"NEWS” агентлаг энэ удаа “ХҮМҮҮС” буландаа FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны хамгийн дуулиан шуугиантай ерөнхийлөгч асан Зепп Блаттерыг онцолж байна. Өдгөө 86 настай Швейцарь эрхмийн хувьд 1998 оноос 2015 он хүртэл дэлхийн спортын тэргүүлэгч холбоог удирдахдаа сайн, муу хэлүүлэх олон зүйлийн эзэн холбогдогч нь байв. Сүүлд л гэхэд Катар улсад хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрх олгохдоо авлигал авсан гэх хэрэгт холбогдсон юм.
ТОГЛООМЫН ТАЛБАЙ ХААН
Блаттер Альпын нурууны Висп гэх жижигхэн хотод даруухан гэр бүлд төржээ. Тэрбээр 1940-өөд оны үед бага сургуулийнхаа тоглоомын талбайн хаан байсан аж. Учир нь бяцхан Блаттер хотдоо мэргэжлийн, чанартай гэж хэлж болохуйц ганц хөлбөмбөгийн бөмбөгний эзэн байсан гэнэ.
Түүний хувьд 1948-1971 онуудын хооронд Швейцарийн сонирхогчдын хөлбөмбөгийн лигт тоглож байсан бөгөөд 1970-1975 онуудын хооронд “Neuchatel Xamax” гэх клубын удирдах зөвлөлийн гишүүн байжээ.
Сент Моррис хотод ахлах сургуулиа төгссөн хүү Лозаннагийн их сургуулийг 1959 онд бизнес, эдийн засгийн мэргэжлээр төгсөв. Түүний ажлын карьер арвин түүхтэй. Их сургуулиа төгссөний дараа тэрбээр Швейцарийн армид алба хааж, хурандаа цол хүртэж байлаа. Армид байхдаа л тэр хожмоо спорттой холбогдох эхлэлээ тавьжээ.
Блаттер анх Швейцарийн хоккейн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, 1972, 1976 онуудын өвлийн олимпийн зохион байгуулалтад гар бие оролцож, олон улсын спортын байгууллагад татагдсан аж.
FIFA БА БЛАТТЕР
Блаттер 1975 онд FIFA-ийн техникийн захирлаар ажиллаж эхлэв. Үүнээс зургаан жилийн дараа ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд очиж, тухайн үеийн ерөнхийлөгч асан Жоао Хавеланжийн араас орох хоёр дахь том “босс” боллоо.
1998 онд FIFA-ийн ерөнхийлөгчийн сонгуульд Зепп Блаттер болон тухайн үеийн Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Леннар Йоханссон нар өрсөлдөж, Блаттер маргаантай ялалт байгуулсан юм. Тэрбээр Африк, Азид хөлбөмбөгийн спортыг түлхүү хөгжүүлнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан нь олныг татсан гэж хүмүүс бодсон. Гэвч түүнийг бусдын саналыг 100 мянган еврогоор худалдан авсан гэх хэрэг дэгдэв.
Авлигалын хэрэг тэгэсхийгээд замхарч, Блаттер 2002 онд дахин ялалт байгуулав. Харин 2007 онд өрсөлдөгчгүй ганцаараа нэр дэвшиж байсан бол 2011 онд түүнтэй сонгууль өрсөлдөхөөр Мохаммед бин Хаммам нэр дэвшсэн ч авлигалын хэрэгт холбогдон сонгууль болохоос долоон хоногийн өмнө өөрөө нэрээ татжээ. Ингээд тэр дөрөв дэх удаагаа FIFA-ийн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан түүхтэй.
2002 оны сонгуулийн өмнө тухайн үеийн FIFA-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Мишель Зен Руффинен FIFA-ийн санхүүгийн тайланг ил болгож, Блаттерын буруу менежментийн улмаас байгууллага нь 100 сая ам.долларын алдагдал хүлээсэн гэх баримтыг дэлгэсэн. Гэвч юу ч өөрчлөгдсөнгүй. Блаттер албан тушаалдаа үлдэж, Зен Руффинен хөлбөмбөгийн ертөнцөөс алга болов.
Авлигалын хэрэгт удаа дараа нэр холбогдсон Блаттер хэрхэн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулдаг вэ? Ерөнхийдөө тэр Африк, Азийн орнуудын дэмжлэгийг их авдаг. Мөрийн хөтөлбөртөө Африк, Азийг байнга гол цөмөө болгож, хөлбөмбөгийг хөгжүүлнэ гэдгээ илэрхийлдэг. Энэ ч утгаараа 2002 оны ДАШТ-ийг Өмнөд Солонгос, Японд, 2010 оны ДАШТ-ийг Африкт зохион байгуулж байлаа.
НОЙТОН ХАМУУ
2011 онд Блаттер дөрвөн жилийн дараа буюу 2015 онд дахин ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэж байв. Гэтэл 2015 онд өрсөлдөхөөр болж, нэрээ дэвшүүлжээ. Түүнтэй ханхүү Али бин Аль Хуссейн өрсөлдсөн ч эхний шатны санал хураалтын дараа нэрээ татсан. Ийнхүү Блаттер дахин ганцаараа өрсөлдөж, ерөнхийлөгчөөр улиран сонгогдох нь ойлгомжтой болов.
Гэтэл 2015 оны зургадугаар сарын 2-ны өдөр FIFA хэвлэлийн бага хурал зарлаж, Блаттер авлигын дуулианы улмаас албан тушаалаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдэв.Тэрбээр “Миний бүрэн эрхийг хүн бүр дэмжихгүй байх шиг байна. FIFA бол миний амьдрал. Миний хувьд хамгийн чухал зүйл бол FIFA болон дэлхийн хөлбөмбөг. Миний залгамжлагчийг аль болох хурдан сонгохын тулд ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулах ёстой” гэж байв.
Coca-Cola, Visa, McDonald’s, Budweiser зэрэг FIFA-ийн томоохон ивээн тэтгэгчид Блаттерыг огцрохыг хүссэн түүхтэй.
Үүнээс гадна Блаттер бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдсон. Тодруулбал, 2017 онд АНУ-ын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ багийн хаалгач Хоуп Соло 2013 оны алтан бөмбөгийн шагнал гардуулах ёслолын үеэр Блаттер түүнийг өгзгийг базсан гэж мэдэгдсэн юм. Гэвч Блаттерын хэвлэлийн төлөөлөгч энэ бүхнийг таамаг төдий инээдтэй зүйл гэж хэлсэн.
БЛАТТЕР, ПЛАТИНИ ХОЁР
Платини бол Францын домогт хөлбөмбөгчин мөн нэгэн цаг үед Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эрхэм. Блаттер, Платини хоёр хамтдаа авлигалын хэрэгт удаан хугацаанд нэр холбогдож байгаа. Тэд бие биенээ ерөнхийлөгч болоход дэмжиж, хөлбөмбөгөөс мөнгө босгож болох бүхий л аргыг хэрэглэж, халаасаа түнтийлгэсэн гэдэг.
Тэднийг үгсэн хуйвалдаж Катарт ДАШТ-ий эрхийг олгосон гэдэг. Энэ талаар Блаттер саяхан өгсөн ярилцлагадаа “Энэ бол буруу сонголт байсан. Би тухайн үед ерөнхийлөгч байсан хүнийхээ хувиар хариуцлага үүрнэ. Платини болон түүний хамтрагчдын дөрвөн саналын ачаар л Катар АНУ-аас илүү санал авсан. Энэ бол үнэн” гэв.
Тухайн үед Блаттер АНУ-д саналаа өгсөн ч Мишель Платини “хор хутгаж” Катарт эрхийг шилжүүлсэн гэнэ. Хамгийн гол нь энд улс төрийн оролцоо байжээ. Тухайн үед Францын ерөнхийлөгч байсан Николя Саркози Мишель Платинитай уулзаж, 2022 оны ДАШТ-ий эрхийг яаж ч байсан Катарт өгөх хэрэгтэй гэж байв. Хэрэв тэгвэл Катар улс 14.6 тэрбум ам.доллараар Францаас сөнөөгч онгоц авахаар тохиролцсон байв. Платини ч улсынхаа ерөнхийлөгчийн үгийг Блаттерд дамжуулж, эцэст нь Катар санасандаа хүрчээ. Удалгүй зургаан сарын дараа Катар Францаас сөнөөгч онгоц худалдан авсан гэж Блаттер ярьсан аж.
Блаттер, Платини хоёрын булхай, луйвар нэгэнт илчлэгдэж, тэд дэлхийн хөлбөмбөгт эргэн ирэхгүйгээр хөөгдсөн.
Холбоотой мэдээ