Нүүрс тээвэрт тулгарч буй эрсдэл

Хуучирсан мэдээ: 2022.11.16-нд нийтлэгдсэн

Нүүрсний хулгай

Нүүрс тээвэрт тулгарч буй эрсдэл

Нүүрс тээвэрт тулгарч буй эрсдэл

Урд хөрш БНХАУ жилдээ 4.3 тэрбум гаруй тонн нүүрс хэрэглэдгээс 3.7 тэрбум орчмыг дотоодоосоо хангаж, үлдсэн 611 сая тонныг импортолдог. Глобал эдийн засгийн тойм мэдээллээс харахад, сүүлийн саруудад БНХАУ-ын коксжих нүүрсний үнэ нэмэгдэх хандлагатай байна.

Шаньси мужид 2022 оны аравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 1 тонн нүүрс 2488 юань (347.8 ам.доллар) болж, өмнөх сарын мөн үеэс 9.1 ам.доллар, Таньжин боомтод 2760 юань (385.7 ам.доллар) болж, өмнөх сарын мөн үеэс 29.4 ам.доллараар тус тус нэмэгджээ. “Sxcoal”-д мэдээлснээр, БНХАУ-ын коксжих нүүрсний эрэлт болон нийлүүлэлт сүүлийн саруудад харьцангуй тогтвортой 39-40 сая тонн орчимд хадгалагдаж байгаа аж.

БНХАУ-ын боомтын гацаа багасч, Монгол Улсын нүүрсний экспортын сэргэлт үргэлжилж байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд биет хэмжээ нь огцом өссөн бөгөөд энэ эрчээ алдахгүй явбал экспорт 30 сая тонн руу дөхөх төлөв ажиглагдаж буйг шинжээчид онцолж байгаа юм. Арваннэгдүгээр сарын байдлаар Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ 24.4 сая тоннд хүрээд байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, 2022 оны арваннэгдүгээр сарын 4-нөөс 10-ны хооронд хоногт 6126 машин, 1549 чингэлээр нийт 893800 тн нүүрс гарчээ. Оны эхнээс 24.38сая тн нүүрс экспортолсон нь өмнөх оноос 71 хувиар өссөн үзүүлэлт юм.

Нүүрс тээвэрт өнөөдрийн байдлаар хоёр асуудал тулгарч буй ажээ. Нэгд, Хятадын “Тэг ковид” бодлогоос үүдэлтэй хязгаарлалт үргэлжилж буй, хоёрдугаарт, дизель түлшний хомсдол.

Улсын хэмжээнд дизель түлшний үнэ литр тутамд 3760 төгрөг орчим байгаа бол Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, нүүрс тээвэрлэгчдийн мэдээлж буйгаар, тэнд өнөөдөр дизель түлш хомсдож, литр нь 4300 төгрөг болж, тээвэрлэлт зогсоход ойрхон байгаа аж.

Хэдийгээр Засгийн газрын бодлого хэрэгжиж, нүүрсний экспортын гарах урсгал сайжирсан ч дизель түлш, шатахуунаас үүдэн экспортод тооцоолоогүй эрсдэл үүсэх магадлал өндөр болжээ. Тиймээс Засгийн газраас түлшний асуудлыг яаралтай шийдэхгүй бол нүүрсний үнэ өссөн боломжит хугацааг алдах эрсдэл тулгарч байна. Улмаар нүүрсний экспорт саарах төлөв ажиглагдаж, эдийн засаг сэргэх, валютын орлого нэмэгдэх хүлээлт талаар болж мэдэх нь.

Өдгөө нүүрсний экспортын төлөвлөгөө 135 хувийн гүйцэтгэлтэй байна. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 15-ны байдлаар 2.8 сая төгрөгийн нүүрс экспортод гаргажээ. Тодруулбал, энэ сарын эхний 15 хоногт 1 сая тонн, арваннэгдүгээр сарын 8-наас 15-ны хооронд нийт 113065 тонн, 15-ны өдөр 41070 тонн нүүрс гаргасан байна.

Гашуунсухайт-Ганцмод боомтоор гарч буй коксжих нүүрсний үнэ өсч, хилээр гарах автомашины тоо нэмэгджээ. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар нүүрс тонн тутамдаа 236.6 ам.доллар орчим болж, өмнөх сараас 29.7 ам.доллараар өссөн байна. Мөн тус боомтоор өнгөрсөн есдүгээр сард өдөрт дунджаар 640 ачааны автомашин хил нэвтэрсэн нь өмнөх сараас дунджаар 80-аар нэмэгдсэн дүн юм.

Шивээхүрэн-Сэхэ боомтоор гарч буй коксжих нүүрсний үнэ 183.1 ам.доллар болж, өмнөх сараас 8 ам.доллараар нэмэгджээ. БНХАУ-д экспортолсон 7.5 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүний 54 хувь буюу 4 тэрбум ам.долларыг чулуун нүүрс эзэлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж