“ЭТТ”, “Энержи ресурс”, “Тавантолгой” 2023 оноос С зөвшөөрөл олгоно

Хуучирсан мэдээ: 2022.11.18-нд нийтлэгдсэн

“ЭТТ”, “Энержи ресурс”, “Тавантолгой” 2023 оноос С зөвшөөрөл олгоно

“ЭТТ”, “Энержи ресурс”, “Тавантолгой” 2023 оноос С зөвшөөрөл олгоно

Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын Авто тээврийн хэлэлцээрийг 2011 онд байгуулсан. Тус хэлэлцээрийн 3.1-д “…хэлэлцэн тохирогч нэг талын машин хэлэлцэн тохирогч нөгөө талын нутаг дэвсгэрт нэвтрэхдээ хэлэлцэн тохирогч нөгөө талын эрх бүхий байгууллагаас олгох зорчих зөвшөөрөл, онцгой зөвшөөрөл авч нэвтэрнэ” гэж заажээ.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд БНХАУ-ын талаас Монгол Улсад хүлээлгэн өгсөн зорчих болон онцгой зөвшөөрлийн бичгийг БНХАУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэх Монгол Улсын дугаартай тээврийн хэрэгсэл тус бүрд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас олгосоор ирсэн.

Хэлэлцээрийг хэрэгжүүлэх яам хоорондын протоколын 2.2-т “С төрлийн зорчих зөвшөөрлийг байнгын ачаа тээвэр хийх тээврийн хэрэгсэлд олгох бөгөөд олгосон өдрөөс эхлэн 90 хоногийн дотор олон удаа хил нэвтрэхэд хүчинтэй байна” гэж заажээ. Энэхүү төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг уул уурхай экспортын тээвэр гүйцэтгэж буй тээврийн хэрэгслүүдэд олгодог билээ.

Цар тахлын улмаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Зам, харилцаа тээврийн танхимаас тус улстай хиллэдэг авто замын боомтуудаас Ганцмодны боомтын хүчин чадлыг тооцож, Монголын талыг Гашуунсухайт-Ганцмодны боомтын чиглэлд нэг улиралд 6000-аас илүүгүй тээврийн хэрэгсэлд хил нэвтрэх С төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох мэдэгдлийг удаа дараа ирүүлж байжээ. Мөн илүү олговол Ганцмодны боомтод мэдээлэл хүргэхгүй гэсэн шаардлага тавьсаар иржээ. Бусад боомтын хувьд тоо заагаагүй учир тээвэрлэлт гүйцэтгэх шаардлага хангасан тээвэрлэгч бүрд олгон ажиллаж буй юм.

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас хил нэвтрэх зөвшөөрлийн бичиг олгох үйл ажиллагааг хөнгөвчлөх, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, холбогдох хууль, дүрэм, журам, стандартаар хүлээсэн үүргийг хангасан тээвэрлэгчид хил нэвтрэх С төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох зорилгоор Тээврийн нэгдсэн системийн программ хангамжийг 2019 онд нэвтрүүлжээ. Мөн зөвшөөрлийн бичгийг татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй, авто тээврийн байгууллагын стандарт, шаардлагыг хангасан байгууллагад олгосон байна.

Улс саяхныг хүртэл тээврийн компаниудын тээвэр логистикийн үйлчилгээнээс авах татвараа бүрэн авч чаддаггүй байж. 2020 оноос эхлэн тээврийн компаниудад татварын өртэй бол зөвшөөрлийн бичиг олгоогүй тул компаниуд бүгд татварын өргүй болжээ. Энэ оны 10 сарын байдлаар зөвхөн тээврийн компаниуд 350 орчим тэрбум төгрөг татварт төлсөн байна. Тээврийн компаниуд өмнө нь ийм хэмжээний татвар төлж байгаагүй аж.

ЯАГААД С ЗӨВШӨӨРЛИЙГ УУРХАЙНУУД ОЛГОХООР БОЛОВ?

С төрлийн зорчих зөвшөөрлийн үнийг нэмэгдүүлж, дамлаж зарсан, авлига, албан тушаалын гэмт хэрэг цөөнгүй гардаг. Нийт 240 аж ахуйн нэгжийн 20 мянга орчим тээврийн хэрэгсэл тээвэрлэлт хийж байгаа бөгөөд С төрлийн зорчих зөвшөөрлийн 6000 бичгийг оновчтой хуваарилж олгох, зохицуулалт хийх шаардлага үүсчээ.

Ирэх 2023 оноос уул уурхайн С зөвшөөрлийг ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжид өөрсдөд нь олгохоор болсон байна. Монгол Улс нийт 20-иод улстай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулаад, заримтай нь хэлэлцээр байгуулах бэлтгэл ажлын хүрээнд зөвшөөрлийн бичгүүд солилцсоны дагуу тээвэрлэлт хийгдэж буй ажээ.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдын мэдээлснээр, 2022 оны дөрөвдүгээр улирлын зөвшөөрлийн бичиг олгогдсон бөгөөд Зам тээвэр, хөгжлийн сайд, Сангийн сайд, Хууль зүйн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан Covid-той холбоотой журмын дагуу тээвэрлэлт үргэлжилж буй юм байна.

Тэрбээр хэлэхдээ “2023 оны нэгдүгээр сараас С зөвшөөрлийг Авто тээврийн үндэсний төв биш, уул уурхайн олборлогч компаниуд олгоно. Тус компаниуд АТҮТ дээр гэрээ байгуулаад, уурхайнууд руу зөвшөөрлийн бичгийг улирал улирлаар нь өгье гэж байгаа юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас аль компанид хэдэн зөвшөөрөл, хэдэн хувийг нь олгох вэ гэдэг квотоо л өгсний дагуу уурхайнууд руу өгнө гэж байгаа юм. Сайн мэдээ гэвэл Монгол, Хятад хоёр улсын хэлэлцээрийн дагуу АТҮТ Хятадын талтай жил болгон уулзалт хийж, зөвшөөрлийнхөө тоог тохирдог.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд улиралд 6000 орчим зөдшөөрөл өгч байсан. Энэ жил хоёр тал зөвшөөрлийн бичгийнхээ тоог нэмэгдүүлж, нэг улиралд 7800 орчим зөвшөөрөл өгөхөөр болж, нийт 1800 орчим зөвшөөрлийн бичиг нэмэгдсэн байна. Энэ 7800 зөвшөөрлийн бичгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд уурхайн олборлолт хийж буй “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, орон нутгийн өмчит “Тавантолгой” гэсэн гуран компанид хуваарилна. Тус компаниуд тээврийн компаниуддаа С зөвшөөрлөө олгоод явна. Энэ ажил гэрээгээр зохицуулагдаад явна.

Хэлэлцээрийн хүрээнд яамд хоорондын протоколоор Монгол Улсын эрх бүхий байгууллага Зам, тээвэр хөгжлийн яам, эрх олгогдсон байгууллага нь АТҮТ ТӨҮГ гээд тогтсон байдаг. Үүнийг сольж болохгүй. Хятадын талтай дахин хэлэлцээр хийх болно. Ингэж төвөг удахгүйгээр АТҮТ уурхай хоёр гэрээ байгуулаад, зөвшөөрөл олголтыг хамтран зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, зөвшөөрлийн бичиг нь “АТҮТ олгов” гэсэн тамгатай байх бөгөөд уурхайн компани автомашины болон жолоочийн дугаараа бичээд явна. Өмнө нь явж байсан стандарт дүрэм журам өөрчлөгдөхгүй. Бидний ашигладаг Тээврийн мэдээллийн санд зөвшөөрөл олгосон мэдээллээ оруулаад явах юм.

Бид Монгол Улс руу валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр олборлолт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулаад, төрийн өмчит компаниудад тодорхой тоон дүнгээр үүрэг даалгавар өгсөн. Шат дамжлагыг нь багасгаж байна гэсэн үг” гэв.

Засгийн газрын тогтоолд уурхайнуудыг аман дээрээсээ нүүрс зарж байсныг болиулж, уурхай өөрөө хил нөхцлөөр гэрээ байгуулж, уурхайнууд нүүрсээ хилийн боомтод хүргэж өгөх зохицуулалт хийж буй юм байна. Уурхайтай гэрээ байгуулаагүй тээврийн компани С зөвшөөрлийн бичиг аваад ч ачих ачаа байхгүй байна гэсэн үг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж