"Монголын нийгэм бүхэлдээ ёс суртахуунгүй байна"  

Хуучирсан мэдээ: 2022.11.16-нд нийтлэгдсэн

"Монголын нийгэм бүхэлдээ ёс суртахуунгүй байна"  

"Монголын нийгэм бүхэлдээ ёс суртахуунгүй байна"  

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Төрийн албаны зөвлөл хамтран Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн талаарх уулзалт, хэлэлцүүлгийг Төрийн ордонд өнөөдөр (2022.11.16) зохион байгууллаа. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрийн бүх шатны удирдах ажилтан, албан хаагчийн хувьд ёс зүй нь тэдний гаргасан шийдвэр, үйл ажиллагаа, үг яриа, үйл хөдлөлд илэрч байдаг. Таны үйлдэл, үйл ажиллагааг иргэд хянаж байгаа гэдгийг төрийн албан тушаалтан бүр мартаж болохгүй. Төрийн албаны мөн чанар бол ард түмэндээ үйлчлэхэд оршиж байдаг бөгөөд төрийн албаны нүүр царай бол төрийн албан хаагчид” гэлээ.

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр "Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол зорилгын нэг нь төрийн алба шударга, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, тогтвортой, мэргэшсэн чадварлаг байхад чиглэгдсэн" гэв.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 4206 төрийн байгууллагад 208864 төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 21135 нь төрийн захиргааны, 4165 нь улс төрийн, 45899 нь төрийн тусгай, 137665 нь төрийн үйлчилгээний албан хаагч байна. Мөн хуулийн төслийг хэлэлцэн батлахдаа долоо хэмжиж, нэг огтол гэдэг зарчмыг баримталж байгааг тодотгож, эрдэмтэн, судлаачдын санал бүхэн үнэтэйг зохион байгуулагчид онцлов.  Уг хуулийн төслийн талаар эрдэмтэн судлаачдаас байр суурийг сонслоо.

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ШУДАРГА ЁС, АВЛИГААС АНГИД БАЙЖ БУСДААСАА ЯЛГАРДАГ”

Академич С.НАРАНГЭРЭЛ:

-Монгол Улс тогтвортой хөгжлийн замд орж чадахгүй байна. Монголын нийгэм бүхэлдээ ёс суртахуунгүй байна. Өөрөөр хэлбэл хүн чанар, хүний мөс, сайхан сэтгэл жудаг гэдэг бүх юм аа мөнгөний дор тавьчихсан, мөнгийг нийтээрээ илүүд үздэг болсон байна. Төрийн албан хаагчид адгийн наад зах нь төрийн нэрийн өмнөөс иргэдтэй харьцаж байгаа юм шүү. Тийм учраас иргэнээ та гэж хүндлэн Монгол Улсын иргэн гэдэг үүднээс харьцаж тухайн иргэнээс тавьж буй асуудлыг шийдвэрлэснээр Монгол Улс хөгжил дэвшлийн тогтвортой замд орно. Энэ нөхцөлд юуны өмнө төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийг батлах ёстой. Энэ хууль байх нь зүйтэй гэж үзэж байна. Боловсронгуй болгох зүйлс бий. Ерөөсөө л төрийн албан хаагч хүнд хүний ёс суртахууны эрхэм сайхан чанараас аль нь илүү байх ёстой юм.

Жишээлбэл, шударга ёс, эелдэг найрсаг зан, нэр төр, авлига хээл хахуулиас ангид байж тэсвэр, тэвчээртэй байж төрийн албан хаагч бусдаасаа ялгардаг.

Төрийн алба гэдэг бол эх орны төлөө алба. Энэ хуулийн төсөл Монгол төрд тус дэм болно. Гэхдээ хуулийн төсөлд төрийн албаны ёс зүйн зөвлөл байгуулагдаж, хариуцлага тооцохоор орж ирсэн. Дан ганц хариуцлага тооцох юм бол хүний мууг үздэг, залхаан цээрлүүлдэг нэгж болж хувирна. Гэтэл төрийн албан хаагчид дотор шударгаар ажил үүргээ биелүүлдэг, бүхний хайр хүндэтгэлийг хүлээсэн алба хаагчдын цалин, хөлс урамшуулал, албан тушаал ахиулах зэрэг бүгдийг нь олон талаас нь хардаг байгаасай.

ЁС СУРТАХУУНЫ ХАРИУЦЛАГА ИХ ЭЭДРЭЭТЭЙ

МУИС-ийн зөвлөх профессор, доктор Р.ДАРЬХҮҮ:

-Нийгмийн ёс суртахууны доройтол уналт босолтоос гарахад олон янзын гарц гаргалгаа бий. Мэргэжлийн ёс зүйн код байгаа ч сайн хэрэгжихгүй байна. Үүнийг хүчирхэгжүүлэхийн тулд төрийн албан хаагчийн нийгэмд үйлчлэх хариуцлагыг дээшлүүлэх, ёс зүйн элдэв алдаа зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилготой хуулийн төсөл яригдаж байна. Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ хуулийн агуулга талаас амьдралд хэрэгжсэн хууль гараасай. Үндсэн нэр томьёог янз бүрээр бичиж байна. Жишээ нь, ёс зүй бол философийн шинжлэх ухаан. Төр бол нийтийн сайн сайхны төлөө ажилладаг байгууллага.

Улстөрчид, эмч багш нараас үлгэр дуурайлал авч алдаа мадаг гаргахгүй байх, төрийн албан хаагчдаа хамгаалах чиглэлтэй хуулийн төсөл гэж ойлгож байгаа.

Тэрнээс биш төрийн албан хаагчдыг шийтгэх хууль биш гэж ойлгож байна. Ёс суртахууны хариуцлагын асуудал их ээдрээтэй. Нарийн судалж тогтоох ёстой зүйл. Яг одоо хуулийн төсөл дээр нарийвчлан тусгагдаагүй байна. Хуулийг яаравчлан гаргах биш, сайн судлах ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж