Бичил биетний эсрэг эмийг хэтрүүлэн хэрэглэх нь зохисгүй

Хуучирсан мэдээ: 2022.11.16-нд нийтлэгдсэн

Бичил биетний эсрэг эмийг хэтрүүлэн хэрэглэх нь зохисгүй

Бичил биетний эсрэг эмийг хэтрүүлэн хэрэглэх нь зохисгүй

Бичил биетний тэсвэржилтээс хамтдаа сэргийлж, тэмцье уриан дор Мал эмнэлгийн ерөнхий газар, Эм, Эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар хамтран Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах дэлхийн долоо хоног” аяны хүрээнд сургалт зохион байгуулагдлаа. Уг сургалтыг Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал, амьтны эрүүл мэндийн газрын дарга Т.Тунгалаг, Биокомбинат ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ууганбаяр, Мал эмнэлгийн ерөнхий газрын тархвар зүй, мэдээлэл судалгаа статистикын газрын дарга Д.Батхуяг нар оролцов.

Энэ аянг жил бүрийн арваннэгдүгээр сарын 18-24-ний хооронд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр гэсэн олон улсын дөрвөн байгууллага уламжлал болгон Дэлхий даяар тэмдэглэдэг байна.

Сургалтын үеэр бичил биетэн гэдэгт нян, вирус, мөөгөнцөр, шимэгчийг хамааруулах бөгөөд бичил биетнийг устгадаг эсвэл түүний үржил, хөгжлийг нь саатуулах үйлчилгээ үзүүлдэг аливаа эм, бэлдмэлийг бичил биетний эсрэг эм (ББЭЭ) гэдэг аж. Харин бичил биетний тэсвэржилт (ББТ) гэдэг нь өвчин үүсгэгч нян, вирус, шимэгч хорхой, мөөгөнцөр зэрэг бичил биетэн ББЭЭ-нд дасал болж эмчилгээ, үйлчилгээ үр дүнгүй болохыг хэлнэ.

Бичил биетний тэсвэржилт үүсэх үндсэн шалтгаан нь иргэд бичил биетний эсрэг эмийг хэтрүүлэн хэрэглэх, эсвэл дутуу, буруу давтамжтай зохисгүй хэрэглэх явдал юм. Мөн малчид, тариаланчид бичил биетний эсрэг эмийг мал аж ахуй, тариалан эрхлэлтэд зохисгүй, хяналтгүй хэрэглэснээр бичил биетний тэсвэржилтийн тархалтыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байна.

Монгол Улсад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар “Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөө” 2022-2025 батлагдан харьяа байгууллагууд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ оны аянд “Бичил биетний тэсвэржилтээс хамтдаа сэргийлье” уриатайгаар “Нэг эрүүл мэнд концепцийн” хүрээнд Монгол Улсын хүн, мал, амьтны эрүүл мэнд, байгаль орчны салбарууд хамтран оролцоно. Иргэдэд чиглэсэн мэдээ мэдээллийг олон нийтийн мэдээллийн сүлжээгээр түгээх, АШУҮИС ба ХААИС-тай хамтран төгсөх дамжааны оюутнуудыг оролцуулсан хэлэлцүүлэг сургалт зохион байгуулна. Мөн БЕГ-тай хамтран ЕБС-ын сурагчдад мэдээлэл өгөх, олон салбарын оролцоог хангах зорилгоор салбар дундын хорооны анхны уулзалтыг зохион байгуулах болон бусад мэдлэг хандлагыг дээшлүүлэх ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

Өнгөрсөн 2019 оны байдлаар дэлхий дахинаа 5 сая гаруй хүн тэсвэржсэн нянгийн халдварын хамааралтайгаар нас барсан бөгөөд үүнээс 1,3 сая нь шууд тэсвэржсэн нянгийн халдвараас шалтгаалан нас барсан байна.

Бичил биетний тэсвэржилт нь 2050 он гэхэд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг 3,8 хувиар бууруулах аж. Бичил биетний тэсвэржилт нь хяналтгүй тархсаар байвал дараагийн 10 жилд жил бүр 3.4 триллион ам.долларын ДНБ-ний хомсдолд оруулна. Мөн 24 сая гаруй хүн амыг туйлын ядууралд хүргэх аюултай гэнэ. Нэг шинэ нянгийн эсрэг эм /антибиотик/ нээж гаргахад 10-15 жилийг зарцуулан 1 тэрбум гаруй долларыг зарцуулдаг байна. Үлдэгдэл болон хэрэглээгүй үлдсэн эмийг хог дээр хаях, 00-д урсгах нь бичил биетний тэсвэржилтийг улам хүндрүүлдэг аж. Мал, амьтадыг эрүүл байлгах, антибиотикийн хэрэглээг бууруулах нь бичил биетний тэсвэржилт үүсгэхгүй байх чухал алхам юм.

Хоол хийх, бэлтгэхээс өмнө гарын ариун цэврийг сахиснаар тэсвэржсэн бичил биетний халдварыг бууруулах боломжтой. Ундны усны эрүүл ахуйг хангаснаар суулгалт өвчний эсрэг антибиотик эмчилгээний хэрэглээг 60 хувь хүртэл бууруулах боломжтой гэнэ. Ундны усны эрүүл ахуйг хангаснаар хүн амыг тэсвэржсэн бичил биетний халдвараас урьдчилан сэргийлж, амьдралыг чанарыг дээшлүүлж, эрүүл мэндийн зардлыг бууруулна.

Бүх малын эм бэлдмэл Монгол Улсын малын эмийн бүртгэлд хэрэглэх заалт, малын биеэс хэдий хугацааны дараа гадагшлах гээд зааврын хамт бүртгүүлэгдсэн байдаг. Мал эмнэлгийн байгууллага малын эмийг жороор олгох, дур мэдэн эм, тариа хэрэглэхийг хориглох тал дээр ажиллаж байна хэмээн Мал эмнэлгийн ерөнхий газрын тархвар зүй, мэдээлэл судалгаа статистикийн газрын дарга Д.Батхуяг хэллээ.

 Бичил биетний тэсвэржилтийн тархалтыг багасгаж болох хүчин зүйлс:

  • Хүн амын нягтаршлыг бууруулах, мөн хог хаягдал, ариутгалын менежментийг хангах
  • Халдвараас урьдчилан сэргийлэлт, хяналтын системийг хүн, малын эрүүл мэнд, мал, аж ахуй, ферм, хүнсний үйлдвэрүүдэд бэхжүүлэх
  • Мал, амьтанд антибиотикийн эмчилгээг дур мэдэн хэрэглэхгүй байх, зөвхөн малын эмчийн зааврын дагуу хэрэглэх.
  • Антибиотикийг хэрэглэх зааварт заасны дагуу тохирсон тунгаар бүрэн гүйцэт хэрэглэх.
  • Ундны усны цэвэр байдал, орчны ариутгал халдваргүйжүүлэлт, мөн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт юм.

Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал, амьтны эрүүл мэндийн газрын дарга Т.Тунгалаг:

“Мал эмнэлгийн салбарын хүний нөөцийн стратегийг гаргана. Үүний хүрээнд нийт малын эмчийн ачааллыг бууруулах, нийт малчин өрх, ард иргэдэд очих мал эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй болгох ажлыг хэрэгжүүлнэ. Биокомбинат дотооддоо малын вакцин үйлдвэрлэх ажлуудыг зохион байгуулна.  Малын гоц халдварт өвчин оны эхний хагастай харьцуулахад намжмал байна. Одоогийн байдлаар шүлхий гарж хорио цээрийн дэглэм тогтоосон аймаг, сум баг байхгүй. Энэ нь энэ жил “Мал эмнэлгийн ерөнхий газар” зөв зохион байгуулалтаар дархлаажуулалтын ажлыг зохион байгуулсантай холбоотой юм. Гэхдээ бид өөр төрлийн гарч болзошгүй вирусээс урьдчилан сэргийлж байна.

Дэлхийн банкны төслийн дэмжлэгтэйгээр 6.5 сая тун дархлаажуулалтад хүлээн авч 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангаж нөөц бүрдүүлээд байна.

Аймгуудыг шүлхийгээс сэргийлэх вакцинаар бүрэн хангаж дуусах шатандаа орсон одоогоор Дорнод аймагт дутмаг байгаа дархлаажуулалтыг хангах ажлыг шуурхай зохион байгуулна. Энэ намрын дархлаажуулалтын зохион байгуулалт бүх аймаг сум нийлж 6,3 сая үхэр вакцинжуулах ажил 95 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Энэ оны хувьд дархлаажуулалтад хамрагдсан малын мах, сүүн бүтээгдэхүүнийг шууд хүнсэнд хэрэглэж болох заалттай вакцинд хамруулсан юм. Харин тухайн малд гоц шинж тэмдэг илэрсэн тохиолдолд биед урвал явагдаж байна хэмээн үзэж 14-21 хоногийн хугацаанд мах, сүүг хүнсэнд хэрэглэж болохгүй. Хэдийгээр шүлхийн вакцин хийгдээд дуусаж байгаа ч мал тусахгүй гэсэн 100 хувь баталгаа байхгүй. Тиймээс малд өвчний шинж тэмдэг илэрвэл өөрсдөө арга хэмжээ авалгүйгээр 12 цагийн дотор малын эмчид хандах хэрэгтэй” хэмээн хэлсэн юм.

Б.НАРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж