Хятад 2024 он хүртэл "тэг ковид" бодлогоо барина

Хуучирсан мэдээ: 2022.11.18-нд нийтлэгдсэн

Хятад 2024 он хүртэл "тэг ковид" бодлогоо барина

Хятад 2024 он хүртэл "тэг ковид" бодлогоо барина

Хятадын засгийн газраас өнгөрсөн аравдугаар сард тусгаарлалтын хоногоо багасгах зэргээр Covid-19 халдварын эсрэг зарим хориг арга хэмжээгээ зөөлрүүлснээр хувьцааны зах зээл өссөн. Гэвч Бээжин "Тэг ковид" бодлогоо ойрын хугацаанд зогсоохгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Тухайлбал, Коммунист намын үзэл суртлыг сурталчлагч "People’s Daily" сонинд өнгөрсөн долоо хоногт мэдээлэхдээ, Засгийн газар "Тэг ковид" бодлогоо үргэлжлүүлнэ гэдгийг онцолсон. Мөн Хятадын аж үйлдвэрийн төв Гуанжоу хотод таван сая гаруй хүнийг өнгөрсөн долоо хоногт хөл хорионд оруулаад байна. Тэгвэл Австралийн ерөнхий сайд Кевин Рүдд хэлэхдээ, "Хятадын засгийн газар "Тэг ковид" бодлогоо аажим аажмаар сулруулах боловч 2023 оны дунд үе хүртэл бүрэн тавихгүй" гэж мэдэгджээ.

Үүний зэрэгцээ ирэх 2023 оны зургаа, долдугаар сард болох товтой Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаас Бээжин татгалзсанаас харвал "Тэг ковид" бодлого илүү удаан үргэлжлэх төлөвтэй байна.

Ухань хотод 2019 оны сүүлээр Covid-19 халдвар анх бүртгэгдсэнээр хамгийн эхэнд хөл хорио тогтоосон улс бол Хятад. Үүнээс хойш дэлхийн хоёр дахь том эдийн засаг сүүлийн хоёр жил гарангийн хугацаанд цар тахлын улмаас хаалттай байна. Улмаар Хятад нь дэлхийн хамгийн хатуу хөл хорионы дэглэмтэй орон болж үлдсэн. Тухайлбал, халдвар илэрсэн бүс нутагт иргэдийг гэрээсээ гарахыг хориглож, нийтийн тээврийг зогсоож, хот хоорондын хөдөлгөөнийг хориглож, ажлын байр, сургуулиудыг хааж, бүх нийтийн шинжилгээг тогтмол авч, иргэдийн хөдөлгөөнийг хянах зэрэг арга хэмжээг авч байна.

Хятад улсад цар тахлын эсрэг хорио цээрийн хатуу дэглэм үйлчилж буйгаас олон улсын  нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж,  дэлхийн эдийн засгийн өсөлтийг тодорхой хувиар сааруулж буй.

"Тэг ковид" бодлого нь нутгийн удирдлагын засаглал, хариуцлагыг бэхжүүлж, системтэйгээр удирдах боломжийг Ши Жиньпинд олгосноороо давуу талыг авчирсан. Улмаар цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдал дунд Ши Жиньпин намын Үндсэн хуулийг өөрчилж, гурав дахь удаагаа таван жилээр төрийн эрх барих эрхээ элдэв асуудалгүй сунгаж чадсан. Энэ бол "Тэг ковид" бодлогын гол үр дүн юм. Тиймээс цар тахлын халдварыг хязгаарлах бодлогын ач холбогдол нь эдийн засгийн хохирлоос илүү гарсан гэж Коммунист нам дүгнэж байгаа аж. Үүнээс гадна Хятад улс хөл хориогоо үргэлжлүүлсэн ч эдийн засгийн өсөлт нь ирэх онд ноцтой саарахгүй. Тодруулбал, "Bloomberg"-ийн шинжээчдийн үзэж буйгаар  Хятадын томоохон хотуудад хөл хорио үргэлжилсэн ч 2023 онд тус улсын эдийн засгийн өсөлт 3.5 хувь байна гэж үзэж байна. Харин цар тахлын эсрэг дэглэмээ цуцалбал ирэх 2023 онд Хятадын эдийн засаг 5.7 хувьд хүрч өснө гэж тооцоолжээ.

Өнөөдрийн байдлаар Covid-19-өөр Хятадад 1.19 сая хүн өвчлөөд буй. Гэвч 1.4 тэрбум хүн амын тоотой харьцуулбал энэ нь "мөсөн уулын орой" гэж эрдэмтэд үзэж байна.

Хятад улс хүн амын 80 хувийг Covid-19-ийн эсрэг вакцины дөнгөж эхний тунд хамруулахын тулд бүтэн нэг жилийн хугацаа зарцуулсан. Түүнчлэн Хятадын эрх баригчид хүн амаа вакцинжуулахдаа зөвхөн өөрийн үйлдвэрийн вакциныг ашиглаж буй нь барууны ижил төрлийн вакцинтай харьцуулахад хамгаалах чадвар нь сул байгаа юм. Тиймээс цар тахлын халдварыг хяналтаас алдвал олон нийтийн эрүүл мэндэд учрах аюул, эрсдэл нь өндөр бөгөөд ажиллах хүчний байдалд ч нөлөөлнө.

Хятад улс нь 2021 оны байдлаар 746.5 сая ажиллах хүчний нөөцтэй гэж бүртгэгдсэн. Харин цар тахлын оргил үед ажлаа хийж буй хүний тоо 25 сая хүртэл буурчээ.

Тиймээс Хятадад цар тахлын халдварыг хяналтгүй алдаж, хүн бүр өвдвөл ажил хийх хүн олдохгүй болж, эдийн засаг нь тэг зогсох эрсдэлтэй гэж үзэж байгаа аж. Одоогоор Хятадын хүн амын 20-25 хувь нь өдөр бүр шинжилгээ өгөх байдлаар өдөр тутмын амьдралаа үргэлжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж