Орос, Украины дайн үргэлжлэхийн хэрээр Европ тивд хурцадмал байдал улам бүр нэмэгдсээр байна. Дүрвэгсдийн урсгал төв Европыг чиглэж, эрчим хүчний үнэ өссөнтэй энэ нь холбоотой. Украинд тэсрэх бөмбөг унаж, хөрш зэргэлдээ Польш хүртэл пуужингийн цохилтод өртөв. Нөхцөл байдал ийн хүндрэхтэй зэрэгцээд Европын улс орнууд хувь хувьдаа иргэний хамгаалалтаа бэхжүүлэхийг хичээж эхлэв. Европ тив нэгэн үе Covid-19-ийн хөл хорионд орох вий гэж эмээж байсан бол өдгөө энэ нь цөмийн довтолгооноос хамгаалах байранд нуугдах хэрэг гарах вий гэсэн айдсаар солигджээ.
Одоогоор Украины нийслэл Киевт онцгой байдлын ажилтнууд цөмийн дайны үед ашиглах 425 хоргодох байрыг бэлтгэж байна. ОХУ цөмийн зэвсгээ хэрэглэх шалтаг хайж байгааг сүүлийн үеийн үйл явдлууд бэлхнээ харуулж байна гэж “The conversation” хуудас дүгнэжээ. АНУ-ын Тагнуулын төв агентлагийн дарга Уильям Бернс Даваа гаригт Туркийн нийслэл Анкара хотноо Оросын Гадаад тагнуулын албаны дарга Сергей Нарышкинтай уулзсан. Тэд ОХУ цөмийн зэвсэг хэрэглэхтэй холбоотой үр дагавар, стратегийн тогтвортой байдлын эрсдэлийн талаар ярилцсан байна.
ЧЕХ
Европын орнууд цөмийн дайнд бэлэн байгаа эсэхийг судалж үзсэн. Чехийн нийслэл Прага хотод л гэхэд Хүйтэн дайны үеийн үлдэгдэл хоргодох байрууд хүн амыг цөмийн дайнаас хамгаалахад бэлэн хадгалагдаж байна. ХХ зууны ихэнх хугацаанд одоогийн Чех улс Зөвлөлтийн нөлөөн дор Чехословак нэрээр оршин тогтнож байсан. Хүйтэн дайны үед тус улсад газар доорх хоргодох байрууд барих томоохон барилгын ажил өрнөжээ. Тухайн үеийн Чехословакийн иргэний хамгаалалтын хөгжил зөвхөн хоргодох байр барих ажлаар хязгаарлагдаагүй бөгөөд сургуулийн боловсролд энэ чиглэлийн хөтөлбөр багтсан байсан. ЗХУ задран унасны дараа Чехийн иргэд парламентын ардчиллыг дэмжиж, коммунизмаас татгалзсан байна. Гэхдээ коммунизмын үеийн иргэний хамгаалалтын дэд бүтцүүд нь одоо хүртэл бүрэн бүтэн хэвээрээ аж.
Прага хотод 150 мянга орчим хүн хүлээн авах хүчин чадалтай 768 хоргодох байр бий гэсэн тооцоо 2019 онд гарч байв. Хуулийн дагуу хотын эрх баригчид иргэдийг хоргодох байраар хангах үүрэгтэй. Прага дахь цөмийн хоргодох байрууд олон янз хэлбэртэй. Тухайлбал, уул толгодын энгэрт, энд тэнд хонгилуудад, метроны буудлын доор, барилгын хонгилын давхарт гэх мэт бий.
Жижков дүүрэг дэх Безовка хамгаалах байр руу нэвтрэхийн тулд Парукарка цэцэрлэгт хүрээлэнгийн битүү графит бичсэн төмөр хаалгаар ордог аж. Энэ нь 1950-аад оны дундуур баригдсан бөгөөд 2000 гаруй хүн хүлээн авах боломжтой. Одоогоор цэнгээний газрын зориулалтаар энэ газрыг ашиглаж байна. Хамгаалах байрны нэг хэсэг нь Хүйтэн дайны үеийнхээрээ байдаг бөгөөд хүмүүс энэ хэсгээр аялахад нээлттэй байдаг.
Прага дахь Фолиманка хоргодох байр нь 1332 м/кв талбайтай. 1962 онд ашиглалтад орсон бөгөөд цахилгаан үүсгүүр, ус, агааржуулалтын системтэй. Энд 1300 хүн 72 цагийн турш хоргодох боломжтой.
Зарим улс орон хоргодох байраа зориулалтаар нь хадгалж байхад зарим нь музей болгон хувиргасан. Үндсэндээ Прага дахь цөмийн хоргодох байруудыг ихэнхийг нь дахин ашиглахад зориулж бүтээлч байдлаар тохижуулжээ. Музей, аялал жуулчлалын цэг, төөрдөг байшин, шөнийн цэнгээний газар, хөгжим, урлагийн орон зай, агуулах гэх мэтээр шинээр тохижуулсан байна.
БУСАД УЛС
Украины Запорожье атомын цахилгаан станцын эргэн тойронд тулаан өрнөж эхэлснээс хойш Польш улс хоргодох байрууддаа тооллого хийх захиалга өгчээ. Энэ дайн Европ даяар, тэр дундаа Украинтай шууд хиллэдэг Польш, Румын зэрэг цөмийн довтолгоонд өртөх магадлал өндөртэй орнуудад айдас төрүүлэв. Польш улсад агаарын дайралтаас хамгаалах 62 мянга орчим хоргодох байр байдаг. Тухайлбал, Варшав дахь Арселор Миттал гангийн үйлдвэрийн доор Хүйтэн дайны үеийн хоргодох байр бий. Ердийн зэвсгээр халдлага үйлдсэн тохиолдолд Варшавын метро болон бусад газар доорх хоргодох байранд 1.8 сая орчим хүн багтах боломжтой гэж эрх баригчид мэдэгдсэн.
Унгарын Будапешт хот дахь цөмийн хоргодох байрыг музей болгон тохижуулжээ. Энэ мэт зарим хоргодох байрыг ашиглах боломжгүй болсон тул метронд найдаж болно гэж албаныхан мэдэгдсэн. “Будапештийн метроны 2, 3 дугаар шугамын хонгилд 220 мянга хүртэл хүнийг хамгаалах байрны системээр хамгалах боломжтой” гэж Тээврийн холбооны тэргүүн Аттила Гуляс хэлэв.
Босни-Герцеговина улсын Конжид байрлах цөмийн хоргодох байрыг мөн л орчин үеийн урлагийн галлерей болгожээ. Анх 4.6 тэрбум ам.доллар зарцуулж барьсан энэ хоргодох байр өнөөгийн ханшаар 20 гаруй тэрбум ам.доллараар үнэлэгдэнэ. Үүнийг цөмийн дайны үед ашиглалтад оруулах боломжтой боловч зэвсэг нь илүү хүчтэй болсон тул хамгаалах чадвар нь анх баригдах үеийнхтэй харьцуулашгүй гэж албаны хүн хэлэв.
Румын улсад жуулчид ихээр очдог хуучин давсны уурхай бий. Тодруулбал, Салина Турда дахь газар доорх нуураар жуулчид завьтай аялдаг. Тэгвэл Европт нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор онцгой байдлын албаныхан уг уурхайг иргэний хамгаалалтын байраар бүртгэжээ.
ХОРГОДОХ БАЙРНЫ ЗАХИАЛГА
Цөмийн хоргодох байр барьдаг “Artemis Protection” нэртэй компани Францад бий. Тус компани үйлчлүүлэгчгүй байсан бол Орос, Украины дайны эхний долоо хоногт 1000 үйлчлүүлэгч тэднийд ханджээ. Тэдний дийлэнх нь Францын иргэд байсан бөгөөд онцгой байдлын үед өөрсдийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалах зорилгоор хувийн байгууламж бариулах хүсэлтэй байв.
“Artemis Protection” компанийг 2021 оны нэгдүгээр сард үүсгэн байгуулжээ. Эхэндээ бизнес хөл дээрээ босох гэж маш хэцүү байсныг үүсгэн байгуулагч Мэтью Серанне ярьсан юм. “Бид тэгээс эхэлсэн. Дайнаас өмнө бид нэг ч борлуулалт хийгээгүй. Дайны эхний долоо хоногт бид 1000 гаруй хүсэлт хүлээж авсан. Тэд сандраагүй, үнэхээр ухаалаг хүмүүс байсан. Тэд пуужин, бөмбөг, химийн дайралтаас хамгаалах өргөтгөл байшиндаа бариулахыг хүссэн” гэж тэр ярьлаа.
Францчуудаас гадна Их Британи, Ирланд, Испани, Герман, Польш, Болгар үйлчлүүлэгчид ч байв. Хувь иргэдээс гадна барилгын компаниуд ч “Artemis Protection”-тэй холбогджээ. Дайнаас өмнө орон сууц, худалдааны байгууламж барьдаг байсан компаниуд хоргодох байрны бизнес рүү орохыг оролдох болсон байна. Хүсэлт гаргагчид ихэнхдээ нүсэр том зүйл биш хурдан хугацаанд барьж болох боломжийн хувилбарыг хүсч байсан. Тиймээс “Artemis Protection” компани 3х2.5 метр хэмжээтэй, 156 мянган ам.долларын үнэтэй авсаархан хоргодох байрны загвар гаргасан аж. Энэ нь учиргүй тансаг биш ч гэлээ химийн бодис, цацраг туяаг шүүх чадвартай, агааржуулалтын системтэй. Гадаа дэлбэрэлт болж буй тохиолдолд хоргодох байранд агаарын даралт маш өөр байдаг аж. Төсөөлбөл, онгоцоор нисч явах үед гэнэт цонх хагарахтай адил гэнэ.
Оросууд Украины хот, суурингуудыг бөмбөгдсөний улмаас тоо томшгүй олон хүн газар доор амьдрахад хүрсэнийг бид мартаагүй. Бүх хүн газар доорх найдвартай хоргодох байранд орох боломжгүй байсан тул гэртээ амь үрэгдсэн хүн ч тоймгүй олон. Хамгаалах байртай байлаа гээд цөмийн дайны гамшгийг бууруулна гэсэн үг биш юм. ОХУ цөмийн зэвсэг ашиглалаа гэхэд аль ч улсын засгийн газар, ямар ч олон улсын байгууллага хүмүүнлэгийн яаралтай тусламжийг тэр дор нь шийдэхэд нэн хүндрэлтэй билээ.
Эх сурвалж: THE CONVERSATION, THE NATIONAL NEWS, RFERL