин найман давхар нэгээс зургаан настанд зориулагдсан гэнэ. Шатаар гарах төдийд машин гулгуур дээр суусан багачууд харагдана. Мөн энэ давхарт кафе байрлажээ. Цааш эргэвэл Төөрдөг байшин.
Тэрчлэн хүүхдийн ахуй амьдралтай холбоотой утгат тоглоом цөөнгүй байрлуулсан байлаа. Энэ давхрыг тоглоомын төв доторх бяцхан цэцэрлэг байдлаар хөгжүүлсэн гэнэ. Тус төвд хүүхдүүдээ тоглуулж яваа Б. Чингэс энэ парк нээгдсэнд ихэд олзуурхаж буйгаа ярилаа. “Энэ хавьд хамгийн ойр учраас өнөөдөр гэр бүлээрээ ирлээ. Хүүхдээ тоглуулна гээд хол явах шаардлагагүй болсон байна. Мөн хүүхдийг насны хязгаараар нь давхар шийдэн тоглуулж байгаа нь тааламжтай санагдлаа” гэсэн юм.
"Кайду Ворлд” тоглоомын төвийн үйл ажиллагаа хариуцсан ахлах ажилтан С. Эрдэнэсувд. “Манай төв дотор зориулалтын бүх насныханд зориулагдсан парк гэдгээрээ бусдаас онцлог, давуу талтай. Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ мартчихсан тоглож байх тохиолдол цөөнгүй бий. Томчууд зарим тохиолдолд дотроо тогломоор байгаа ч зүгээр л суугаад байдаг. Эдгээр хүмүүс санаа зоволгүй хүн бүрийн дотор орших хүүхэд зангаа гаргаж хөгжилдөөрэй гэж хэлмээр байна. Манайх хоёр давхраар үйл ажиллагаа явуулдаг. Долоон давхарт долоон наснаас дээш хүмүүс тоглох тоглоомтой давхрын нийт хэмжээ нь 1500 метр квадрат байгаа.
Цаашдаа трамполин, байт харваа болоод хөгжүүлэх спорт тоглоомууддаа техник аргийг заадаг багштай болж сургалтууд явуулна. Харин найман давхрын 700 метр квадрат талбайд нэгээс зургаан настанд зориулсан жижиг зөөлөн тоглоомууд болон жижгэрүүлсэн цэцэрлэг бий.
Бага насны хүүхдүүдийн тоглох зүйлсээр орчныг бүтээхийг хичээн ажиллаж байна. Манай төвд трамполин, авиралтын хана, байт харваа, zip line, тэнцвэрийн шат, нэгээс зургаан настай хүүхдэд зориулсан зөөлөн тоглоом зэрэг нийт 15 нэр төрлийн тоглоом бий. Даваа гаригаас Ням гариг хүртэл өглөө 11 цагаас орой 21 цаг хүртэл тогтмол үйл ажиллагаагаа явуулдаг. Амралтын өдөр ажлын өдрийг бодоход ачаалал тав дахин нэмэгддэг учир үйлчлүүлэгчдээ аль болох завтай бол ажлын өдрүүдээр үйлчлүүлж байгаараа гэж захилаа.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Холбоотой мэдээ