ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах уу?

Хуучирсан мэдээ: 2022.11.17-нд нийтлэгдсэн

ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах уу?

ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах уу?

Эдийн засаг улам л хүндэрнэ гэж эдийн засагчдыг сануулсаар байхад Монгол Улс түүхэнд байгаагүй өндөр зарлагатай төсвийг баталсан. Ирэх онд төлөгдөх бондын мөнгөнөөс эхлээд монголчуудын өр бас л түүхэн дээд хэмжээг зааж байна. Ирэх онд 3,5 сая төгрөгөөс дээш орлоготой өрх хүүхдийн мөнгө авахгүй. Гэтэл МАН-ын удирдлагууд 2023 оны төсвийг 1,9 их наядын алагдалтай батлах боломж байсныг 1,4 болгосон гэж өөрсдийгөө өмөөрөөд сууж байна.

Гэтэл ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж магадгүй талаар шуум сонсогдох болов. Сангийн сайд Б.Жавхлан хөтөрбөрт хамрагдахгүй гэсэн ч “ОУВС-гийн энэ хөнгөлөлттэй зээл бидэнд хэзээ ч нээлттэй. Түүнд хүрэхгүйгээр бид өөрсдөө потенциалаа дайчилж ажиллах шаардлагатай” гэсэн нь огтоос үгүйсгэсэнгүй.

Төсөв хэлэлцэж байх үеэр ОУВС-ийн хөтөлбөрийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “ОУВС-ийн хөтөлбөрт жилд 15 улс хамрагддаг байсан. Гэвч цар тахал, дайны нөхцөл байдлын улмаас ОУВС-ийн гишүүн орнуудын гуравны нэг нь хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдахаар санал тавьсан. Тус хөтөлбөрт одоогийн байдлаар нийт 44 улс хамрагдсан байна.

Уг хөтөлбөрт хамрагдах хүсэлт тавьсан улсууд дунд тогтвортой эдийн засагтай, хөгжингүй улс орнууд хүртэл багтсан байсан. Тухайлбал, Вьетнам улсын эдийн засаг хамгийн хурдтай хөгжиж буй улс орны тоонд багтдаг. Гэвч өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал нь хүндрэлтэй болсон. ОУВС-ийн хөтөлбөр нь хүнд хэцүү зүйл гэхээсээ илүүтэйгээр хөнгөлөлттэй зээлийг тодорхой нөхцөлтэй олгодог зээлийн хөтөлбөр юм" гэж магтсан ирэх онд элдэв шалтаг тоочиж байгаад энэ хөтөрбөрт хамрагдаж магадгүй нь гэх хардлагыг төрүүлэв.

Хэрэвзээ ОУВС-аас зээл авахдаа хүрвэл хасч болох бүхий л зардлыг хасах хэрэг гарна. Энэ нь Монголд хамгийн их ачаа үүрдэг дундаж давхаргынханд хамгийн хортой. Монгол Улсын бодлогод шууд оролцох бөгөөд цалин, тэтгэвэр тэтгэмжээс эхлээд эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулж буй зардлыг хасахыг шаарддаг. Цалин нэмэгдүүлэхгүй, хасахыг шаарддаг атлаа татварыг нэмэгдүүлж, нийтийн тээвэр, эрчим хүч, дулааны үнийг нэмэхийг шаардах нь ч энүүхэнд.

Эцэстээ иргэд, төр хоёрыг толхицуулна. Гэтэл шатахуунаас эхлээд бүх зүйлийн үнийн өсөлт, хөөрөгдөл болж байхад алдагдалтай төсөв батлаад нүүрсний экспортоор хямралаас гарна гэсэн дэндүү гэнэн мөрөөдөл яриад сууж байдаг. Уг нь ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдвал төсвийн сахилга бат сайжирах боломжтой. Гэхдээ сонгуулийн өмнөх жилд МАН-д төсвийн сахилга бат хэрэггүй болохоор зардлаа, алдагдлаа нэмээд валютын сангийн хөтөлбөрөөс зугтахыг илүүд үзэхийг сонгож байх шиг. Эдийн засгаа бус дахин эрх мэдлээ сунгахыг тэд илүү үзэж байна. Тиймээс хувийн аж ахуйн нэгжүүдээ бодох сэтгэл тэдэнд алга.

Өнгөрсөн жилийн өдийд 36 сая нүүрс экспортлоно гээд яриад зогсож байсан Сангийн сайд одоо “Өнгөрсөн тавдугаар сард төсвийн тодотгол хийж байхад 2022 онд 18 сая тонн нүүрс экспортод гаргана гэсэн. Өнгөрсөн есдүгээр сарын 30-н гэхэд 20 сая тонн нүүрс экспортод гаргасан, жилийн эцэст гэхэд 24 тоннд хүргэхээр ажиллаж байна” гээд хэнэг ч үгүй яриад сууж байна.

Ингэж л тэдний ам ажил зөрдөг. Баян, ядуугийн зөрүүг арилгасан, чинээлэг дундаж давхарга бий болгосон бодлого барина л гээд байгаа хэрнээ дундаж давхаргаа байнгын сөхрүүлэх шийдвэр гаргадаг нь МАН-ын гэм биш зан. Өнөөдөр тэд эдийн засгийн сөрөг үзүүлэлтүүдийг их л нуухыг оролддог. Гэвч булавч бултайдаг, даравч далдайдаг юм хойно бүхний нүдэн дээр ил байгаа эдийн засгийн уналтаа яаж нууж чадах билээ. Хөгжлийн банкнаас өөрсдөө зээл авч дампууруулж байж аль улирсан, баларсан АН руугаа буруугаа чихээд л суудаг улс. Одоо үүнийгээ баллуурдах гээд нүүрсний хулгайг эрчимтэй ярьж байна. ЖДҮ-ийг дэмжих санг яалаа. “Юун гуя” гэдэг шиг ирэх жил амь тавихаас наахнуур байгаа Ардчилсан нам руу чихээд сууж байж мэдэх л улс. ОУВС-ийн хөтөлбөр хүсэх зүйл биш ч МАН-д элгээрээ тавиулахгүйн тулд хөтөлбөрт хамрагдах энэ улсад илүү хэрэгтэй.

    Л.Халиу   

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж