Төлөөллийн байгууллагын даргалагчаар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг сонголоо

Хуучирсан мэдээ: 2022.11.16-нд нийтлэгдсэн

Төлөөллийн байгууллагын даргалагчаар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг сонголоо

Төлөөллийн байгууллагын даргалагчаар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг сонголоо

Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын анхдугаар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд “Нутгийн өөрийн удирдлагын байгууллагуудын нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлэх, хууль тогтоомжийн төсөл болон орон нутгийн төсөв боловсруулах, нутгийн удирдлагад чиг үүрэг шилжүүлэх, Засгийн газраас нутгийн удирдлагатай холбоотой шийдвэр гаргах ажиллагаанд Засгийн газартай хэлэлцээр хийх, нутгийн удирдлагын байгууллагын өмнөөс шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах чиг үүрэг бүхий нийтийн эрх зүйн этгээдийн эрх эдлэх төлөөллийн байгууллага байна” гэж заасан байдаг.

Энэ дагуу Нутгийн удирдлагын Төлөөллийн байгууллага байгуулах анхдугаар хуралдааныг өнөөдөр зохион байгуулсан юм. Энэхүү төлөөллийн байгууллагад сум, дүүргийн ИТХ тус бүрээс нэг, аймаг нийслэлийн ИТХ тус бүрээс хоёр төлөөлөгчийг сонгоно гэж заасан. Улмаар 21 аймгийн 42 төлөөлөгч, нийслэлийн 2 төлөөлөгч, 330 сумын 330 төлөөлөгч, дүүргүүдээс 9 төлөөлөгч гээд нийт 383 төлөөлөгчөөс энэхүү бүтэц бүрдэж байгаа юм. Анхдугаар хуралдааны чиглүүлэгчээр Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн ажилласан юм. Харин хуралдаан даргалагчийг төлөөлөгчид илээр санал хурааж сонгосон бөгөөд, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж. Батбаясгалан олонхын саналаар сонгогдлоо. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан энэ үеэр төлөөлөгчдөн хандан хэлсэн үгэндээ дээрх чиг үүрэг бүхий нийтийн эрх зүйн этгээдийн эрх эдлэх Төлөөллийн байгууллагын гишүүн болж сонгогдон хамтран ажиллах Аймаг, сум, нийслэл, дүүргийн төлөөлөгчдөд баяр хүргэж, амжилт хүслээ. Тэрбээр мөн “…Нутгийн өөрөө удирдах байгууллагын бие даан хөгжих баталгаа нь Ардчилсан үндсэн хууль. Үндсэн хуульд батлан тунхагласан үндсэн эрхийг ханган, бүх шатны иргэдийн хурал иргэнээ төлөөлөх гүүр нь байж, аливаа улс төрийн ашиг сонирхлоос ангид, хараат бусаар ажиллах болно…” гэдгийг тодотгов. 1992 оноос хойш 30 жилд нийт 8 удаагийн хурал байгуулагдан ажилласан. 

Өдгөө 21 аймагт 816 төлөөлөгч, 330 суманд 7062 төлөөлөгч, нийслэлд 45 төлөөлөгч, дүүрэгт 291 төлөөлөгч буюу улсын хэмжээнд 8214 төлөөлөгч чөлөөт сонголтын үндсэн дээр орон нутгаа хөгжүүлэх эрхээ төлөөллөөрөө дамжуулан эдэлж байна. Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын анхдугаар чуулганаар мөн төлөөлөгчид дотоод журмаа баталж, төлөөллийн байгууллагын гишүүний татварын хувь хэмжээг тогтоолоо. Түүнчлэн төлөөллийн байгууллагын орон тоог баталж, анхдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталсан юм. Эцэст нь Монгол Улсын Засгийн газарт уламжлах асуудлын талаар хэлэлцсэн юм. Энэ асуудлын хүрээнд аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа болон бүх төлөөлөгчийн үгэнд гарч буй саналуудыг нэгтгэх юм. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн саналд төлөөлөгчид саналаа хүргүүлэх ач холбогдолтой юм. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж