Олон улсад цахиур хагалж буй монгол кинонууд

Хуучирсан мэдээ: 2022.11.18-нд нийтлэгдсэн

Олон улсад цахиур хагалж буй монгол кинонууд

Олон улсад цахиур хагалж буй монгол кинонууд

Сүүлийн үед олон улсын кино наадмуудад амжилт гаргаж буй монгол уран сайхны кинонуудыг танилцуулъя.


"ХӨХӨӨ" 

Найруулагч Ж.Жамъяансүрэнгийн уран бүтээл сүүлд “Хөхөө” уран сайхны кино 31 дэх удаагийн "Киношок" олон улсын кино наадмаас дөрвөн шагнал хүртсэн. ОХУ-д 2022 оны есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 2-нд зохион байгуулсан “Киношок" олон улсын кино наадмаас шилдэг эрэгтэй дүр, шилдэг эмэгтэй дүр, шилдэг кино, шилдэг найруулагч зэрэг шагнал хүртжээ. "Шилдэг эрэгтэй дүр" төрөлд Ц.Цэрэнболд, "Шилдэг эмэгтэй дүр" төрөлд Гавьяат жүжигчин Т.Борхүү, "Шилдэг найруулагч" төрөлд Ж.Жамъяансүрэн, "Уран сайхны шилдэг кино"-ны "Golden Vine" цом зэрэг шагналын эзэн болсон байна.

“Хөхөө” уран сайхны кино 2020 онд 12 дахь удаагийн “Улаанбаатар олон улсын кино наадам”-ын монгол кино хэсгийн “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч” шагналыг хүртэж байсан юм.

"ТРИО"

“Трио” уран сайхны кино Тайландын алдарт кино наадмын нэг болох "Thai Film Festival"-иас "Шилдэг кино" шагнал хүртсэн. Мөн АНУ-ын олон улсын кино наадмаас "Шилдэг зураглаач" номинацийн шагнал хүртээд буй.
Монгол уран бүтээлчдийн хийсэн уг кино 2022 оны аравдугаар сард болох 38 дахь удаагийн Варшавын олон улсын кино наадамд амжилттай оролцсон гээд олон улсын наадамд амжилттай оролцож байна.
Энэ кино дэлхийн А зэрэглэлийн наадам болох Эстони улсын "Таллины хар шөнө" олон улсын фильм фестивальд оролцохоор болжээ. Тун удахгүй Монголдоо 2023 оны хоёрдугаар сарын 24 нд нээлт хийх гэнэ.
"ЕСДҮГЭЭР САРЫН ЦАС"
Монгол кино 79 дэх удаагийн Венецийн олон улсын кино наадмын "Шилдэг богино кино" төрөлд түрүүлсэн. Тодруулбал, Монголын кино урлагийн зөвлөлийн дэмжин ажилласан найруулагч П.Лхагвадуламын “Есдүгээр сарын цас” богино хэмжээний кино өнгөрсөн долдугаар сард уралдаант хэсэгт шалгарсан.

Уг бүтээлийг Франц улсын “Аврора Фильм” компани, Монголын “Гуру Медиа” компанитай хамтран бүтээсэн бөгөөд Катя Казак, Ц.Ариунаа нар продюсерээр ажиллаж, М.Сүхбат, А.Номин-Эрдэнэ, Б.Энхгэрэл, Б.Одгэрэл нарын жүжигчид тоглосон юм.

“Есдүгээр сарын цас” кинонд өсвөр насны эрэгтэй хүүхдэд өнөөгийн нийгмээс үзүүлж буй нөлөөллийн тухай өгүүлдэг.

"ХУДАЛДАГЧ ОХИН"

Ж.Сэнгэдорж найруулагчийн уран бүтээл болох “Худалдагч охин” уран сайхны кино Нью-Йоркийн Азийн кино фестивалийн уралдаант хэсэгт шалгарч, шилдэг кино шагналыг хүртсэн.

“Худалдагч охин” уран сайхны кино нь Осакагийн Азийн кино фестивалийн уралдаант хэсэгт мөн шалгарч, залуу жүжигчин Б.Баярцэцэг "Шилдэг эмэгтэй дүр"-ийн шагналыг 2022 оны гуравдугаар сард эх орондоо авчирсан юм.

Уг уран сайхны кино 2021 онд нээлтээ хийсэн бөгөөд гол дүрд жүжигчин О.Энхтуул болон залуу жүжигчин Б.Баярцэцэг нар тоглосон билээ.

"ЭРГЭЖ ИРЭХГҮЙ НАМАР"

Жүжигчин Б.Амарсайханы найруулагчаар ажилласан анхны бүтээл “Эргэж ирэхгүй намар" уран сайхны кино олон улсын кино фестивальд шалгарчээ. Тодруулбал, Канадын Ванкувер хотноо 41 дэх удаагаа зохион байгуулж байгаа "Vanguard Award" олон улсын кино наадмын уралдаант хэсэгт шалгарч, дэлхийн нээлтээ хийхээр болсон байна.
Зохиолч Т.Бум-Эрдэнэ нь “Түнтүүлэй” өгүүллэгээс сэдэвлэн кино зохиолыг нь бичжээ.

Жүжигчин Б.Амарсайхан "Марко Поло", "Үргээлэг", "Бодлын хулгайч", "Mongolian Connection", "Итгэл" зэрэг кинонд гол болон туслах дүрд тоглож байсан. Тэрбээр сэтгэл зүйн драм төрлийн "Хохирогч" 10 ангит цуврал кино бүтээсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж