Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрийн дагуу УИХ ээлжит бус чуулган зарлаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, цөөнгүй гишүүн давхар дээл нөмөрсөн. Засгийн газрын халаа сэлгээ цаашид ч үргэлжлэх төлөвтэй, он гараад зарим дан дээлтэй сайд нараа солих тухай яриа улс төрийн хүрээнээс сэвэгдэх болсон. УИХ-ын зарим гишүүдийн хувьд давхар дээл нөмрөх нь ёстой л өдрийн бодол, шөнийн зүүд болж байх шиг. Жишээ нь, Эрүүл мэндийн сайдын суудалд "залрах" нь Ж.Чинбүрэн гишүүний мөрөөсөл болсон, улс төрийнхөө акцыг энэ салбар руу чиглүүлээд удаж буй юм. Үнэндээ мэдлийн төлөөх эрх баригчдын зодоон улам ширүүсч, улс төр улайсаж байна.
Тэрчлэн Засгийн газар он гараад хоёр Шадар сайдтай болно.
2023 оны төсвийн хуулийг дагалдуулан Засгийн газрын тухай хууль болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улс ирэх оноос хоёр Шадар сайдтай болохоор хуульчлагдсан. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн сайд нь давхар Монгол Улсын Шадар сайд гэх дээл нөмөрч буй. Тэгэхээр Ч.Хүрэлбаатар сайдын эрх мэдэл ирэх оноос зузаарна гэсэн үг. Үүнд хамгийн их бухимдаж яваа гишүүн бол Б.Энхбаяр. Улаанбаатарт хэрэгжүүлэх LRT төслийг Ч.Хүрэлбаатар эсэргүүцэж, "тээг" тавьснаас болоод тэд бие, биеэ сошиал намнаад удаж байгаа билээ.
Тиймээс Ч.Хүрэлбаатар "гурван давхар дээл"-тэй болсонд Б.Энхбаяр гишүүн ундууцаж, “Засгийн газраас Шадар сайд болон Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд агентлаг байгуулах талаар оруулж ирээгүй. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудал бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал байдаг. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн мэдүүлнэ гэсэн хуулийн заалттай. Тийм учраас Үндсэн хууль зөрчигдөх нь” гэж шүүмжилж байлаа.
Дээрх асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодруулахад “Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн асуудал эрхэлсэн сайдтай болсон. Анх Засгийн газрын бүтэц хоёр жилийн өмнө төлөвлөгдөж, УИХ-аар орж ирж батлагдах процесс явах үедээ Эдийн засгийн хөгжлийн сайд нь гадаад орнуудтай харилцах үндсэн хөрөнгө оруулалтын асуудлыг ярьж байх үүрэгтэй учраас Шадар сайдын статустай байх нь зөв гэж үзсэн байдаг. 2023 оны төсвийн төслийг өргөн барихдаа Засгийн газраас Засгийн газрын бүтцийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд Эдийн засгийн хөгжлийн сайд бөгөөд Монгол Улсын Шадар сайд гэсэн статустай ажиллахаар болсон. Мөн онцгой байдлын асуудал эрхэлсэн Шадар сайдаар С.Амарсайхан хэвээр ажиллана” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Ирэх онд Ч.Хүрэлбаатар сайд дараах төсвийг зарцуулахаар тусгажээ. Нийт 297,986.9 сая төгрөг байхаар төлөвлөж, урсгал зардлыг 15,202.7 сая төгрөгөөр тооцож хөрөнгийн зардлыг 282,784.2 сая төгрөг байхаар төсөвлөжээ.
Үүнээс гадна, 2023 оны төсвийг баталсан учраас тун удахгүй Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргыг томилно. Ингэснээр Засгийн газар бүрэн бүрэлдхүүнээрээ ажиллах юм. Гэхдээ МАН-ын Бага хурал арванхоёрдугаар сарын 6-ны өдөр болох бөгөөд шинэ сайд, дэд сайд зэрэг улс төрийн томилгоонуудыг Бага хурлын дараа хийхээр төлөвлөж буй.
Л.Оюун-Эрдэнэ танхимдаа өөрчлөлт оруулахдаа Эрүүл мэндийн сайд, Барилга хот байгуулалтын сайд, Соёлын сайд нарыг үлдээсэн. Тэгвэл Барилга хот байгуулалтын сайдыг мөн өөрчлөх асуудал улс төрийн хүрээнд яригдаж эхэлжээ. Ийнхүү эрх мэдэл, сандал суудал, ашиг сонирхол, хөрөнгө мөнгөнөөс болоод МАН-ынхан өөр хоорондоо үг шидэлцэж, хэрүүл өдөж, хэн нэгнийгээ нухчин дарахаар улайрч байна.
Холбоотой мэдээ