Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Баасанхүү өнөөдөр /2022.11.17/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Ардчилсан нам 4:11-ээр өмнө нь нүүрсний хулгайн асуудлыг анх олон нийтэд мэдээлж байсан. 20 тэрбумын нүүрсний хэрэг илрэх гэж байна гэж… Авлигатай тэмцэх газар маш сайн ажиллаж байна, хүний, өөрийн гэхгүй бүх хүмүүсийг шалгаж байгаа юм байна, 30 гаруй обьектод шалгалт хийж, хүмүүсээс байцаалт авч.
Маш нөлөө бүхий хүмүүс гэж хэлж болох УИХ-ын гишүүн, Ардын намын шударга тав гэж нэрлэдэг хүмүүс ч нүүрсний хэргээр шалгагдахаар болж байна. Гэтэл энэ хэргийг сарниулах зорилгоор бусдыг шантаажлах, үндэслэлгүй мэдээллээр төөрөгдүүлэх хэсэг бүлэг этгээд байна.
Ойрын өдрүүдэд манай намын лидер С.Баярцогт руу гүтгэлгийн шинжтэй мэдээлэл явууллаа. Захиалагч нь нөлөө бүхий Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдын ранктай хүн байна уу гэж хардаж байгаа. Яагаад гэвэл хуулиас айхгүй, хүнийг үндэслэлгүй гүтгэсэндээ санаа зовохгүй байгаад гайхаж байна.
“Задлан” нэвтрүүлгээр зургаан тэрбум төгрөгийг гурван үсэгтэй компаниас авсан, 40 тэрбумыг Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүдэд тарааж, худалдан авах гэж байна гэж гүтгэлээ. Ардчилсан намын жирийн гишүүд тэр дундаа Үндэсний бодлогын хорооны гишүүдийг гутаан доромжлохыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Дохиураар шантаажаар гэмт хэрэгт гүтгэх байдлаар тархи угаадаг үе өнгөрсөн.
Мэдээллээ нотлох баримтаа ил тод гаргахыг шаардаж байна. Олон нийтэд хандаж хэлэхэд Ардчилсан нам эмхэрч цэгцэрч байна. Удахгүй үндэсний хэмжээний хурлаа хийгээд даргаа сонгоод явна. Энэ сунгаанд өрсөлдөх эрхгүй хүн бий, тэр бол Х.Баттулга. Бусад бүх хүн өрсөлдөх бүрэн эрхтэй" гэв.
-Танай Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд худалдагдчихдаг юм уу. Худалдагдсан хүмүүс нь удирдлагаа сонгох юм уу?
-Ардын намынхны ерөнхий хандлагыг би мэднэ. Босоо удирдлагатай учраас даргын харцаар л явдаг. Ж.Энхбаяр гишүүн заалнаас нэр дэвшсэнээс болж, улс төрийн дэмжлэггүй болж баларлаа гэж ярьж байсан. Ардчилсан намын гишүүдийн хувьд тийм зүйл байхгүй. Үзэл бодлоо ил хэлдэг, шүүмжлэлээ хэлдэг, тус, тусдаа фракц үүсгэдэг, тэгэхдээ үзэл баримтлал, эрх ашиг дээрээ нэгдээд явдаг. Тийм учраас Үндэсний бодлогын хорооны хувьд нэгдсэн том арга хэмжээ авахаар ажиллагаа маш үр дүнтэй явж байна. Ардчилсан намыг хүчгүй болгох гэсэн, хагалах гэсэн, барьцаалах гэсэн хандлага газар авчихаад байна.
Миний мэдэж байгаагаар хууль хяналтын байгууллага дээр шүүхийн тогтоол авах гэж байгаа нэр бүхий этгээдүүд байгаа юм билээ. Тэд нарыг Ардын нам барьцаалан ашиглаж байна гэж бид хардаж байгаа. Хуулийн байгууллага хэний гарт байна, эрх баригчдын гарт байна. Тийм учраас зоригтой байна, хэнийг ч юу ч гэж гүтгэж болдог, юу ч гэж доромжилж болдог. Хууль намайг яах ч үгүй гэж хандаад байгаа байхгүй юу. Хуучин шиг тэгж явахгүй, хуулийн байгууллага хүн бүрт тэгш үйлчилнэ. Хүн засагладаггүй, хууль засагладаг систем бий болсон гэдгийг бид харуулна.
Хоёрт, нэр бүхий прокурор, нэр бүхий шүүгч нарын нэр зааж байгаад гүтгэлгийн чанартай мэдээлэл тараагаад байгаа нь хуулийнхан нүүрсний хулгайг ид шалгаад явж байгаатай холбоотой. Нийслэлийн прокурор н.Ариунболдын нэр яригдаж байна, 86 холбогдогчтой, Ерөнхий сайд байсан Н.Алтанхуягийн хэрэг шүүх рүү орох гээд уншигдаад явж байгаа.
Хөгжлийн банк дээр хэдэн тэрбумын хэрэг яригдаж байгаа, аймшигтай тоо яригдсан. Авлигатай тэмцэх газар маш сайн ажиллаж байгаа гэдгийн нотолгоо бол 2 их наядын хулгайг барагдуулсан байна. Хоёр их наядын хулгай гарсан байна. Ийм том ажил хийсэн хуулийн байгууллагыг унагаахын тулд улстөрчийг муулж байгаа юм шиг мөртлөө цаагуураа хуулийн байгууллагын шударга ажилд саад хийх гэж байгаа л үйлдэл. С.Баярцогт гэдэг хүний нэрийг дурдаж байгаагаар далимдуулаад цаагуураа хуулийн байгууллагынхныг солих гэсэн, холих гэсэн, өмнө нь энэ аргаар шоронгийн хоригдлуудыг Төрийн ордонд оруулж ирээд хэлэлцуүүлэг хийгээд таван хүн алсан алуурчдыг шоронгоос гаргасан гашуун түүх бий.
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэргээр хэдэн хүн ял авсан юм, 49 хүн холбогдож байсан, замхарсан.
Нүүрсний хулгайтай цуг ноцтой юм явж байгаа. Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал яригдаж байгаа. Тийм учраас Үндэсний аюулгүй байдлын тэргүүн У.Хүрэлсүх маш анхааралтай ажиглаж байгаа гэж харж байгаа, хуулийн байгууллагыг хуулийн нь дагуу ажиллуулж байгаа гэж бид ойлгож, харж байгаа. Энэнд саад болох гэсэн хүмүүс муу хэлдгээрээ Ардчилсан нам, С.Баярцогт гэж ярьж байгаад цаагуураа жинхэнэ хулгайгаа нуух гээд байна. Энэн дээр ард түмэн хяналтаа хатуу тавина. Тийм учраас Ардчилсан намыг гар дороо байлгах гэж байгаа бол барьцаалагдсан хүмүүсийг хэзээ ч удирдлагад оруулж ирэхгүй.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ