Үйл явдлыг мэдэж байхын тулд
Эртний Ромын орчин үеийн сонин маягийн хэрэгслийн тухай баталгаатай мэдээллийг түүхч Светоний (Gaius Suetonius Tranquillus, 75 -160 онуудын хооронд). “12 цезарийн амьдрал” бүтээлдээ МЭӨ 59 онд Юлий Цезарийн (Gaius Iulius Caesar, МЭӨ 100-44 онууд) өгөөмөр гараар Мөнхийн хотынхны ердийн хэрэглээ болсон гар бичмэлийн хуудас болох «Acta diurna populi Romani»-ийн («Ромын ард түмний өдөр тутмын ажил үйлс») тухай өгүүлсэн байдаг. Эхний ээлжинд “Ажил үйлс” нь засаг төрийнхөө мэдээлэл, сенатын зарлиг, орон нутгийн захирагч нарын ирүүлсэн илтгэл, гадаадын элчин ирсэн тухай зэрэг мэдээ гаргадаг байжээ.
«Acta diurna»-ний эрин хүртэл эзэнт улсын мэдээг амаар буюу захидлаар тараадаг байлаа. Мэдээллийн тийм солилцооны тод жишээ нь Марк Туллий Цицероны (Marcus Tullius Cicerо, МЭӨ106-43 онууд.) өөрийн найз Целий Руфтай (Marcus Caelius Rufus, МЭӨ 88-48 онуудын орчим) харилцаж байсан захидлууд болдог. Цицерон МЭӨ 51 онд Ромын эзэнт улсын Бага Азийн Киликии гэх мужийн захирагчаар томилогдоод иргэний үүргээ биелүүлэхээр тийшээ явсан юм. Бөглүү нутагт эзэнт улсын төвд юу болж байгаа шинэ мэдээлэл авч байхын тулд тэрээр Руфтай захидлаар харилцахаар тохиролцсон байлаа. Целий Руф чадлаараа хичээснийг Ромын бурхад гэрчилнэ биз. Тэрээр Сенатын шийдвэр, Ромын магистратын илтгэгч нарын үгийг хичээнгүйлэн бичиж байснаас гадна нийслэлийн форумд гарч байгаа ярианы товч агуулгыг Бага Азид тогтмол илгээж байлаа. Энэ багагүй нүсэр ажилд нь Руфт нэгэн грек хүн туслан гладиаторуудын тулалдаан, театрын хөтөлбөр болон дуулиантай хэргийн шүүх зэргийн мэдээллийг цуглуулж өгдөг байжээ. Нэг ёсондоо түүний сэтгүүлч байж дээ.
Хотын ханан дээрх мэдээ
Сонирхолтой мэдээлэл олохын тулд Руф туслахынхаа хамт хотын байшин байгууламжийн ханан дээр графитаар бичсэн зарлал-альбум (albus, -a, -um – «цагаан» латин үгнээс) алаглах гудамжаар тогтмол явна.
Ихэнхдээ тэр нь арилжаа наймааны зарууд байлаа.
Тухайлбал: “Залуу боол худалдана. Сайн сонсгол ба хараатай, хоол голохгүй, төлөв даруу, шунал, тачаалгүй, шударга бөгөөд дуулгавартай”.
“Лентулагийн охин Полиния, зоогийн газрыг сав суулгынх нь хамт түрээслүүлнэ.Хэрэгтэй хүн нь Лентулагийн гэрт ирээд ахлах боолтой уулзана уу”.
Ханатай байр бүрт Ромын иргэн хотын захиргааны зөвшөөрөлтэйгөөр альбумын зай талбарыг гаргаж болох байлаа. “Рекламын талбайн” зөвшөөрөл авсан тэр “азтан” зохих татварыг хотын санд оруулах ёстой. Мөн чухлаас нь болоод графит бүрээс нь төлбөр авах эрхтэй байсан гэнэ.
Альбумд зориулагдсан гудамж талбайд гарсан ханыг сайтар шохойдож, ижил хэмжээний дөрвөлжинд хуваадаг ба тийм хэмжээний талбай авсан хүн нүүрсээр эсвэл ямар ч будгаар дуртай зүйлээ бичиж болох байлаа. Талбайн үнэ тэндээ заагдана. Нүүрсээр бичигдэх граффитууд арай бага үнэтэй. Харин хурц тод будгаар зурагдан бичигдсэн нь үнэ ихтэй байлаа. Хөл хөдөлгөөн ихтэй газрын зурмал зарууд илүү үнэтэй байлгүй яахав. Альбумын зөвшөөрөлтэй хүмүүстэй реклам өгөгчид эртнээс тохиролцоо хийж зарын хугацааг тодорхойлно. Дараа дахиад л ханаа шохойдон дараагийн ээлжид бэлтгэдэг байна.
Граффитийг бусад газруудад бичиж болохгүйг хотын эрх баригчдын тушаалаар ”Энд бичиж үл болно. Энд нэр бичигдсэн хүмүүст зовлон ирж, ямар ч ажилд нь аз харина” хэмээн сануулж байв.
Нийтэд зориулагдсан төрөлт
Целий Руфын мэдээллийн хоёр дахь эх сурвалж нь «Acta diurna» байжээ. Тэднийг төрийн албаны байрны хананд өлгөдөг байсан аж. «Ажил үйлс»-ийн мэдээллийг сурвалжлагч ба редакторуудын алс холын мэдээлэгч нар болсон тусгай албан тушаалтнууд цуглуулан гаргадаг. Ромд тэднийг нотарий ба актуарий гэнэ. Зевс бурхны зарч, цуу сургийн бурхан Осса тэдний ивээгч нь гэгддэг байжээ.
«Ажил үйлс»-т заавал ч үгүй сенатад хэлэгдсэн хамгийн ажил хэрэгч, хурц тод үгийг болон шүүхийн мэдээг оруулна. Сонин гэгдэхээр түүний албан бус булангуудад элдэв аяны тухай, Ромд алсаас ирсэн хүмүүсийн яриаг бичих ба театрын амьдрал, үзэсгэлэн, ан гөрөө ба сонирхолтой тулааны мэдээг ромчууд их сонирхоно.
«Acta diurna» нийтлэг мэдээнээс гадна хотын хэнийд үхэл ирж, хэнийд хүүхэд төрснийг мэдээлдэг байж. Тэр булан ядуу ромчуудад их чухал байсан юм. Учир нь Юлий ба Папий Поппейн (I зуун) батлуулсан хуулиар бага орлоготой айлд хүүхэд нэмэгдэхэд төрөөс шагнал өгдөг байсан гэнэ. Ядуу айлд хүүхэд төрснийг «Acta diurna»-д л албан ёсоор мэдээлсэн бол мөнгө өгдөг байж л дээ.
Тэд цувруулан бичигдсэн үйл явдлын мэдээг бас гаргана. Тухайлбал: “Дөрөвдүгээр сарын календарын өмнө консул Ливиний дөрөв дэх өдрөө дараалан захиргааны үүргээ гүйцэтгэлээ. Остийн боомтод Африкийн колониос хөлөг онгоцнууд ирэв. Легат Лукуллын барьсан дээрэмчдийн толгойлогч Денисифон шүүхийн шийдвэрээр загалмайд цовдлогдон цаазлагдлаа. Өдрийн үдээс хойш шуурга болж дуу цахилгаантай байсны нэг аянга Велиягийн орой дахь дал модонд буун түүнийг зад цохисон байна. Янусын сүмийн ойролцоох гудамжны доод талын зоогийн газар зодоон болж, баавгайн дуулгатай эзний хүндээр гэмтээв. Захын ардын хянагч Титаний гэрчилгээгүй мах зарж байсан махны худалдаачдыг торгов. Торгуулийн мөнгөөр Теллус бурхны сүмийн мөргөлийн газрыг бариулна. «Кимврийн бамбай» гэх хаягтай мухлагт наймаа хийж байсан Авзидий ихээхэн мөнгө аваад Ром хотоос орголоо. Түүнийг мөрдөн мөшгөж барив. Авч явсан мөнгө нь бүрэн бүтэн байна. Претор Фонтей мөнгийг эздэд нь буцаан өгөхийг Авзидийд үүрэг болголоо” гэж мэдээнүүдийг цувруулдаг байжээ.
Удалгүй “Өдрийн ажил үйлс”-т анхны “селебрити” гарч ирсэн байв. Тэр нь тогтмол дурьдагдах цуутнууд юм. Жишээлбэл, эзэн хаан Октавиан Августын (Gaius Iulius Caesar Octavianus, МЭӨ 63- МЭ 14 онууд) үеэр Ром хотноо театрын урлагийн шүтэн бишрэгч бүлэглэлүүдийн хооронд нэлээд хэрүүлтэй байв. Тэр үед театрыг шүтэгч нарт Пиллад ба Бафил Александрийский гэсэн хоёр найруулагч сонгодог пантомимыг хялбарчилсан нь үзэгчдийг их татаж байлаа. Гэхдээ тэр хослол урлагийн үзлээр таараагүй учир салсан байжээ. Театрынхаа хөрөнгийг хуваах хүртэл нэлээдгүй дуулиантайгаар тэд салцгаасан нь үзэгчдийг бас хоёр хувааж өнөөгийн хөлбөмбөгийн фанатууд шиг болгосон юм. Тэдний дуулианыг «Acta diurna»-гийн мэдээчид тогтмол гарган сөргөлдөөн нь цус ургаж байсныг бичсэн байв.
Мөхсөн хотуудын дуу хоолой
«Өдөр тутмын ажил, үйлс» өлгөгддөг ханын дэргэд шинэ мэдээ унших, мэдээлэл солилцох, бичигдсэн зүйлд “найдвартай” эх сурвалжаас нэмэлт тайлбар хийх гэсэн хүмүүс цугларч тэдний дэргэд бусдын хүсэлтээр «Acta diurna»-г бүтнээр эсвэл хэсэгчлэн хуулж мөнгө олдог бичээч нар байна. Ийм маягаар ханын сонинг тойроод бага ч үгүй орлоготой бизнес үүссэн байв. Зарим гэр бүлийнхэн өөрсдийн боолчуудыг бичиг үсэг, уран бичлэгт сургаад мөнгө оруулдаг байжээ.
Ромын «Acta diurna»-гийн хуулбар ихээхэн алдартай, эзэнт улс даяар хэдэн мянгаар тардаг байжээ. Хожим нийслэлийг дуурайн өөрсдийн «Acta diurna»-г гаргадаг болсон байна. Мөн л тэнд хуулан бичиж зардаг бүхэл бүтэн арми бий болсон байв.
Муж мужаараа харин Помпеи ба Геркуланум зэрэг моодны амралтын хотуудад л байдал огт өөр. Ромын энэ хоёр хот 79 оны наймдугаар сарын 24-25-ны шөнө Везувийн галт уулын дэлбэрэлтээр сөнөсөн билээ. Нэг үгээр үндсэнд дарагдан “консервлагдсан” байв. Тэгээд ч эртний Ромын амьдралын олон баримт үндсэн давхарга дор хадгалагдан үлджээ. Помпейн хотын захиргааны болон шүүхийн сонгуулийн кампани ид явагдаж байхад тэр эмгэнэл болсон нь яг тогтоогдсон байна. Түүнийг Помпейн альбумын мэдээ гэрчилж байна. Ханын зарлал нэр дэвшигчдийн төлөө саналаа өгөхийг уриалан тэднийг сурталчилсан байжээ. Помпей хотод бүхэл бүтэн гудамжийг альбумд зориулсан байлаа. Зарыг олоход амарчлаад альбумыг эрх баригчдын үүргээр гурван секцэд хуваасан байв. Эхний хэсгийг театр, циркийн мэдээнд, хоёрдугаар хэсэгт арилжаа, наймааны зарыг, гуравт нь улстөрчдийн сурталчилгаа байлаа.
“Дөрөвдүгээр сарын “ид” хүртэлх зургаа хоногийн өмнө Помпейн циркт 12 хос гладиторын тулалдаантай. Мөн эдгээр өдрүүдэд анг бүхий л хэлбэрээр нь харуулна. Тоглолтын өдрүүдэд тайз ба үзэгчдийн суудал дээгүүр халхавч татсан байна” гэж циркийн нэгэн рекламд өгүүлжээ.
“Үүгээр өнгөрөгч! Арван хоёр дахь цамхаг хүртэл яв. Тэнд Скрипусийн дарсны зоорь байгаа. Тийшээ ороорой. Уулзтал, баяртай” гээд нэгэн “баарчин” хүмүүсийг дуудаад нэг асс-тай хүн ч хоолойгоо норгоно. Хоёр асс-тай бол дажгүй уучихна. Дөрвөн асс-тай бол фаленны шилдэг дарсыг шаардаж болно гэсэн утгатай шүлгээр зарлалаа дуусгасан байв.
Загасчид аа! Эдилаар Попидий Руфыг сонгоё! Модестыг эдил болгоод өгөөч гэж та нараас гуйя! гэх мэтийн уриагаар улс төрийн зарлал дүүрчээ. Тэнд нэр дэвшигч хотын сан хөмрөгийн төлөө шударгаар санаа тавихаа амласан байлаа,
Эзэнт улсынхаа бусад газруудтай адил сонгох эрхгүй Помпейн хатагтай нар улс төрийн кампаниас хол үлдсэнгүй. Статия ба Петрония гэдэг хоёр эмэгтэй Казелий гэгчийн төлөө бусдыг уриалаад өөрсдийн санаагаа ингэж бичсэн байна. “Эдилийн тушаалд Казелийгаас өөр тохирох тийм иргэн хаа нэгнээс олдох болов уу! Тэр сайн эдил болоод сайхан баяруудыг бидэнд өгч чадна”.
Хотын биеэ үнэлэгч нар ч эндээс хоцорсонгүй. Тэд нэрээ нуусан ч хоч нь тодорхой байв. “Бяцхан зүрх Клавдияг илүүд үзнэ”. Тиймэрхүү үнэгүй реклам нэр дэвшигчид үзүүлсэн хандив байсан бололтой. Хамгийн үнэтэй альбум хотдоо алдартай нарийн боовчин, талхчин Генелий Инфанцийнх байж. Түүний үйлчлүүлэгч нар их байсан учир зарыг олон хүн харна. Тэгээд ч Инфанцийн рекламын талбай их үнэтэй байсан гэдэг.
12 зууны завсарлага
Хэдэн зуун өнгөрч хэвлэл мэдээлэл нь эрх баригчдын дургүйг хүргэдэг перманентын гэх хямралд оржээ. Мэдээлэлтэй гар бичмэл ханын сонингийн тухай сүүлийн мэдээ Проба (Marcus Aurelius Probus, 232-282) хааны үеэр л сонсогдоод дууссан байна. Эзэнт улсын нийслэлийг Византийд нүүлгэн авчирсны дараа (395) альбумууд алга боллоо. Дахиад л аман яриа хов живийн үе иржээ.
Хотын баян айл бүр ой сайтай, дажгүй ярьдаг, сэргэлэн зарцтай байв. Тэр нь өглөө зах дээр очин олны яриаг сонсоно. Мэдээ цуглуулагч нар тэр хавийн сонин хачиныг сонсож ирэхээс гадна хөдөөний хүмүүс юу авчирч, юу ярьж байгааг эзэндээ илтгэдэг байлаа.
Европт цаасан олон нийтийн хэвлэл XV зууны дунд үеэс л гарч ирэв. Хямд цаас үйлдвэрлэх арга, олон хувилах бар бий болсон нь тэднийг гаргаж ирлээ. Харин бидэнд танил болсон төрхөө олохын тулд тэдэнд дахиад бүтэн хагас зуун хэрэгтэй байлаа.
Мөнхийн хотын төв дэх Ромын форум талбай нь тухайн үедээ эртний латин хэл бичигтнүүдийн нийгмийн амьдралын төвлөрөл байсан юм. Тэнд төрийн байгууллагууд тухайлбал сенат байрлана. Түүний хананд «Acta diurna» («Акта диурна» – Ромын сонины анхны хувилбар) хамгийн түрүүнд л гарч ирдэг байжээ. Фото (Creative Commons license): Robert Lowe
Ликтор, консул ба актуарий. Эзэн хаантай байсан ч төрийн олон албан тушаал сонгуультай байсан юм. Сонгуулийн кампани Ромын иргэдийн гол зугааны нэг байжээ.
Осса бурхан нь хов жив яригчид ба эртний” хэвлэлийн” ажилтнуудын ивээгч тэнгэр. Энэтхэг европчууд гарч ирээгүй байхад энэ бурхны нэрийг санскритийн vak – «хэл» гэсэн үг байв. Энэ нь грекүүдийн хэллэгээр Осса болсон гэхээр энэ бурхны гарал маш эртнийх гэж болно. Фото (Creative Commons license): Allie Caulfield
Театрын багууд.. . Тиволи хот дахь Адрианагийн харшийн өнгөт наамал. Эртний дэлхий дахинд театр өнөө үеийнхээс илүүтэйгээр нийгмийн чухал үүрэгтэй байлаа. Тэд урлаг ба бусад талаар тогтсон үзэл баримтлалыг чанд сахидаг клуб эсвэл дугуйлангийн хэв жаягтай байсан ажээ
Помпейн лупанарийн ханын шигтгээний хэсгээс. Лупанарий (латины lupa – «өлөгчин чоно», гэж бие үнэлэгчдийг хэлдэг байж) гэж Эртний Ромд эмсийн хүрээлэнг нэрлэдэг байжээ. Помпей хотод 30 орчим лупанарийг олсон ба тэдний нэг нь арван тасалгаатай хоёр давхар байр байв. Фото (Creative Commons license): Stephen Butterworth
«Relation aller Fьrnemmen und gedenckwьrdigen Historien» («Бүх чухал, түүхэн мэдээний цуглуулга »)орчин үеийн маягийн хамгийн анхны олон хуудастай сонинг 1605 оноос Страсбург хотноо Иоганн Каролус Johann Carolus, 1575-1634) гаргаж байв. Фото: University library of Heidelberg