Хятадын аж үйлдвэрийн нийслэл Гуанжоу хотын оршин суугчид Covid-19-ийн эсрэг хатуу хязгаарлалтыг эсэргүүцэн, хөл хорионоос зугтааж, цагдаа нартай тэмцэлджээ. Бичлэгээс харахад тусгаарлалтын саадыг нурааж, цагдаагийн машиныг хүртэл хөмрүүлсэн байв. Цар тахал эхэлснээс хойш Гуанжоу хотод хамгийн хурцадмал байдал үүссэн нь энэ болов. Одоогоор үймээн самуунтай тэмцэх багийг хотод байршуулаад байна.
Үймээн Хайжу дүүрэгт болсон. Тус дүүрэгт цагаач ажилчид олон байдаг. Тэд хэдэн өдрийн өмнөөс хөл хориог хариуцаж буй албаныхантай хэрэлдэж муудалцаж эхэлсэн аж. Даваа гаригийн шөнө тэмцэл чинээндээ тулжээ. Ийнхүү тэмцэл хурцдахад үндэслэлгүй цуурхалууд нөлөөлсөн гэж үзэж байна. Covid-19-ийн шинжилгээ авдаг компаниуд өөрсдийн ашиг орлогоо бодсоны үндсэн дээр халдварын тоог зохиомлоор нэмэгдүүлж, шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж байна гэсэн цуу яриа хотод тархсан. Иргэд сандарсандаа Covid-19-ийн халдварт тустай гэж яригддаг хятад эм бэлдмэлийг нөөцөлж эхэлсэн байна.
Вирусийн тархалтын тухай худал цуурхал 14 хоногийн өмнө Жэнжоу хотын “Foxconn” үйлдвэрийн ажилчдыг ажил хаяхад хүргэсэн билээ. Энэ нь “Apple”-ийн утас угсардаг үйлдвэр бөгөөд ажил хаялтаас улбаалаад “iPhone”-ийн нийлүүлэлт тасалджээ.
Хятад даяар сүүлийн өдрүүдэд халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй нэг ч муж, хот алга. Энэ долоо хоногийн эхээр Бээжингийн Чаоян дүүрэгт гудамжинд байрладаг шинжилгээний цэгүүдийг хааж, орон сууцны хорооллууд руу шилжүүлжээ. Шинжилгээний цэгүүдийн тоо цөөрснөөр онгорхой хэд дээр нь маш их дараалал үүссэн байна. Хятад улс Covid-19-ийн эсрэг зарим арга хэмжээгээ хөнгөвчилж буйгаа зарласнаас хэд хоногийн дараа ийнхүү шинжилгээний цэгүүдийн тоо цөөрсөн. Тухайлбал, Шижиажуан хотод бүх нийтийн шинжилгээг зогсооно гэж Хэбэй мужийн эрх баригчид мэдэгджээ. Энэ нь нэг талаасаа вирусийн тархалтыг тоохгүй хаячихвал юу болохыг харах гэсэн арга байж ч магадгүй гэсэн таамаг гарч ирэв. Энэ тухай хэлэлцүүлэг цахим сүлжээнд #ShijiazhuangCovidprevention гэсэн хаштаг дор өрнөж байна.
Үндэсний эрүүл мэндийн комисс “Хятад улс Covid-19-ийн эсрэг бодлогоо баримталж байгаа ч хүмүүсийн амьдралд үзүүлэх нөлөөллийг зөөлрүүлэх арга хэмжээ авч байна” гэж мэдэгдсэн. Шинжилгээний цэгүүдийг цөөлснөөс гадна аялагчдын хорио цээрийн хугацааг хоёр хоногоор багасгаж, найм хоног болгожээ.
Эх сурвалж: BBC, VOA NEWS
Холбоотой мэдээ