Мөнгө нь улстөрчдөд,  өр нь ард түмэнд

Хуучирсан мэдээ: 2022.11.16-нд нийтлэгдсэн

Мөнгө нь улстөрчдөд,  өр нь ард түмэнд

Мөнгө нь улстөрчдөд,  өр нь ард түмэнд

Хил дамнасан нүүрсний хулгай руу бүх нийтийн анхаарал хандсан цаг үеийг ашиглаад Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй улстөрчдийн хэрэг сураг алдарч мэдэх шинжтэй.

Хөгжлийн банк нь өнгөрсөн жилүүдэд улстөрчдийн касс мэт ажилласнаас 1.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээл нь чанаргүй ангилалд шилжсэн байдаг. Дампуурлаа зарлахгүйн тулд  зээлдэгч нарын нэрсийг зарласнаар одоогоор 782 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөд буй. Энэ оны төгсгөлд зээлийн эргэн төлөлтийг нэг их наяд төгрөгт хүргэх зорилт тавьсан ч цаана нь 800 тэрбум төгрөгийн зээл чанаргүй ангилалд бүртгэлтэй хэвээр байна. Чухамдаа энэ нь улстөрчдийн авсан зээлийг ард түмэн төлөхөөс аргагүйд хүргэж мэдэх нь.

Уг нь Хөгжлийн банкны чанаргүй зээлд Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас эхлээд Эх орон намын дарга Б.Эрдэнэбат нарын олон улстөрч нэр холбогдсон. Бүгд л бизнестэй, Монголын толгой баячууд. Гэтэл зээлээ эргүүлэн төлөх болохоор үйлдвэр нь ажилладаггүй, барьцаа хөрөнгө нь өрөндөө хүрэлцдэггүй, үл хөдлөх хөрөнгө нь зарагдсан болчихоод байгаа.

Жишээ татвал,  “Эрэл” компанийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн нийт үлдэгдэл нь 180 тэрбум төгрөг.  Байшин үйлдвэрлэх комбинат барьсан гэдэг ч ажилладаггүй. Гэсэн ч “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбат “Надад төр ажил өгөхгүй байгаагаас зээлээ төлж чадахгүй сууна” гэдэг тайлбар хэлдэг аж. Өрийг барагдуулж авахын тулд шүүхэд хандсан ч хурал нь 10 гаруй удаа хойшилж, эцэстээ Б.Эрдэнэбат захирал хилийн дээс алхжээ.

“Бэрэн групп” 180 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. “Хангай” хотхон, гангийн үйлдвэр барих зорилгоор дээрх зээлийг авсан ч мөн л гангийн үйлдвэр нь ажилладаггүй.

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын туслах Ц.Ууганбаяр “Шинэ яармаг” хорооллыг барихаар 140 гаруй тэрбум төгрөгийн зээл авснаас одоо 117 тэрбум төгрөг үлджээ.

Хөгжлийн банк 2019 онд Чингис хаан банканд 25 тэрбум төгрөг байршуулсан ч авч чадалгүй явсаар авлага нь 38.5 тэрбум төгрөг болж өссөн. Тухайн үед тус банк Хөгжлийн банкнаас зээл хүсэхдээ үл хөдлөх хөрөнгүүд барьцаалсан.

Зээл төлөх хугацаа нь хэтэрч, үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэх болоход бусдад зарагдсан байдаг. Энэ мэтчлэн тоочвол Хөгжлийн банк барьцаалах ч зүйлгүй болж хувирч буй.

Уг нь барьцаалбарууд нь бодитой байсан бол “Гантиг вилла” хотхоныг өрөндөө хурааж аван, борлуулдаг шиг хохирлыг барагдуулж болох байв. Гэвч барьцаанууд нь ажилладаггүй, бусдад зарагдсан зэрэг нь зорилго өөр болохыг нь тодотгоно.

Хөгжлийн банкны захирал Н.Мандуулын яриагаар тус банкийг тоноход бүхэл бүтэн сүлжээ ч ажиллажээ. Энэ тухай тэрбээр  “Анхнаасаа Хөгжлийн банкнаас таньдаг хүнээрээ ч юм уу зээл авхуулаад зээлээ төлөхгүй гэсэн бодолтой байсан юм шиг санагддаг. Асуудал үүсээд иргэний шүүхэд хандахаар хууль шүүхийн процесс нь удааширдаг. Үүнийг ашигладаг бүтэн сүлжээ байдаг юм байна. 24 удаа шүүх хурал хойшилсон жишээ ч байна. Жишээ нь, “Монлаа” ХХК-тай олон жил шүүхдэлцэж арай гэж 2019 оны есдүгээр сарын 18-нд шүүхийн шийдвэр гарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу шилжүүлсэн. Одоо болтол хөрөнгийн үнэлгээ дээр маргаантай гээд юу ч авч чадахгүй сууж байна. Угтаа барьцаа хөрөнгийг нь зарж борлуулаад мөнгөө авах ёстой байтал шүү дээ. Ингээд харахаар манай хууль шүүхийн системийг ашиглаад сурчихсан мэргэжлийн гаршчихсан луйварчид байдаг юм байна” гэсэн нь ямар том сүлжээ Хөгжлийн банкин дээр ажиллаж, хөгжлийн зээлийг үнэгүйдүүлэв гэдэг нь харагдана.

Хууль нь хязгаарладаг уу, эсвэл хуулийн байгууллагынхан нь зээлдэгч нартаа барьцаалагдсан уу?. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, зээл олголт, эргэн төлөлтийг шалгах үүрэг бүхий УИХ-ын Хянан шалгах түр хороо хуулийн байгуулагад хандан зээлдэгч нартай холбоотой мэдээлэл гаргаж өгөхийг хүсэхэд ирүүлээгүй аж. Иймээс  тус түр хороо Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газраас дахин мэдээлэл хүссэн бөгөөд ирүүлээгүй тохиолдолд удирдлагуудыг албан тушаалаас нь огцруулах асуудлыг хөндөхөөр болоод байна.

УИХ-ын нэр бүхий гишүүний зүгээс  “Өр барагдуулах шоронг байгуулах тогтоол баталъя” гэх санал гаргаж байгаа ч дэмжлэг авах боломжгүй байна.

Уг нь зээлээ төлдөггүй, төлбөр шаардахаар хөрөнгө, мөнгөгүй болж жүжиг тавиад, ажилладаггүй үйлдвэрээ төрд “шахаж” нүглийн нүдийг гурилдах гээд байгаа хүмүүсийг өр барагдуулах шоронд суулгаад эхэлбэл хугацаа хэтэрсэн чанаргүй зээлүүд даруй төлөгдөж, татвар төлөгчдийн нурууг амраах байх шүү.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж