Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтад цахим хэлбэрээр оролцохдоо ОХУ-ын түрэмгийллийг зогсоохыг “Их-20”-ийн удирдагчдад уриалав. Ингэхдээ тэр удаа дараалан “Их-20” биш “Их-19” гэж хэлжээ.
Ерөнхийлөгч Зеленский удахгүй дуусах үр тарианы экспортын хэлэлцээрийн хугацааг сунгахыг хүссэн. НҮБ-аас мэдээлснээр долдугаар сард хэлэлцээр эхэлснээс хойш 10 сая тонн үр тариа болон бусад хүнсний бүтээгдэхүүн экспортолжээ. “Дайн хэзээ дуусахаас үл хамааран гэрээг тодорхойгүй хугацаагаар сунгах ёстой. Хүнсний эрх бол дэлхийн хүн бүрийн үндсэн эрх юм” гэж Зеленский хэлэв. Хүнс тээвэрлэлтийг зөвшөөрснийхөө хариуд ОХУ өөрийн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд саадгүй гаргахын тулд барууны хориг арга хэмжээг цуцлахыг шаардаж байна.
Мөн цөмийн зэвсэг хэрэглэх, заналхийлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Зеленский онцолжээ. “Орос одоо сүйрлийн дайнаа зогсоох ёстой. Зогсоох боломжтой цаг нь болсонд би итгэлтэй байна” гэв.
Дашрамд дурдахад, Их Британийн шинэ ерөнхий сайд Риши Сунак “Их-20”-ийн уулзалтад анх удаа оролцож буй. Тэр Оросын зэрлэг түрэмгийллийг буруушааж, Украинаас гарахыг уриаллаа. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг дээд хэмжээний уулзалтад ирээгүй гэж шүүмжилсэн байна. “Магадгүй Путин ирсэн бол бид асуудлыг цэгцэлж болох байсан” гэж Сунак хэлжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ