Чуулган: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хулгайчууд болох вий

Хуучирсан мэдээ: 2022.11.17-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хулгайчууд болох вий

Чуулган: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хулгайчууд болох вий

УИХ-ын чуулганы өнөөдөр /2022.11.17/-ийн хуралдаан эхэлж байна.


 

14 : 09
2022-11-17

"Концессын хууль хэт ерөнхий агуулгатай, том төсөл хэрэгжүүлэх боломжгүй байсан"

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хэлэлцэж байна. Хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцуулав. 

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулж, УИХ-ын гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Энэ хуулийн ажлын хэсгийнхэнд хандан хэлэхэд Монголын төр маш их томорч, улсын төсөв жил бүр тэлдэг. Ирэх оны төсвийг 20.5 их наяд гээд өмнөх жилээс өсөлттэй баталлаа. Дараагаар нь хөрөнгө оруулалт байхгүй. Дэд бүтцийн санхүүжилтийг хийх орон зай төсөвт байхгүй болсон. Ийм төслүүд буюу зам, тээвэр, газар доогуурх дэд бүтэц, агаар болон төмөр замын тээвэр, эрчим хүчний төслүүд. Гэвч эх үүсвэр нь байхгүй. Хувийн салбарынхан үр ашигтай төсөлд л ордог. Гадаад битгий хэл дотоодын компани төсөлд орсон ч хөрөнгөөрөө "шатна". Бодит байдал дээр томоохон төслүүд рүү хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажиллахаар орох уу?

БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж:

-УИХ-ын гишүүн Т.Доржхандтай санал нэг байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн гол зорилго, агуулгыг зөв тодорхойллоо. Энэ хуулиар цаашид томоохон дэд бүтцийн төсөл, төрийн үйлчилгээний салбарыг хувийн хэвшлээр хэрэгжүүлж чадах уу. Өмнө нь Концессын тухай хууль хэт ерөнхий агуулгатай. Тийм учраас томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй байсан. Харин Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар маш сайн зааж өгсөн. 

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-Бид өмнөх алдаанаасаа суралцах ёстой. Өнгөрсөн 2010 онд батлагдсан Концессын тухай хууль дутуу хагас, машинаар ярихад зарим эд анги нь байхгүй байсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн бүрэлдэхүүн хэсэг бүтэн, хэрэгжүүлэх төслийн судалгаа хийж, үнэлэлт дүгнэлтийн процессыг нарийн зааж өгсөн. Мөн гэрээ байгуулахдаа хамгийн урт хугацаа нь 30 жил болгосон. Ийм сайн хууль учраас өмнөх сөрөг үр дагаврууд гарахгүй байх. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид олдох болов уу гэж асууж байна. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Авч явж хэрэгжүүлэх байгууллагынхаа бүтцийг тодорхой хэлж өгөөч. Хувийн салбарын мэргэжлийн хүмүүс орох юм уу?

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-Үр ашиггүй соёлын төвийн барилга гэх мэт байгууламжуудыг хувийн хэвшил авч явах боломжтой болно. Ерөнхийдөө төслүүдийг хоёр хувааж байгаа. Нэгдүгээрт, одоо байгаа барилгуудыг хувийн хэвшлийнхэн ашиглаж, түрээслэх, менежментийн хувьчлал хийх боломж энэ хуулиар нээгдэнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийг байгуулна. 

БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж:

-Энэ хуулийн нэг шинэлэг зүйл нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийг Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэд байгуулж байгаа. Ингэснээр боловсон хүчнээ бэлтгэж, мэргэжлийн баг ажиллах юм. Зөв судалгаа, эдийн засгийн үр ашгийн тооцоог хийнэ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Соёлын төвийн барилга жилд хоёрхон удаа ашигладаг гэдэг худлаа. Тэнд бас хүн амьдарч байгаа. Тийм ордон хаана байгаа юм бэ. Сум, аймгийн амьдралын талаар сайн асууж судлаарай. 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-Энэ хуулийн үзэл баримтлалыг дэмжиж байгаа. Төрийг хувийн хэвшилтэй ойртуулах цаг нь болсон. Нэгжийн хуулиар орон нутаг концесс гаргах эрхтэй болсон. Одоогоор хэрэгжээгүй л байна. Ер нь энэ хуульд орон нутгийн эрх үүрэг юу байна, ямар хязгаарлалтуудыг хийж байгаа бол. Зарим бүс нутагт хилийн боомт дагасан томоохон бүтээн байгуулалтуудыг хийх гэж байна. Бас суурьшлын бүсүүдэд засаг захиргааны нэгжгүй олон иргэн амьдарч байна.  

БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж:

-Орон нутагт төслүүдийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Засгийн газраас өргөн барьсан төслийн хувилбар дээр орон нутагт эрх нээгээгүй. Эдийн засгийн хөгжлийн яаманд хандаж энэ асуудлыг хэрэгжүүлэхээр заасан байсныг УИХ дээр орон нутагт тодорхой эрхийгтусгасан. Хуулийн төслийн хоёрдугаар бүлгийн 7.1.8-д энэ талаар аймаг, нийслэлд түншлэлийн төсөл бие даан хэрэгжүүлэхтэй холбоотойгоор төсөл бие даан хэрэгжүүлэх эрхийг аймаг, нийслэлийн жилийн төсвийн 10/1-ээс хэтрэхгүй байх гэж тусгасан. 

Бүх салбаруудад хэрэгжинэ. Батлан хамгаалах, банк санхүү, уур уурхай ашиглалт, олборлолт, хайгуулын салбарт хэрэгжүүлэхийг хориглоно. Хилийн боомт дагасан бүтээн байгуулалтууд энэ хуулиараа сонгодог төсөл болж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

-Энэ хуулийг дэмжиж байна. Цаг үеэ олсон хууль. Засгийн газар сайн ажиллаж байна. "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд 19.6 их наяд төгрөгийн хөгжлийн төслүүд бий. Боомт, эрчим хүч, хот, хөдөөгийн сэргэлт гэх мэт. Энэ бүхэн хэрэгжсэнээр төгрөгийн ханш чангарч, валютын урсгал нэмэгдэнэ. Үнийн өсөлт буурч, иргэдийн орлого нэмэгдэнэ. Дэлхийн бусад орнуудыг харахад томоохон хөгжлийн төслүүдээ улсын төсвөөс санхүүжүүлэх чадваргүй байдаг гэх олон улсын судалгаа гарсан. Дэлхийн том хотуудын 16 хувь нь өөрийнхөө төсвөөрөө дэд бүтцээ санхүүжүүлж чадна гэдэг судалгаа гарсан. Тэгэхээр түншлэлийн замаар томоохон төслийг хэрэгжүүлдэг. Хамгийн сайн харилцан тохиролцсон оролцогчтой түншлэлий гэрээ байгуулна гэсэн байна. Үүнийг тодрууж өгөөч?

БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж:

-Олон улсын жишгээр өндөр хөгжилд хүрсэн орнууд дэд бүтцээрээ хөгжлийг тодорхойлдог. Үүнтэй холбоотойгоор 1800 оноос хойш хурдны зам, далан гэх мэт бүтээн байгуулалтад хувийн хэвшлийнхнийг татан оруулсан түүхтэй. Хөрөнгө оруулалтын хувийн хэвшил хийж, хаанаас санхүүжих вэ гэдгийг хуульд нарийн тусгасан. Төрийн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх гадаад зээл тусламжаар хангах боломжгүй. Тэр утгаараа хувийн хэвшлийн санхүүжилтийг оруулж ирж буй. Хамгийн сайн компанийг үнэлэх гэдэгт хуульд тавигдсан шаардлагууд байгаа. Хувийн хэвшлийн чадамжийг боловсон хүчи, инновац, хөрөнгийн чадвартай байдлыг голчилж харах юм. 

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

-Монголд жижиг, дунд үйлдвэрлэл нийт эдийн засгийн дийлэнх хувийг бүрдүүлдэг. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэлээ хэрхэн дэмжих вэ. АНУ-д төв банк нь жижиг, дунд үйлдвэрлэлийнхээ төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжсэн сан байгуулдаг юм билээ. Монголд ийм бодлого бий юу?

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв бүх судалгаа, ТЭЗҮ-г хийнэ. Өндөр чадвартай, мэргэжилтний баг төсөл болгон дээр баг байгуулж, төслийн ТЭЗҮ-тэй болгож өгнө. Энэ бол маш том дэмжлэг. Хоёрт, хориглосон гурван салбарт хуулиар зохицуулагдахгүй. 

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

-Энэ хуулий дэмжиж байна. Харин ч энэ хууль оройтлоо. Бүх ажлыг төсвийн хөрөнгөөр хийдгээ болих юм. Хилийн боомт дагасан иргэдэд зориулан сургууль, цэцэрлэг байгуулж болно. Төрөөс хэрхэн хамгаалах вэ. Хуулийн хамрах хүрээнд эхний ээлжинд ямар төслүүдийг хэрэгжүүлэх вэ?

БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж:

-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн заалтад энэ талаарх баталгааг тусгасан. Түншлэлийн баталгаа, эрсдэлийн сан, түншлэгч талуудын чиг үүргийг маш сайн зааж өгсөн. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Энэ хуулиар багагүй асуудлыг зохицуулна. Төсвийн хуультай хэрхэн уялдаж байгаа вэ. Бусад оронд хамрах хүрээ, бүсэд эзлэх хувиар хязгаарлаж өгдөг. Англи улс гэхэд 10 хувь дотор хязгаарлаж өгдөг. Тийм юм олж харсангүй. Хоёрдугаарт, төсөл хэрэгжүүлэгч санаачлагч байж болно гэсэн нь хэрэггүй байх. Гуравдугаарт,Концессын тухай хууль сүүлд концессын хулгайчууд болж дууслаа. Үүн шиг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хулгайчууд болох вий дээ. Монголд төртэй нийлсэн юм бүхэн дампуурдаг. 

БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж:

-Төсвийн тухай хуулийг дагалдаж явна. Өмнөх Концессын тухай зохицуулалтуудыг өөрчилж байгаа. Хуулийн төслийн хоёрдугаар бүлэгт чиг үүргүүдийг сайн ялгаж өгсөн. Салбар яамны бодлоготой уялдуулж өгсөн. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Энэ хуулиас бас л иж бүрэн шинж харагдахгүй байна. Анхан дунд шатанд эрх мэдлийг өгснөөр төр, хувийн хэвшлийн түншлэл Монголын нутаг дэвсгэрт бүх шатанд хэрэгжинэ. Өмнө нь орон нутагт бонд гаргах эрх байсан. Гэвч Засгийн газар дээр ирээд гацчихдаг. Тиймээс анхан дунд шатны ИТХ гэж өөрийн гэсэн хөрөнгө, эрх мэдэлтэй газар бий. Энд асуудлыг шилжүүлэх замаар энэ хуулийн үзэл санааг хүчирхэгжүүлж өгөхгүй юм уу?

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-Хувийн хэвшлийн эрсдэлүүдийг маш нарийн тооцож, хамгийн бага хэмжээнд хүргэх давуу тал энэ хууль бий. Улсын төсөвт ирэх ачааллыг бууруулна. Урьдчилж хийх ТЭЗҮ-г сайн гаргаж ирнэ.Концессын тухай хууль бол үнэндээ дампуурсан хууль. Бид өнөөдөр үүний хохирлыг амсч сууна. 

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

13 : 05
2022-11-17

Кадастрын тухай хуулийг хойшлуулав

 Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ болон Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав.

Мөн Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хойшлуулав.

12 : 44
2022-11-17

"Үндсэн газрын маргаанаа цэгцлэхэд анхаарахгүй байна"

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Улаанбаатар хот, БОАЖЯ, Газрын харилцаа, геодизи зураг зүйн газар нь нэг хилийн цэстэй. Гурван өөр газар хилийн цэстэй. Тэр дунд нийслэлийн дүүргүүд гурвалсан гэрээ хийдэггүй. Үүнээс болж иргэд асар их хохирч байна. Шүүх дээр байгаа хэргийн 23 хувь нь газрын маргаантай холбоотой асуудал байна. Хуулийн төсөл оруулж ирэхээрээ томилгоо булаацалдсан юм л болох юм. Аймаг, сум, баг, ИХТ-ын эрх гэж нэг ч байхгүй. Тэр битгий хэл нийслэлийн Засаг дарга, аймгийн дарга нар газар олгохыг хориглож байна. Газрын алба нь мэднэ. Газрын бүх мэргэжилтнийг Газрын харилцаа, геодизи зураг зүйн газраас томилно. Өөрсдөдөө эрх мэдлийг төвлөрүүлэхээс биш үндсэн газрын маргаанаа цэгцлэхэд анхаарахгүй байна. 

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн:

-Томилгоог бид өнөөдрийн аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагтай зөвшилцөж, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын удирдлагаа тухайн шатандаа томилох зохицуулалтыг хэвээр оруулж ирсэн. Сум, дүүрэг, бусад албан хаагчид тухайн төв байгууллагаас томилохоор болсон. Энэ нь газрын сан нэгдсэн байх зарчимтай уялдуулсан. 

Иргэдээс 450 санал ирж, 20 удаа хэлэлцүүлэг хийж, 1000 орчим судлаач, иргэдтэй уулзсан. Газрын маргаан таслах зөвлөлийг аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд орон тооны бус зөвлөл ажиллана. Иргэн эрхийнхээ дагуу шүүхээр маргаж болно. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Үндсэн хуулийн дараа орох суурь хууль бол Газрын тухай хууль. Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг хийж буй үндэслэл нь тодорхой харагдахгүй байна. Ямар ямар үндэслэлээр шинэчилж байгаа билээ. Малчид, тариаланч, орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцуулалгүй хэлэлцүүлэг хийсэн үү. Манай Төв аймгийн хувьд маш их хүн амын төвлөрөлтэй болж байна. Тойрсон бүх сумтай хилийн маргаантай. Иргэд, нутгийн удирдлагад ямар ч буруу байхгүй. 

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн:

-Энэ хуульд шинэчилсэн найруулгыг хийх шаардлагатай байсан. Өнөөдрийг хүртэл 32 удаа хуульд өөрчлөлт оруулсан байсан. Бусад хуулиудыг дагуулж өөрчилж, 200 гаруй эрх зүйн актаар газрын асуудлыг нарийвчлан зохицуулж, 60 орчим давхцал байна гэсэн дүн гарсан. Тиймээс Газрын ерөнхий хуулийг төсөл орж ирж байгаа. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Энэ бол гол хууль. Монгол хүнд ногдох нэг газраараа дэлхийд нэгт ордог гэдэг. Өнөөдөр Улаанбаатар хот дөрвөн уулын дундаа багтахгүй болчихоод байна. Хөгжлийг улсын хэмжээнд тараах шаардлагатай байна. Зарим зүйлийг энэ хуульд тусгаагүй байна. Газрын маргааныг таслах үйл явц анхан шатанд шийдэгддэг байх ёстой. Гэтэл амьдрал дээрээ тогтолцоогоороо шийддэг. 

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн:

-Газрын маргааныг шийдэгдсэн газраа буюу аймаг, нийслэлийн газрын албанд цахимаар, цаасаар өгч болно. Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд орон тооны бус зөвлөлийг байгуулахаар тусгасан. Тусгай хамгаалалттай газрын маргааныг агентлагийн дэргэдэх зөвлөл шийднэ.

Иргэдэд газар өмчлөх асуудлыг оруулж байгаа. Дэд бүтэц төлөвлөгдсөн байршил дээр газрыг иргэдэд өмчлүүлдэг асуудлыг тусгасан. Ингэхдээ хот суурины газар ашиглалтын бүсчлэлтэй холбоотойгоор шинээр газар эзэмшүүлж, өмчлүүлэхгүй. Замбараагүй газар олголт хязгаарлагдана.

Салбарын эрхэлсэн сайд, хууль санаачлагч Б.Мөнхбаатар өөрөө чуулганы хуралдаанд байхгүй учраас УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн дагуу хуулийг төслийг хойшлуулав. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Улаанбаатар хот улам тэлж байна. Гамбир элдэх мэт хот төлөвлөлт, газрын асуудал үүсч байна. Үүнийхээ гол үндсийг олж харах хэрэгтэй. Хотод барилга байшин барихыг хориглож, төвийн бүсийн автомашины зогсоолын төлбөрийг нэмэх зэрэг бусад улсын туршлага байна. Олон гишүүн зөв шаардлага тавьж байгаа учраас хуулийн төслийг хойшлууллаа. 

 

10 : 50
2022-11-17

"Отрын нөөц бэлчээрийг гэрээгээр ашиглана"

Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг нийслэл Улаанбаатар хотын Авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар танилцуулав. Төслийн талаар Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцуулав. 

УИХ-ын гишүүд хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Газрын ерөнхий хууль батлагдсанаар аймаг, сум хоорондын хилийн цэсийн маргаантай асуудал шийдэгдэх үү. Сая хоёр хоногийн өмнө Төрийн ордонд "Төрийн удирдлага 30" хурал болсон. Энэ хурал дээр үг хэлсэн хүмүүс хилийн цэсийн маргаантай асуудлыг хөндсөн. Энэ хууль энэ маргааныг хэрхэн шийдвэрлэх вэ. Хоёрдугаарт, Богд уул тойрсон тусгай хамгаалалттай газарт худлаа үнэн хэлж байгаад орон сууц барьж, иргэд зээл авч захиалга өгчихсөн. Одоо болтол орон сууцных нь ордер гараагүй, банкны хүүнд дарлуулж байна. Эдгээр иргэдийн асуудлыг шийдэх үү?

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо:

-Монгол Улсын газар нутгийн 20 орчим хувь тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулж байгаа. Үүнийг БОАЖЯ хариуцдаг. Тусгай хамгаалалттай газар нутаг дээр үйлчилж буй үйлчилгээ хуулиараа зохицуулдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг удахгүй Засгийн газраар орж, УИХ-д өргөн барина. Хуулийн үзэл баримтлалыг БОАЖЯ, БХБЯ, ХЗДХ-ийн сайд нарын хамтарсан тушаалаар баталсан. Цаашдаа нэгдсэн байдлаар аймаг, нийслэл, сум, чөлөөт бүсэд нэг жилээр газар олголтын төлөвлөгөөг батална. засгийн газраар арванхоёрдугаар сарын 1-нээр баталгаажуулж, төлөвлөгөөний дагуу газар олголтыг хийж эхэлнэ. Өнгөрсөн хугацааны алдаа дутагдлыг Тусгай хамгаалалттай газрын тухай хуулиар зохицуулна. Газар төлөвлөлт, олголтыг цахим биржээр хийнэ.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Зөвхөн Төв аймаг дээр УИХ-ын тогтоолтой холбоотой маргаан гараагүй. Олон аймагт маргаан гардаг. 2016 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 9600 га газрыг дээрэмдэж авсан. УИХ-ын тогтоолын нэрийг будилуулсан. Тухайн үед газар нутаг дээрэмддэг асуудал энэ хуулиар цэгцрэх үү. Одоо ард иргэдийн хэрүүл, зодоон болж байна. Энэ хууль Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуультай хэр уялдаж байгаа вэ.

Дархан-Уул аймгийн хоёрдугаар багт амьдарч буй 3000 орчим иргэн ширээ нурууныхан гэж нэрлэдэг. Хараа голын баруун эрэг дээр амьдардаг. Газар нутаг нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр. Тэнд сургууль, цэцэрлэг, эмнэлэг байхгүй. Төсвийн хөрөнгө оруулалт тавьж болдоггүй. Бодит байдал дээр хүндээ зориулсан бүтээн байгуулалтаа хиймээр байдаг.

Түүний асуултад ажлын хэсгээс хариулахдаа "Хилийн цэстэй холбоотой маргаан газар зүйн нэрийн асуудалтай холбоотой. Хилийн цэсийг тогтоосон Ардын их хурал, УИХ-ын тогтоолыг орон нутгийнхан буруу ойлгосноос маргаан зонхилж байна. Улсын 118 суманд маргаан үүссэн. Ажлын хэсэг байгуулж, сум суманд очиж ажилласан. Ерөө сум Орхон сумын асуудал гэхэд хилийн цэсийг буруу ойлгосонтой холбоотойгоор маргаан үүссэн. Хоёр сумын асуудал шийдэгдсэн гэв. 

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн:

-Газрын ерөнхий хуулийн төслөөр зургаан байгууллага газрын асуудлыг тус тусын хуулиар шийддэг. Холбогдох дүрэм журмыг нарийвчлан гаргасан байсан. Үүний нэг хэсэг нь уул уурхайтай холбоотой асуудал байсан. Ашигт малтмалын тухай хуулиар Х болон А лицензийг олгож газрын нэгдсэн санд бүртгэгдээгүйгээс маргаан үүсч байсан. Энэ хуулиар асуудлыг бүрэн шийдэж байгаа. Бид отрын бүс нутагт гэрээгээ бэлчээр эзэмшүүлж болохоор оруулсан.

Бэлчээртэй холбоотой асуудлыг Газрын тухай хуульд тусгасан. Бэлчээрийг хэрхэн ашиглаж, хамгаалах вэ, хохирол учруулбал яах вэ гээд. Бэлчээрийг нийтээр, гэрээгээр ашиглана. Нийтээр ашиглах бэлчээрт усны цэг, хужир, ламжин өнгөрөх бэлчээр орно. Отрын нөөц бэлчээрийг гэрээгээр ашиглана. Нийт бэлчээрийн 0.6 хувь отрын нөөц бэлчээр гэж үзэж буй. Цаашид энэ нөөцийг 10 хувьд хүргэнэ. Хот байгуулалтын тухай хуульд есөн бүсчлэлийг гаргаж, зохион байгуулна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Үндсэн хуульд төрийн удирдлагыг нутгийн өөрөө удирдах байгууллагатай хослуулан хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. МАН 2016 оноос хойш нутгийн өөрөө удирдах байгууллага руу халдсан эрээ цээргүй халдлагыг хийж байна. Нутгийн өөрөө удирдах ёс муудна гэдэг ИТХ-аараа дамжуулан төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцох хумина гэсэн үг.

Жишээлбэл, Газрын тухай хуульд ашигт малтмалын лицензтэй холбоотой иргэдийн эрх, баг, сум, аймгийн ИТХ-ын эрх, Засаг даргын бүрэн эрх рүү халдсан халдлагыг хийж байна. Ашигт малтмалын тухай маргаан үүслээ гэхэд сум, аймгийн Засаг дарга иргэд шигээ ямар ч эрх мэдэлгүй болжээ. Нийт 40 гаруй эрхийг авч хаялаа. Төр шууд халдаж болохгүй. 

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн:

-Сумын даргын эрх хэмжээ чиг үүргийг тусгайлан заагаагүй ч тухайн зүйл заалтууд дээр бичигдсэн байгаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Жил бүрийн Төсвийн тухай хуулийн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлтийг оруулдаг. Өнөөдөр 40 гаруй эрхийг тараасан. Баг, сум, аймгийн Засаг дарга нар үүрэгтэй ажилладаг хэрнээ ямар ч эрхгүй болж байна. Бодит байдал дээр иргэдийнхээ өмнөөс гомдол гаргаж, хуулийн дагуу ажиллах боломжгүй. 

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн:

-Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийн шинэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэ хуультай уялдуулж, таван хуулийн төслөө оруулж ирж буй. Ашигт малтмалын лицензтэй холбоотой асуудлыг Ашигт малтмалын хуулиар зохицуулж байгаа. Энэ хүрээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын түвшний эрх хэмжээ хэвээрээ. Газрын хуульд газар ашиглах, гэрээ байгуулахтай холбоотой 30 хоногийн дотор гэж илүү тодорхой болгож өгсөн. 

Ашигт малтмалын тухай хуульд аймаг сумын Засаг даргын бүрэн эрх гээд 12.1.2-т тусгасан. Сумын дарга дээр 12.2 зүйлд хяналт тавих, шийдвэрийг олон нийтэд мэдээлэх бүрэн эрх байгаа. 

10 : 11
2022-11-17

"С.Одонтуяа Засгийн газарт асуулга тавьж, мэдээлэл сонсоно уу"

Чуулганы хуралдааны эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үг хэллээ. Тэрбээр "Би Үндэсний зөвлөлийг тэргүүлж байгаа хүний хувьд гишүүдийн ширээн дээр мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг илрүүлэх, санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо, нөхцөл байдлын талаар танилцуулга тавьсан. Өнгөрсөн наймдугаар сард Малайз улсын Куала-Лумпур хотод Монголын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг илрүүлэх, санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны тайланг Ази Номхон далайн бүсэд хамгаалсан. Бид ФАТФ-ын 40 зөвлөмжийн 39-ийг нь амжилттай хэрэгжүүлсэн гэдэг үнэлгээг авсан. Нэг зөвлөмж нь ашгийн төлөө бус хуулийн этгээдийнхээ эрх зүйн зохицуулалт, тогтолцоог бий болгох шаардлагатай болсон. Манай Үндэсний зөвлөл ирэх оны нэгдүгээр сараас өмнө хүсэлтээ тавих учиртай.

УИХ-ын гишүүд ээ, Монгол Улс 2020 онд саарал жагсаалтаас гарсан. Одоо бид өргөтгөсөн хяналтад байгаа. Хэрэв энэ хяналтаас гарч, ердийн улсын жагсаалтад оръё гэж байгаа бол 2023 оны нэгдүгээр сарын 31-нээс өмнө зэрэглэл ахиулах хүсэлтээ ФАТФ-т тавих ёстой. Бид хүсэлтээ тавьж, төрийн бус байгууллага, холбоо, сангийнхаа эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, ФАТФ-аас тавьсан 40 зөвлөмжийг биелүүлсэн гэдгээ баталж чадвал ердийн улсын жагсаалтад орно. Тиймээс би УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд хандаж, Баасан гаригийн чуулганы хуралдаанаар Холбоо, сангийн хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж өгөх хүсэлтийг тавих гэж байна. " гэв.

Хоёрдугаарт, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа удаа дараа мэдэгдэл хийсэн. Ингэхдээ Монгол Улс хүний эрхийн зөрчилтэй байна. НҮБ-ын шинжээчид ирж, иргэнээ шүүхийн шийдвэргүйгээр баривчлах эрх зүйн тогтолцоо үйлчилж байна гэдэг үндэслэлгүй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийсэн. Би маш их харамсч байна. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн хяналтаас гадуур хэн нэг хүнийг цагдан хорих тогтолцоо огт байхгүй. Гагцхүү гэмт хэрэг үйлдэж байхад нь газар дээр нь хойшлуулашгүй ажиллагааны журмаар баривчилдаг. Энэ тохиолдолд 24 цагийн дотор шүүхээс зөвшөөрөл авдаг. Тийм учраас УИХ-ын дэд дарга, Ардчилсан намын бүлгийн гишүүн С.Одонтуяаг Засгийн газарт энэ асуудлаар асуулга тавьж, чуулганы хуралдаанд мэдээлэл сонсох хүсэлтийг гаргаж байна. Бид олон улсад хүний эрхийн асуудлаар ахиц дэвшил гаргаж байгаа. Баривчлах 72 цагийг 48 цаг болгосон. 

10 : 03
2022-11-17

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·      Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2021.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      ““Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Намрын ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар

·      Бусад

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж