Монголын кино урлаг хөгжиж байна гэдгийг уран бүтээлчид хэлж буй. Нэг үеэ бодоход хуультай, салбар зөвлөлтэй болсон нь сайшаалтай. Уран бүтээлчдийн шагнал урамшуулал, цалин хөлсийг "үзэмжээр" шийдэж ирсэн гэхэд хилсдэхгүй. Тиймээс энэ асуудалд уран бүтээлчид ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.
"ХҮССЭН, ХҮСЭЭГҮЙ ҮЗЭГЧИД САЙН ЖҮЖИГЧИН, НАЙРУУЛАГЧИЙГ АНГИЛЖ, ШҮҮДЭГ БОЛСОН"
Гавьяат жүжигчин, “Аримун" продакшны жүжигчин Д.Ганцэцэг:
-Миний хувьд бие даасан “Аримун” продакшнг байгуулсан. Тийм болохоор жүжигчин А.Ганчимэг, Д.Ганцэцэг хоёр эхний 3-5 жилдээ гадны уран бүтээлд тоглохгүй гэдэг зорилтыг тавьсан. Тиймээс өөрсдийгөө хэрхэн үнэлэх талаар сайн хэлж мэдэхгүй байна. Өөрсдийн бүтээлдээ уран бүтээлчдийг авч ажиллуулахад техник түрээс, зураглаач, гэрэлтүүлэгчдэд өндөр зардал гардаг.
Хэрвээ үнэхээр сайн зохиолтой, найруулагч нь зохиолоо задалж, дүрийн хөгжүүлэлт ярьвал миний хувьд жүжигчний ур чадвараа гаргаж ажиллана. Тэнгэрт хадсан үнэ хэлээд байхгүй. Жүжигчин хүний чин сэтгэлийн хүсэл бий.
Монгол Улсын хувьд хүн ам цөөн, жижиг зах зээлтэй. Тиймээс бид хамгийн багадаа 10 сая үзэгчдтэй дэлхийн улс орнуудын адил цөөн жүжигчдээ А, В, С гэж зэрэглэл тогтоох боломжгүй. Намайг Улсын драмын эрдмийн театрт байхад ч энэ асуудлыг ярьдаг байсан. Гол дүрийн жүжигчдээ хэрхэн үнэлэх вэ. Тухайн цаг үедээ жүжгийн гол дүрд тоглож байсан уран бүтээлчид нас ахина. Мөн театрын бодлогоор гол дүргүй жүжиг тавих болбол тэр дүрийг аваагүй жүжигчдийг зэрэглэлд оруулах уу. Жүжигчдээс жил бүр шалгалт авах уу гээд асуудлыг ярьж байсан. Одоо цагт хүссэн хүсээгүй үзэгчид тэр сайн жүжигчин, тэр найруулагчийн найруулга өвөрмөц сэтгэлгээтэй гэж ангилж, шүүдэг болсон.
ГАДААДЫН УРАН БҮТЭЭЛЧИДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХДАА ҮНЭ ХЭЛЖ ЧАДДАГГҮЙ"
Найруулагч, жүжигчин Б.Амарсайхан:
-Хүний авьяас чадварыг үнэ тогтоож, үнэлэх ямар ч боломжгүй. Тэр битгий хэл хийх гэж байгаа кино нь төсвөөсөө хамаарч янз бүрийн үнэ ханштай байдаг. Тэр киноны гол дүр заавал олны танил од байхаас илүү хэн гэдэг жүжигчин яг тохирох вэ гэдэг нь чухал. Монголын уран бүтээлчдийн хувьд гадаадын уран бүтэлчидтэй хамтран ажилласан туршлага бага учраас амандаа орсон үнэ хэлж, хамтран ажилладаг.
Жишээлбэл, олны хэсэгт тоглож буй жүжигчнийг өдрийн 150 ам.доллараар тоглуулна. Мөн машины зогсоол, өдрийн хоол үнэгүй гэх мэт жижиг стандартууд бий. Жүжигчин хүн өөрийнхөө ур чадварыг тогтоохоос дүрэм журмаар тогтоох боломжгүй.
Миний хувьд гадаадын уран бүтээлчидтэй хамтран ажиллахдаа ний нуугүй хэлэхэд үнэ хэлж чаддаггүй. Цаанаасаа өгсөн цалинг авахаас өөр аргагүй. Миний хувьд түүхэн үйл явдал учраас цалингүй ажилласан ч том туршлага болж, олон хүнтэй танилцах гэх мэт үнэ цэнэтэй зүйлс дагалддаг учраас үнэрхээд байх шаардлагагүй. Би хэзээ ч өөрийгөө сценээр үнэлж байгаагүй. Тухайн уран бүтээлд тоглож байгаа болохоос сценд тоглодоггүй. Би тийм жижиглэнгийн наймаа шиг юмыг хүлээн зөвшөөрдөггүй. Тэр уран бүтээлийн зохиол, баг, найруулагч таалагдвал үнэ төлбөргүй тохиолдол ч байдаг. Бас намайг мөнгөөр зодоод уран бүтээлдээ тоглуулбал тоглуулж болно шүү дээ.
"ГАДААДЫН УРАН БҮТЭЭЛЧИДТЭЙ ХАМТРАХАД ҮНЭ ХАНШИЙГ ТОГТООНО"
Соёлын яамны Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал:
-Бид олон улсын түвшинд хамтарсан үйл ажиллагаа хийх, продакшны ажлуудыг хийхэд өөрийн гэсэн нэгдсэн үнэ ханш хэрэгтэй. Кино урлагийн үнийн асуудал байна.
Бид бүх найруулагч, продюсеруудаа цуглуулж, бодлогын түвшинд энэ ажлыг хийж байна.
Жишээлбэл, гэрэлтүүлэгч, найруулагч, туслах найруулагч, жүжигчид гээд гадаадын уран бүтээлчид Монголын уран бүтээлчидтэй хамтрахад ямар үнэ ханштай ажиллах вэ гэдгийг тогтооно. Дотоодын уран бүтээлчдийн үнэ ханшийг ярилцаж байгаа. Энэ бүхэнд цаг хугацаа их шаардагдана.
"ЖҮЖИГЧИД ХАРИЛЦАН ТОХИРОЛЦОЖ, УРАН БҮТЭЭЛ ДЭЭР АЖИЛЛАДАГ"
“Фантастик” продакшны найруулагч, жүжигчин Б.Тамир:
-Жүжигчин хүний авьяас үнэлэгдэшгүй үнэт зүйл. Уран бүтээлчид харилцан тохиролцож, ажилладаг. Магадгүй зах зээл нь тодорхой болсон олон улсын зах зээлд стандарт, зэрэглэл гэж ангилж болно. Монголын зах зээлд хараахан тийм боломж алга. Мэдээж жүжигчин юм болгонд орж, олны нүдэнд байн байн өртөөд байвал үнэлэмж нь ямар байх вэ.
Хөрөнгө мөнгө их зарцуулах тусмаа сайн бүтээл төрнө.
Бид өнөөдөр магадгүй дөрвөн сая ам.долларын төсвөөр кино хийлээ гэхэд Монголын зах зээлээс эргээд энэ төсвөө олж авч чадахгүй. Тэгэхээр зах зээлийнхээ хуулиар хязгаарлагдаж байгаа юм.
"КИНО УРЛАГИЙНХНЫ ЦАЛИН ХӨЛС,ШАГНАЛ УРАМШУУЛЛЫН АСУУДАЛ ОГТ ЖИГДРЭЭГҮЙ"
Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Г.Жигжидсүрэн:
-Кино урлагийн салбарын жүжигчид, уран бүтээлчдийн цалин хөлс,шагнал урамшууллын асуудал огт жигдрээгүй байгаа. Олон улсад нэгдсэн үнийн категори гаргасан байдаг. Монголын уран бүтээлчид үзэмжээр явж, хоорондоо нэг гэрээ байгуулдаг юм шиг байна. Кино урлагийн салбар нэг хуультай болсон юм чинь гайгүй болох болов уу.
Адгийн наад зах нь гадаадын уран бүтээлчид ирэхэд харуулах юмтай сууж байх ёстой. Намайг оюутан байхад Д.Жигжид найруулагч 1960-аад онд “Үер” кинонд ЗХУ-ын алдартай жүжигчинг тоглуулахаар болсон. Тэгсэн тэр жүжигчин маань тухайн үеийн Сангийн сайдын цалингаас өндөр цалин хөлс авна гэлээ. Соёлын яамтай ярилцаж байгаад нэг уран бүтээлийн шагналыг нь өгч байсан юм.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Холбоотой мэдээ