Сурвалжлага: 8 метр өндөр нүхэн гарцны 3 метрт байх тавцан дээр хүү унажээ

Хуучирсан мэдээ: 2022.11.17-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: 8 метр өндөр нүхэн гарцны 3 метрт байх тавцан дээр хүү унажээ

Сурвалжлага: 8 метр өндөр нүхэн гарцны 3 метрт байх тавцан дээр хүү унажээ

Улаанбаатар хот иргэдээ аюулгүй, аз жаргалтай амьдруулах зорилттой. Түүний хүрээнд түгжрэлийг бууруулж, иргэдийг стрессгүй байлгах тал дээр нийслэлээс анхаарч, тусгайлан төсөв хүртэл баталсан билээ. Энэ ажлын хүрээнд намрын улиралд томоохон замуудын нөхөн сэргээлт, гүүрэн гарцын ажлыг хийсэн. Тэгвэл өнгөрсөн наймдугаар сард Яармагийн замд нийт 37.5 метр нүхэн гарц барих ажлыг эхлүүлсэн. Тус бүтээн байгуулалтыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар тендер зарлаж, шалгарсан “Туулын гүүр далай” ХХК хариуцаж ажиллаж байгаа юм. Бүтээн байгуулалт анх товлосон хугацаагаар 4-8 дугаар сар хүртэл үргэлжлэх төлөвлөгөөтэй байсан ч гурван сараар хойшилжээ. Уг ажлын хүрээнд тус барилгын ажил явагдаж байх үед хөдөлмөрийн аюулгүй байдал алдсаны улмаас 13 настай хүүхэд тус нүхэн гарц руу унаж хүнд гэмтсэн осол гарсан.

Одоогийн байдлаар хүүхэд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тухайн нөхцөл байдалд хөдөлмөрийн аюулгүй байдал сахисан эсэх, нүхэн гарцын ажил яагаад удааширсан талаар сурвалжиллаа.

ХҮҮХЭД СЭХЭЭНЭЭС ГАРСАН Ч БИЕИЙН БАЙДАЛ НЬ ХҮНД БАЙНА

Осол одоогоос тав хоногийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 12-ны 20:00 цагийн үед болжээ. Бид хохирогч хүүгийн ээж болон эмээгээс дараах мэдээллийг авлаа.

Хүүгийн эмээ: Нүхэн гарцны ажил явагдаж байгаа үед хамгаалалтын хашаа, тор татаж, хүн унаж бэртэхээс сэргийлэх ёстой. Гэтэл осол гардаг өдөр  хамгаалалт байгаагүйгээс хүүхэд маань унаж хүнд гэмтсэн. Хагалгаанд орж, ухаан орохгүй гурав хоносон. Өөчигдрөөс ямар ч байсан ухаан орлоо. Тухайн компани болон цагдаагийн хэлтэстэй холбогдсон. Эцэг, эхтэй нь гүйцэтгэгч компаниас холбогдож, уучлалт гуйж, шаардлагатай хохирлыг барагдуулна гэсэн.

Тэр орой хүү маань ахтайгаа явж байсан. Дараагийн өдөр нь цагдаагаас залгаж хамт явж байсан хүүхдийг дуудаж, хэмжилт хийж үзэхэд нийт найман метр өндөр нүхэн гарцны гурван метрт байх тавцан дээр унаж бэртсэн байна лээ.

Гэр бүлийнхэн нь осол болсон хэсгийн зургийг хамгаалалт тор, бэхэлгээгүй хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйг нотолж зураг авах гэсэн боловч улаан  уяа татаж, хамгаалалтын төмөр, тор татсан байгаа юм.

Хүүгийн ээж: Би хүүгээ сахиад олон хоног Гэмтэл согог судлалын үндэсний төвд хонож байна. Хүүгийн минь биеийн байдал анхны үеэ бодвол дээрдсэн. Гэхдээ бүрэн сайжраагүй. Ямар ч байсан хагалгаа амжилттай болсон. Тэр нүхэн гарц барьж байгаа компаниас нөхөртэй маань уулзах цаг товлосон. Биднээс уучлалт гуйсан ч хүү минь эрүүл мэндээрээ хохирсон.

ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИ: ТҮР ХУГАЦААНД ХЯНАЛТ АЛДСАНААС ОСОЛ ГАРСАН

Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Хан-Уул дүүргийн Яармагийн авто зам "Хүннү молл" худалдааны төвийн баруун урд хэсэгт баригдаж байгаа нүхэн гарцын ажил энэ сард багтаж дуусах аж. Барилгын ажлын аюулгүй байдлыг хангасан төмөр хашааг түр хугацаанд нээлттэй орхисон нь алдаа болсон гэдгийг тус компанийн зүгээс тайлбарлав.

Туулын гүүр далай ХХК-ийн инженер Н.Балчиндорж:

-Төлөвлөгөөт хугацаанаас ажил нэг сараас хойшилсон. Барилгын ажил явагдаж байгаа учраас мэдээж хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Өнгөрсөн Бямба гаригийн орой хүүхэд унасан. Тухайн осол гарсан орой нүхэн гарцнаас барилгын хогийг ачих зорилготойгоор түр хугацаанд хамгаалах төмөр хаалтыг авч, Цагаан давааны хогийн цэг рүү явсан байсан.

Хүүхэд сонирхож нүхэн гарц руу орсноос тус золгүй осол гарсан. Бид тухайн хүүхдийн ар гэрийнхэнтэй холбогдсон.

Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал хангах тал дээр бүх ажилчид анхаарч байгаа.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗДТГ: БИД АЖИЛ ДУУССАНЫ ДАРАА ХЯНАЛТ ТАВИНА, ОСЛЫГ ЦАГДААГИЙН II ХЭЛТЭС ШАЛГАЖ БАЙГАА

Нийслэлийн замын хөгжлийн газраас томилсон, тухайн бүтээн байгуулалтад хяналт тавьж байгаа инженерээс тодруулахад “Тус нүхэн гарц Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын захиалгаар хийгдэж байгаа ажил. Манайхаас замын ажилд хяналт тавьж байгаа.

Тухайн гүйцэтгэгч компанид бид арга зүйн зөвлөмж өгч, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллахыг шаарддаг.

Талбайд гарч болзошгүй осол аваар, аюулгүй байдлыг гүйцэтгэгч компани хариуцдаг” гэв. Тиймээс захиалагч талаас мөн бүтээн байгуулалтын ажилд хэрхэн хяналт тавьж байгааг тодрууллаа.

Хан-Уул дүүргийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Цэрэн:

-Дүүргийн Засаг даргын тамгын газраас шаардлагатай бүтээн байгуулалтын ажлыг тусгаж, төсөв санхүүг баталж, тендер зарласан. Шалгарсан компани ажлаа хийж байгаа. Манайхаас ямар нэгэн хяналт тавихгүй.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас нүхэн гарцны ажилд хяналт тавиад явж байгаа гэсэн үг. Бид захиалагчийн хүрээнд тус байгууламжийг ашиглалтад хүлээж авах үүрэгтэй.

Түүнээс явц дундын хяналтыг өөр байгууллага, нэгжүүд хариуцдаг. Тус нүхэн гарцын ашиглалтад орох эцсийн хугацааг энэ сарын 30-наар тооцоолж байна. Хүүхэд унасан ослын талаар мэдээлэл манайд ирсэн. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хяналт шалгалтыг хийж байгаа.

ТЕНДЕРИЙН НИЙТ ТӨСӨВ ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ

Тус нүхэн гарцыг барих ажлын тендер 2021 оны долдугаар сард зарлагдаж байжээ. Ийнхүү зарласан хугацаанд хоёр компани материал өгснөөс “Туулын гүүр далай” ХХК шалгарсан байна. Орон нутгийн төсвөөс санхүүжүүлж буй уг бүтээн байгуулалтын ажлын нийт төсөв өртөг нь хоёр тэрбум төгрөг аж.

Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороонд тус нүхэн гарц ашиглалтад орсноор авто зам, явган зорчигчийн хөдөлгөөний огтлолцол байхгүй болж түгжрэл буурч, агаарын бохирдлыг багасах хамгийн гол нь явган зорчигчид зам тээврийн осолд өртөх эрсдэл буурна гэдгийг албаныхан мэдэгдсэн.

Гэвч төлөвлөгөөт хугацаанаас хоцорч яваа бүтээн байгуулалт түр хугацаанд аюулгүй байдал хангах хяналт алдсанаас 13 настай нэг хүүхэд эрүүл мэндээр хохиров. Хэдийгээр гүйцэтгэгч компани хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэгдэж, хуулийн байгууллага шалгаж байгаа ч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх өдөр тутамд ийнхүү зөрчигдсөөр байна. Тиймээс нийтийн эзэмшлийн зам талбайд баригдаж байгаа бүтээн байгуулалтын явцад захиалагч болон гүйцэтгэгч талаас хяналт тавихаас гадна мэргэжлийн байгууллагууд аюулгүй байдлыг нь хангах тал дээр тогтмол зөвлөгөө өгч, шалгадаг байх шаардлагатай. Ийм байдлаас болж олон хүн эрүүл мэндээр хохирхоос өмнө ХАБ-ыг хангах, хангуулах тал дээр нийслэлээс ч хариуцлагаа чангатгах нь зөв бизээ…

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж