Индонезийн Бали аралд болсон “Их-20” бүлгийн удирдагч нарын чуулга уулзалт сонин хачин ихтэй боллоо. Чуулганы үеэр Польшид пуужин унаснаар Балид хурсан удирдагч нар багагүй сандралдаж, “Их-7” бүлэг шуурхай хуралдсан юм.
Үүнээс гадна Хятадын дарга Ши Жиньпин сэтгүүлчдийн камерын өмнө Канадын Ерөнхий сайд Жастин Трюдог загнасан нь олны анхаарлыг татлаа. Тодруулбал, тэдний ганцаарчилсан уулзалтаар яригдсан асуудлуудыг Жастин Трюдо хэвлэлд задруулсан нь Ши Жиньпинийг бухимдуулсан аж. Улмаар Ши Жиньпин бухимдлаа Жастин Трюдод гаргаж, хатуу үгс чулууджээ.
Ши Жиньпин хэлэхдээ, “Бидний өчигдөр хэлэлцсэн асуудлуудыг хэвлэлд задруулсан чинь зохисгүй үйлдэл. Мөн харилцан ярианы өнгө аяс ч чиний ярьсан шиг байгаагүй” гэж уурссан өнгөөр хэлжээ. Хариуд нь Жастин Трюдо илт ичсэн байдалтайгаар Ши Жиньпинтэй харц тулгарахаас зайлсхийн, толгой дохин зогссон бөгөөд Канадад чөлөөт, ардчилсан хэвлэлтэй гэж бид итгэдэг. Уулзалт хэлэлцээг цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй. Бидний хэлэлцэж тохирсон асуудлуудад ямар нэгэн үл ойлголцол байхгүй” гэж хариулжээ. Гэхдээ түүний хариултыг Ши Жиньпин үл тоосон шинжтэй, өрөөг тойруулан харж зогссон нь видео бичлэгт буужээ. Эцэст нь Жастин Трюдо өрөөнөөс гарч явсан байна.
Үүний дараа Их Британийн Ерөнхий сайд болон Хятадын дарга нарын товлосон уулзалт цуцлагдсан байна. Албаныхан үүнийг Польшид пуужин унаснаас “Их-7” шуурхай хуралдсантай холбон тайлбарласан.
ЭХ СУРВАЛЖ: EXPRESS
Холбоотой мэдээ