П.Н Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн хашаанд дураараа хувийн эмнэлэг барьж байгааг эсэргүүцэн эмч, ажилчид өнөөдөр /2022.11.16/ жагсав. Энэ үеэр эмч, ажилчдын төлөөлөл ярихдаа "П.Н Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн эзэмшлийн газарт эмнэлгийн авто гражийнхаа орц, гарцыг гаргаад байна. Энэ хууль бус газрын зөвшөөрлийг өгсөн газруудад шалгуулмаар байна. Хувийн эмнэлгийн барилга барьж байхад бүр их эрсдэлтэй байсан.
Улсын эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэд орж гарахад хүндрэлтэй, дээрээс нь юм уначих гээд аюултай нөхцөл байдал үүссэн. Өнгөрсөн зунжингаа албан бичиг өгөөд ямар нэгэн арга хэмжээ авсангүй.
Одоо төрийн эзэмшлийн газарт авто гражын орц, гарцыг бариад байна. Бид үүний цаана ямар нэгэн эрх мэдэлтэй хүний ашиг сонирхол байна гэж харж байна. Хувийн эмнэлгийн барилгын ажил өнгөрсөн хавраас эхэлсэн. Барилга барьж байгаа ямар нэгэн хамгаалалт, хаалт ч байхгүй. Иргэд ихээр үйлчлүүлдэг төвийн дэргэд барьчихсан" гэдгийг хэлэв.
Харин "Амин-Эрдэнэ" эмнэлгийн захирлын зүгээс "Манай эмнэлэг өөр компанид газраа зарсан. Энэ газар албан ёсны зөвшөөрөлтэй, эмнэлгийн ажилчдын орон сууцны барилга барьж байгаа. Улсын эмнэлгийн газрын эзэмшилд гражийн орц, гарцаа бариагүй. Иргэдийн хөдөлгөөнд ямар нэгэн хүндрэл учруулаагүй. Энэ бол нийтийн эзэмшлийн талбай" гэдэг хариултыг өглөө.