НӨАТ-ын урамшууллын аравдугаар сарын сугалааны тохирол өнөөдөр /2022.11.16/ 13:00 цагаас Боловсрол суваг телевиз болон Ebarimt аппликэйшнээр шууд дамжуулагдлаа. Тус тохиролд 2022 оны аравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг арваннэгдүгээр сарын 15-ны 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн баримтуудыг сугалаанд хамруулсан юм.
Улсын хэмжээнд аравдугаар сарын 38,957,902 баримт системд бүртгэгдсэн байна. Үүнээс 38 мянга 885 азтан тодорчээ.
Тохирлын дүн:
- 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/- 35,121
- 4 орон таарсан /40,000-100,000 төгрөг/- 3417
- 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/- 305
- 6 орон таарсан /100,000-5 сая төгрөг/- 38
- 7 орон таарсан /500,000-10 сая/- 3
- 8 орон таарсан 1 супер азтан тодорч 5 сая-30 сая төгрөгийн эзэн болж байна.
Супер азтаны сугалааны дугаар: 48753050
Супер азтан болсон тохиолдолд татварын газарт өөрийн биеэр очиж хүсэлтээ өгөх бөгөөд үүнээс хойш ажлын 15 хоногт урамшууллын мөнгө орох юм. Сугалааны тохиролд ШӨХТГ, ЦЕГ, ТЕГ-ын төлөөлөл болон иргэд хяналт тавьсан байна.
СУГАЛААНЫ СИСТЕМИЙГ ЦАХИМЖУУЛЖ, ИЛ ТОД БОЛГОСОН
НӨАТ-ын баримттай холбоотой өнгөрсөн сард цацагдсан бичлэгийн талаар Сангийн сайд Б.Жавхлан, “Сүүлийн хэд хоног төсвөө барьж гүйгээд шинэ сайдуудтай өдөр бүр тулж нойр хоолгүй ажиллаж байна. Урьд шөнө бараг унтаагүй, манай яамныхан надтай хамт явж байна. Энэ хооронд ийм юм болчихлоо. Манай ТЕГ-ын дарга эрүүл мэндийн асуудлын улмаас гадаадад эмчилгээнд явж байгаа. Энэ хооронд анхаарал сарниад ийм зүйл боллоо. Энэ бол удахгүй эхлэх НӨАТ-ын сугалааг сурталчлах төлөвлөгөөт ажил байсан юм. Уг бичлэгийг үзсэн, алдаатай зүйлс орсон байна. Ёс зүйгүй үг хэрэглэсэн зүйл болжээ.
Уг санаа нь их энгийн. Тавдугаар сард сугалааг зогсоосноос хойш сугалаа баталгаажуулдаг тоо хоёр дахин буурсан. Долоон жилийн үр дүн гуравхан сарын дотор 50 хувь болж буурлаа.
Иймд, сугалааныхаа системийг цахимжуулж, ил тод болгосон. Иргэдийн зүгээс зарим сар супер азтан таарсангүй гэдэг шүүмжлэлийг өгдөг. Одоо бүх азтан тодорно. Олон баримт уншуулах тусам таны хожих магадлал өндөрсөнө. Уншуулсан баримтын хэмжээгээр сар бүр сугалаанд өгөх хонжворын сан нэмэгдэнэ. Хамтарч ажилласан студийн зохиол санаанд хүрэхгүй ийм юм болчихлоо. Тухайн бичлэгтэй холбоотой төлбөр хийсэн зүйл байхгүй. Гүйцэтгэл амжилтгүй учраас төлбөр хийгээгүй” гэсэн юм.
НӨАТ-ын сугалааны тохиролд:
- 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
- 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
- 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авахаар шинэчилсэн.
Холбоотой мэдээ