Өнгөрөгч аравдугаар сард Бээжин хотноо долоо хоног хуралдсан Хятадын Коммунист намын XX дугаар их хурлаар Ши Жиньпин гурав дахь удаагаа намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов.
Ингээд Царь, Хуньди хоёрын дундах Монголын хувьд амьд үлдэх боломж нь ардчилал боллоо. Ардчиллыг хамгаалах нь парламентын засаглал. Авчиг Монгол өнөөдөр хагас парламентын, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай хэвээр байна. Хэдийгээр 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ардын намынхан Ерөнхий сайдын эрхийн мэдлийг “томруулсан” ч Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэвээр үлдээснээрээ улс төрийн гол зөрчлөө арилгаж чадаагүй юм.
Монголын улс төрийн хямрал нь эрх мэдлийн хуваарилалт, институци хоорондын зөрчил гэж ярьсан атал Х.Баттулгаас айсандаа Ерөнхийлөгчийн эрх мэдэл рүү “гар дүрэлгүй” өнгөрөөсөн байдаг. Иймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, үлдээснээ дуусгах, дутуудуулснаа гүйцээх эсэх нь өнөөдрийн Төрийн тэргүүнээс, У.Хүрэлсүхийн эр зоригоос хамаарна.
Хүссэн ч эс хүссэн У.Хүрэлсүх Монголын Улсын “номер нэг” хэвээр, хэдий МАН түүнийг явуулсан ч МАН-аас тэр явсангүй. Тиймээс “гарын хүн”-ээрээ МАН-ын гал тогоог бариулах хүсэл шунал, ашиг сонирхол аль, аль нь бий биз. Д.Амарбаясгалангийн атгасан хоёр тамганаас болж, Ардын намд “амаргүй байдал” үүссэн ч үнэн. Түүний өчигдрийн түмэнд хандсан “Албан тушаал, эрх мэдлийн төлөө тэмцэлдэх үеийн төлөөлөл бид биш” гэх хариулт нь журмын нөхөддөө, ах нартаа дайсан үгэн доторх гол үг нь байв. Түүнийгээ ил шулуухан илэрхийлэхээс айсан уу, эсвэл гөлөг ч болтугай олж зодчихоод тайвширмаар санагдсан уу, АН-ынхан МАН-ыг хагаралдуулж байна гэсэн нь ихээхэн дэгсдүүлсэн, гудамжинд яваа сөрөг хүчний хувьд бараг “магтаал” шахуу гоншигнол байлаа. Тэгж ярих юм бол АН юун МАН манатай, ганц тамганыхаа төлөө "орондоо орох завгүй олзолдон булаалдаж, хөнжилдөө орох завгүй хөнөөлдөн тэмцэлдээд" лав хоёр жил өнгөрлөө.
Тиймээс МАН-ыг хагалан бутаргах хүмүүс нь МАН дотор бий гэсэн үг. Товчхондоо, МАН МАН-даа дайсан болцгоосон.
Гэхдээ эрх баригчдын дунд ийм хагарал нүүрлэсэн нь институци хоорондын зөрчил үүсгээд байгаа өнөөх тогтолцооны гажуудал, Үндсэн хуулийн алдаа юм. Иймд Үндсэн хуулийг үнэмлэхүй олонх өнөөдөр өөрчилж чадахгүй аваас алсдаа Монголын үнэмлэхүй зовлон болж мэдэхээр байна. Хойд, урд хоёр хөршийнхөө улс төрийг харсан чиг, хардсан чиг.
Өнөөгийн төрийн гурван өндөрлөг болох У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ гурвуулаа сонгодог парламентын тогтолцоог бэхжүүлэхээ амалсан. Сонгодог парламентын тогтолцоо нь парламентаа тараах эрх бүхий Ерөнхий сайдын засаглалыг хэлдэг. Энэ нь мэдээж зөвхөн Л.Оюун-Эрдэнэд эрх мэдэл олгох асуудал огоос биш. Парламентын засаглалтай улс орнуудтай адилхан стандарттай, нэг толгойтой болох тухай юм. Нэг толгойтой гэдэг нь Царь, Хуньди бүр биш.
Улс орноо хөгжүүлэхийг хүсдэггүй улсын Ерөнхий сайд гэж үгүй. Гэвчиг институт хоорондын зөрчил нь, эрх мэдлээ булаацалдсан анд нөхдийнх нь дотоод улс төр нь Ерөнхий сайд болгонд ажил хийх, амбицаа бүтээх боломж олгодоггүй. У.Хүрэлсүхийн өчигдрийг, Л.Оюун-Эрдэнийг өнөөдрийг энэ зовлон тойроогүй.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олгосон сайд нараа чөлөөлөх, танхимаа өөрөө бүрдүүлэх үндсэн эрх мэдлээ Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ч бүрэн авч чадаагүй байна. Өнөөх намаасаа, цагаан байрнаасаа, Төрийн ордны гурван давхраас “хараат” хэвээр. Үүнийг өөрчлөх нь үнэмлэхүй олонхын үүрэг болсон гэхэд болно. МАН мянган алдаагаа засах ганц том боломж гэж хэлж ч болно.
Үндсэн хуулийн цэцэд МАН хоёр “захиалга” хүргүүлсэн нь сонгуулийн тогтолцоо болон давхар дээл. Өнгөрсөн зун Үндсэн хуулийн цэц “…сонгуулийн ямар ч тогтолцоог сонгон хуульчлах онцгой бүрэн эрх нь УИХ-д хадгалагдаж байна” гэж шийдвэрлэснээр 2024 оны УИХ-ын ээлжит сонгууль холимог хувилбараар явах нь тодорхой болсон юм.
Тэгвэл өнгөрсөн намар Үндсэн хуулийн цэц “…Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн заалт нь Үндсэн хууль зөрчсөн” гэж шийдвэрлэсний дагуу МАН дээлээ давхарлацгаасан билээ. Гэвч дээлээ давхарласан МАН-ын цагаан байрны уур амьсгал гадаад цаг агаар шиг хүйтэн болсныг Д.Амарбаясгалангийн үгнээс тодорхой уншигдав. Нэг ёсондоо Үндсэн хуулийн хулгай үнэмлэхүй олонхыг хагарал, хямралд дууджээ. Энэ хямралаас эрх баригчид гаръя гэвэл эцэг хуулийг өөрчлөх шаардлагатай болж байна.
Үндсэндээ улс орноо урагшлуулахын тулд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг явуулахыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжих ёстой. Учир нь, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол зорилго нь дээлээ давхарлахдаа биш, хүнийхээ тоог нэмэхдээ бүр биш. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох тухай юм.
У.Хүрэлсүх нь Үндсэн хуулийн дагуу зургаан жилээр сонгогдсон Төрийн тэргүүн. Түүнд дахиж Ерөнхийлөгч болох боломж Үндсэн хуулиар хаалттай. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа гээд түүний эрх мэдэлд “түй” ч нөлөөлөхгүй гэсэн үг. Үүнийг, Үндсэн хуулийн реформыг хийж чадвал тэр ард түмнээс , зургаан жилээр сонгогдсон анхны бөгөөд сүүлийн Ерөнхийлөгч болж түүхэнд үлдэнэ, гарцаагүй.
Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар бол 2024 оны УИХ-ын сонгуулиас зургаан сарын өмнө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Иймээс Үндсэн хуулийг өөрчлөх хугацаа тун бага үлдсэн гэсэн үг. УИХ-ын энэ намрын чуулганаар эцэг хуульд өөрчлөлт оруулахгүй аваас Ардын намын тогоо хагарч мэднэ. Одоогоор У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ гурав эв найрамдалтай, төр засаг тогтвортой мэт боловч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй бол барьсан гараа тэд тавьж мэднэ, зам салж мэднэ. Гол нь хүнээсээ биш тогтолцооноосоо болж буй юм, Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр яалаа.
Нөгөөтэйгүүр, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь нийгмийн захиалга, үндэсний аюулгүй байдлын баталгаа болчихлоо. И.Азизов хүртэл Эрхүүд очоод Монголыг Ерөнхийлөгчийн засаглалтай болгох тухай ярьж явсан гэхээр!
Иймээс үндэсний аюулгүй байдал, улс орны хөгжил, ардчиллаа аврах эсэх нь У.Хүрэлсүхийн ухаан болоод эр зоригоос шалтгаалахаар болж байна. У.Хүрэлсүхийн афоризм шахуу болсон үг бий. “Ухаан эс хүрвээс зориг эс хүрнэ” гэж.
Холбоотой мэдээ