Боловсролын салбарын чанар, тэгш байдал, хариуцлагын талаарх Иргэний нийгмийн XII чуулган өнөөдөр /2022.11.16/ болж байна. Тус үндэсний чуулганы зорилго нь хүн бүрийн өдөр тутмын амьдралд, насан туршдаа нөлөөлөх үндсэн эрх, хүний хөгжлийн түлхүүр болсон боловсролын асуудлуудад хийсэн хүний эрхэд суурилсан, жендерийн мэдрэмжтэй дүн шинжилгээнүүдийг нийтэд танилцуулж, өргөн хүрээнд хэлэлцүүлэх, боломжит гаргалгаа шийдлүүдийг тодорхойлж бодлогод нөлөөлөх юм. Мөн боловсролын чанар, хүртээмж, тэгш байдал, хариуцлагатай байдлын төлөө ажилладаг хувь хүн, иргэний нийгмийн байгууллага, бүлгүүд болон бусад оролцогч талуудын уялдаатай байдлыг хангаж, боловсролын өөрчлөлтийн төлөөх өргөн суурьтай, зохион байгуулалттай, хүчтэй хөдөлгөөний нэг хэсэг байх зорилготой аж.
Тиймээс иргэний нийгмийн төлөөлөл болон боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, сурагчдын төлөөллөөс боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, шинэчлэлт өөрчлөлт, тэгш хамрах зорилгыг хэрхэн хэрэгжүүлэх талаар байр суурийг сонирхлоо.
ИРГЭНИЙ НИЙГМИЙН САНАЛУУД ХУУЛЬД ТУСГАГДАНА ГЭДЭГ ИРГЭНД ЭЭЛТЭЙ БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО БҮРДЭХ СУУРЬ
Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн захирал Б.БАТЖАРГАЛ:
-Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү уулзалт нь боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлыг өргөн хүрээнд нь авч үзэж олон талт яриа хэлэлцээ өрнүүлэх талбар болж өгдгөөрөө онцлогтой. Мөн иргэний нийгмийн төлөөллүүд тодорхой дэвшүүлж буй асуудлын хүрээнд байр сууриа илэрхийлэх, сурагч, багш нар мөн үзэл бодлоо илэрхийлэх боломжтой юм. Иргэний нийгмийн зүгээс хувьсан өөрчлөгдөж буй боловсролд хувь нэмрээ оруулах үүднээс хамтын уулзалтыг зохион байгуулна гэдэг бол нэг талаар ололт. Нөгөө талаар эрх зүй, бодлогын баримт бичигт тусгагдах саналыг олон нийтээс авч уламжилж байна гэдэг нь үүргээ сайн биелүүлж буй явдал.
Чулганаар хэлэлцүүлж буй сэдвүүдийг авч үзвэл нэгдүгээрт, энэ жилийн турш яригдаж байгаа боловсролоо хувирган өөрчлөх, хоёрдугаарт, Монгол Улсын хувьд боловсролоо хувирган өөрчлөх үйл явц хэрхэн өрнөх, гуравдугаарт, НҮБ-ын түвшинд улс орнууд амлалт өгсөн.
Үүнтэй зэрэгцээд иргэний нийгмийн байгууллагууд БШУЯ, төрөөс амлалт авч, өнөөгийн тулгамдаж байгаа асуудлуудын гаргалгаа дээр хамтарч ажиллах юм.
Өөрөөр хэлбэл, боловсролыг хувирган өөрчлөх явцад зөвхөн төр, салбар яамны оролцооноос гадна иргэний нийгмийн дуу хоолой идэвхтэй байх чухал гэсэн үг.
Оролцогчдын хүрээ жил бүр тэлж байгаа. Боловсролын төрийн байгууллагууд, 30 гаруй иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, эвсэл, орон нутгийн сургууль, багш, сурагч, залуучууд идэвхтэй чуулга уулзалтад идэвхтэй оролцож байна. Мөн боловсролын чиглэлээр судалгаа хийдэг судлаачид оролцдог. Чуулганаар жилд 1-2 асуудал сонгож авч төлөөллүүдийн саналыг авч хурлын төгсгөлд нэгтгэн хэлэлцүүлдэг.
12 дахь жилдээ зохиож буй чуулганаар ямар, ямар үр дүн гарч байгааг бид мөн тодорхойлж үзсэн. Одоогийн жишээн дээр авч үзэхэд Боловсролын тухай багц хуулийн шинэчилсэн найруулгад бидний өмнөх уулзалтууд дээр дэвшүүлж байсан саналууд тусгагдаад байна.
Тэгэхээр иргэний нийгмийн санал санаачлагууд хууль, эрх зүйн баримт бичигт тусгагдана гэдэг иргэнд ээлтэй боловсролын тогтолцоо бүрдэх боломжийг бий болгож байгаа хэлбэр. Тиймээс цаашид ч бид санал санаачлагууд, түүний биелэлт хэрэгжилтэд анхаарч ажиллана.
БОЛОВСРОЛЫН ТЭГШ БУС БАЙДЛЫГ АРИЛГАХАД ТӨРИЙН АНХААРАЛ МАШ ЧУХАЛ
Иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.ТУНГАЛАГ:
-Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн эвсэл жил бүр боловсролын тулгамдсан асуудлаар чуулган зохион байгуулдаг. Энэ удаагийн чуулган бол дэлхий нийтээр өрнөж байгаа хөдөлгөөнтэй холбоотой цар тахлын дараах эдийн засгийн хямрал, боловсролын тэгш бус байдал, байгаль орчны сүйрэл зэрэг дорвитой буурахгүй байгаа үед боловсролыг хувьсган өөрчлөх шаардлагатай гэдэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачлага гарсан. Тус санаачлагын хүрээнд НҮБ-ын Ерөнхий ассамблейн уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Боловсрол шинжлэх ухааны сайд нар оролцож, Монгол Улс боловсролоо яаж хувьсган өөрчлөх талаар амлалт авсан.
Иргэний нийгэм өнөөдөр чуулж байгаа шалтгаан нь дээрх амлалтын хэрэгжилтэд иргэний нийгмийн зүгээс ямар оролцоотой байх, яаж дэмжиж хамтарч ажиллах, хариуцлага хүлээх тал дээр ямар байх зэргийг хэлэлцэх.
Олон талт төлөөллийн хүмүүс байгаа учраас асуудлын гаргалгааг өргөн хүрээнд шийдвэрлэхэд зөв санал боловсруулдаг. Ингэснээр дараагийн шатанд хуульд тусгагдах, бодит байдалд хэрэгжээд явах нөхцөл бүрддэг гэсэн үг. Боловсролын хүртээмж, эрх тэгш байдлыг хангаж, чанартай боловсрол олгосноор ашгийн хүрээнд бус ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах боломж гэдэг утгаар харж чадна. Боловсролын тэгш бус байдлыг арилгахад төрийн анхаарал маш чухал. Мөн бид шинэ санааг гаргах шаардлагатай. Хүмүүсийн дунд санаа өгч, түүнийг эргэцүүлэн бодсоны үндсэн дээр санал санаачлагуудыг нэгтгэн гаргадаг.
Ирээдүйд боловсролын чиг хандлага хэрхэн өөрчлөгдөх нь өнөөдөр бидний хэлэлцэж буй асуудлуудыг шийдвэрлэснээр тодорхойлогдоно. Тиймээс төрийн зүгээс санхүүжилтийг хангалттай тусгаж өгч, боловсролын салбарт мөнгө харамлахгүй байх нь чухал.
Өнгөрсөн жилүүдэд цар тахлаас шалтгаалсан сурагчдын хичээлийн хоцрогдлыг хэрхэн арилгах талаар ярьж байсан. Энэхүү зорилтын хүрээнд Нийслэлийн боловсролын газар, БШУЯ дэд зорилтуудыг дэвшүүлж, дунд хугацааны хөтөлбөр баталж ажиллаж байна. Гэх мэтчилэн санал санаачлагуудын дагуу зөвлөмж мэдээллийг боловсруулж, түүнд нийцэхүйц бодлого боловсруулж төрийн зүгээс иргэний нийгэмтэй хамтын ажиллагаатай байдаг. Гагцхүү бид тууштай байх хэрэгтэй. Чуулганы үр дүн нэг жилийн дотор гарах нь бий. 5-10 жилийн дараа үр дүн биелэх ч боломжтой. Тэгэхээр хугацаа нарийвчлан заадаггүй ч бид хяналтын бүхий л шатанд боловсролын салбарт санал санаачлагууд тусгагдаж байгааг тогтмол хянадаг.
МАНАЙ СУРГУУЛЬД ЦӨӨН ХҮҮХЭД ХАМРАГДДАГ УЧРААС ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ СУРАГЧДАД ЗОРЧИХ ХЭСЭГ ГАРГААГҮЙ
БЗД-ийн 88 сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Э.САРАНЦАЦРАЛ:
-Миний хувьд сургуулийнхаа сурагчдын өөрөө удирдах зөвлөлд хамрагддаг. Манай сургуулийн хувьд алслагдсан бүсэд байдаг жижиг сургууль учраас цөөн сурагчтай. Тухайлбал, 11 дүгээр ангийн ганцхан бүлэгтэй. Нийт 16 сурагчтай учраас хичээл, багш нарын хувьд хүртээмжтэй байж чаддаг. Гэхдээ байгалийн ухааны хичээд дээр багш болон анги танхимын хүрэлцээ хангалтгүй. Сурагчдын зүгээс сургуулийн удирдлага, холбогдох албаны хүмүүст асуудлаа хэлэхээр санхүү байхгүй учраас одоогоор шийдэх боломжгүй гэдэг хариу өгдөг. Үүнээс гадна сургалтын орчин таатай байж, хүүхэд бүр боловсролын үйлчилгээнд тэгш хамрагдах ёстой.
Гэтэл манай доод ангид хөгжлийн бэрхшээлтэй нэг сурагч байдаг. Тэргэнцэртэй учраас хоёр давхарт байдаг анги руугаа гарахад хүндрэлтэй.
Үүнээс болоод тэр хүүхэд хичээлдээ бараг явдаггүй. Тиймээс өнөөдрийн уулзалтад миний хувьд сурагчдын төлөөлөл болж оролцож байгаа учраас хүүхэд бүрийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах нөхцлийг бүрдүүлж өгөхийг хүсч байна.
Холбоотой мэдээ