TRQ: “Оюутолгой”-н алт олборлолтыг 185 мянган унцад хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2022.11.16-нд нийтлэгдсэн

TRQ: “Оюутолгой”-н алт олборлолтыг 185 мянган унцад хүргэнэ

TRQ: “Оюутолгой”-н алт олборлолтыг 185 мянган унцад хүргэнэ

“Оюутолгой” төслийн 66 хувийг Канадын “Turquoise Hill Resources” компани өнгөрсөн Даваа гариг (2022.11.14)-т III улирлын тайлан (2022.09.30-нд дуусгавар болсон)-гаа танилцуулав. Тус компанийн Гүйцэтгэх захирал Стив Тибо далд уурхайн тогтвортой олборлолтыг амласныхаа дагуу 2023 оны эхний улиралд эхлүүлэхээ мэдэгджээ.

Тус тайланд мэдээлснээр, өнөөдрийн байдлаар “Оюутолгой”-н олборлолт төлөвлөгөөний дагуу явагдаж буй аж. Энэ 2022 онд “Оюутолгой” 110-150 мянган тонн зэс олборлохоор төлөвлөжээ. Алтны олборлолтоо өмнө нь 150-170 мянган унцад хүргэхээ мэдэгдсэн тус компани зорилтоо өсгөж, 165-185 мянган унцад хүргэхээр ажиллаж буйгаа тайландаа тусгасан байна.

“Оюутолгой” гуравдугаар улиралд хүдрийн олборлолтоо өмнөх оны мөн үеэс 15.6 хувиар өсгөж, 26.1 сая тоннд хүргэжээ. Үүнээс 10.6 сая тонн хүдэр боловсруулж, өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар илүү боловсруулалт хийсэн байна. Гэвч хүдэрт агуулагдах үнэт металлын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурчээ.

Зэсийн агууламж өмнөх оны мөн үеэс 20.8 хувиар, алтных 65.1 хувиар буурсан бол мөнгөний агууламж 2.3 хувиар өссөн байна.

Тус компанийн борлуулалтын орлого тайлант улиралд 40.9 хувиар буурч, 391.1 сая ам.долларт хүрчээ. Баяжмалд агуулагдах зэсийн борлуулалтын орлого 27 хувиар буурч, 288.9 сая ам.доллар, алтны борлуулалт 62.8 хувиар буурч 96.8 сая ам.доллар, мөнгөний борлуулалт 14.3 хувиар буурч 5.4 сая ам.долларт хүрсэн байна. Борлуулалтын орлого ийнхүү буурахад үнэт металлын агууламж болон үнэт металлуудын ханш буурсан нь голлон нөлөөлжээ.

Тайлант улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад зэсийн ханш 17.4 хувиар, алтны ханш 3.4 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Борлуулалтын орлого буурснаас гадна далд уурхайн бүтээн байгуулалтын зардлаас шалтгаалан цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 26.5 хувиар буурч, 40 сая ам.долларт хүрчээ.

Өдгөө өнгөрсөн есдүгээр сарын 5-нд байгуулсан гэрээний дагуу “Rio Tinto” компани “Turquoise Hill Resources” дэх өөрийн эзэмшдэггүй үлдэгдэл хувьцааг худалдан авахаар болсныг хувьцаа эзэмшигчид баталгаажуулах ажил хүлээгдэж буй.

Энэхүү хэлцэл хийгдвэл “Turquoise Hill Resources”-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцааг 43 канад доллараар (нийт 3.3 тэрбум ам.доллар) бэлнээр худалдан авч, өндөр үнэ цэн хүртээнэ. Мөн “Оюутолгой” төслийн урт хугацааны амжилтыг бататгах санхүүжилт тодорхой болох юм.

Дээрх саналтай холбоотой хувьцаа эзэмшигчдийн хурал хяналт, шалгалттай холбоотойгоор хугацаагүйгээр хойшилсон. “Turquoise Hill Resources”-ээс өнөөдрийг хүртэл хэлцэлтэй холбоотой ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байгаа юм.

“Turquoise Hill Resources”-ийн хувьцааны 9.3 хувийг эзэмшдэг “Pentwater Capital Management” жижиг хувьцаа эзэмшигчдээс хамгийн том нь. Тус компани “Rio Tinto”-гийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн Нгари Вудст хаяглан өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт захидал илгээжээ. Тус захидалд “Оюутолгой” төслийн гүний уурхайн зардлын хэтрэлтэд “Rio Tinto” буруутай бөгөөд менежментийн алдаа гаргасныг дурдаад, “Turquoise Hill Resources” хөрөнгө оруулалтаа нэмэх байдлаар давхар зардал гаргах нь шударга бус болохыг тэмдэглэжээ.

Мөн “Оюутолгой” төслийн далд уурхайн тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацаа хойшлох тусам “Turquoise Hill Resources”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид хохирч буйг онцолсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж