Шинэ тоглогчдын тодрол, акулуудын үүрэг!

Хуучирсан мэдээ: 2022.11.16-нд нийтлэгдсэн

Шинэ тоглогчдын тодрол, акулуудын үүрэг!

Шинэ тоглогчдын тодрол, акулуудын үүрэг!

Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөөх тэмцээний D хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо боллоо. “Хөх чононууд” гэгддэг Монголын шигшээ баг эх орондоо Тайланд, Вьетнам, Малайз, Таити зэрэг улсуудтай өрсөлдөж, хэсгийн хоёрдугаар байраар дараагийн шатанд шалгарав. Ирэх хоёрдугаар сард болох тус тэмцээнд Монголын шигшээ Тайланд, Гуам, Сингапур, Хонк Конг, Малайз гэх улсуудтай нэг хэсэгт орсон.

Өнгөрсөн дөрвөн өдрийн турш “Хөх чононууд” гайхалтай тоглолтыг үзүүлж, ард түмнээ дахин нэг удаа сагсан бөмбөгт дурлуулав. Тэгвэл энэ удаагийн тэмцээнээс бид юу ойлгож, анзаарсан бэ?

Т.САНЧИР, Б.БИЛГҮҮН, О.СЭРГЭЛЭНГИЙН ҮЕ ДУУСАХ БОЛООГҮЙ

Шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлахад олон хүн “Т.Санчир, Б.Билгүүн, О.Сэргэлэн нараас өөр хүн байдаггүй юм уу”, “Тэд нар одоо болно” гэх мэт утгатай сэтгэгдлийг үлдээж байлаа. Үнэндээ 1989 оныхон бол Монголын сагсан бөмбөгийн “аврагчид” бас хохирогчид. Ид үе нь хоёр холбооны талцал хуваагдалд үрэгдэж, гомдоллох эрхгүй Монголдоо биднийг баясгасан.

2014 оны Инчёоны Азийн наадамд Т.Санчир, Б.Билгүүн, О.Сэргэлэн гэх 25 настай залуучууд шигшээ багийн ачааны хүндийг үүрч л байсан одоо ч өөрчлөгдсөнгүй. Энэ үеийнхнийг Монголын сагсан бөмбөг дэх гоц үзэгдэл, алтан үе ч гэж нэрлэж болохоор. Дөрвөн жилдээ ганц удаа гадаад явахдаа тэд бужигнуулж, бусад багуудыг хямраасаар ирдэг байсан. Ядаж жилдээ ганц олон улсын тэмцээнд оролцдог байсан бол гэж халагламаар.

Т.Санчир, Б.Билгүүн, О.Сэргэлэн гурав 2013 оны дэлхийн универсиадад шигшээ багаа манлайлж л байсан. Үүнээс хойш 2014, 2018 онуудын Азийн наадамд зүтгэж л байв. Энэ жил ч өөрчлөгдсөнгүй. Ирэх оны Хятадад болох Азийн наадамд ч энэ байдал өөрчлөгдөхгүй байх.

Саяхан болж өнгөрсөн тэмцээнд Т.Санчир 21 оноо дунджилсан бол Б.Билгүүн 16.8 оноо дунджилж шигшээ багаа тэргүүлжээ. Харин О.Сэргэлэн эхний тоглолтын төгсгөлд багтаа хожил авчирсан чухал бөмбөгийг таслах үеэрээ хуруугаа гэмтээн цааш тоглох боломжгүй болсон юм. Талбай дээрх үр ашигтай байдлаараа тэд гурвуулаа багаа тэргүүлжээ.

ШИНЭ ЗАЛУУ ТАМИРЧИД, ТОМ МЭДЭГДЭЛ ХИЙВ

Монголын шигшээ багийн ирээдүй гэрэлтэй байна. Ялангуяа энэ жилийн бүрэлдэхүүнд залуу тамирчдыг харамгүй сонгож, олон улсын тэмцээний туршлага суулгалаа. 2025 онд дээрх гурван эрхэм дахиад л шигшээ багт голлох үүргийг гүйцэтгэж байвал Монголд сагсан бөмбөг хөгжөөгүй гэж ойлгоход хилсдэхгүй. Харин тийм зүйл болохгүй бололтой.

М.Өлзий-Орших, Б.Болдбаатар, А.Ананд, О.Энхбаатар, А.Энхбаясгалан гэх 1995 оноос хойш төрсөн таван тамирчин ард түмнээ баярлуулсан тоглолт толилуулж, шигшээ багт дуудагдсан хэргээ гаргав. Тэд ээлжлэн тоглолт бүрт гайхалтай байсан.

М.Өлзий-Орших, А.Энхбаясгалан хоёр Вьетнамыг хожиход, Б.Болдбаатар Малайзыг хожиход, А.Ананд Тайландтай ойр тоглоход тус тусын үүргийг хангалттай үзүүлсэн бол О.Энхбаатар бүхий л тоглолтуудад жигд оролцов. Б.Болдбаатар, А.Ананд хоёр 2018 оны Азийн наадамд оролцож байсан учир бусдыгаа бодвол арай туршлагатай. Харин М.Өлзий-Орших, О.Энхбаатар нар 3х3 сагсан бөмбөгт багагүй хугацааг өнгөрүүлж, гадаад дотоодын олон тэмцээнд оролцлоо. Тэгвэл А.Энхбаясгалан оюутны лигээс эхлээд дээд лиг хүртэл бүхий л шатны сагсан бөмбөгт өөрийгөө баталсан тамирчин.

Энэ тав дээр нэмэгдээд Ш.Энхийн-Од, Д.Баясгалан, Н.Батбаяр, Г.Ган-Эрдэнэ, Ч.Ихбаяр, Д.Дөлгөөнмөрөн гээд ундарга бий. Эдгээр тоглогчид ирэх жилүүдэд ард түмнээ олон баярлуулах нь лавтай.

ДАСГАЛЖУУЛАГЧИЙН БАГ САЙН БАЙСАН Ч…

Шигшээ багийн дасгалжуулагчийн бүрэлдэхүүний тухайд Монголдоо шилдэг гэх эрхмүүд хамтарч ажилласан. Ахлах дасгалжуулагчийн Ч.Ижилболдын багт А.Алтан-Очир, Ц.Чинзоригт, Ц.Азбаяр нар ажилласан бөгөөд тэдний удирдсан баг гурван хожил, нэг хожигдолтой хамгийн гол нь дараагийн шатны эрхээ авав. Дасгалжуулагчдын ур чадвар, мэдлэг, цагаа олсон сэлгээ, хамгаалалтын зохион байгуулалт, довтолгооны сонголтууд өнгөрсөн тэмцээнд гайхалтай байсан ч ирэх жилүүдэд бидэнд гадаадын ялангуяа Европ, Америкийн мэргэжилтнүүд, туслах дасгалжуулагч хэрэгтэй нь харагдав.

Монголчуудад тивдээ толгой цохих ур чадвар, биеийн хөгжил байгаа нь анзаарагдсан. Гол нь тактик, дасгалжуулагчийн арга барил дээр ялгаа байх шиг.

Ч.Ижилболд бол өнөөгийн Монголд байгаа хамгийн шилдэг нь. Түүний тамирчидтай харьцаж буй байдал, зоримог шийдвэрүүд үүнийг нь гэрчилнэ. Магадгүй дахиад таван жил “босс” хийнэ. Тэгвэл түүнд олон улсын сагсан бөмбөгийг мэддэг туслах, зөвлөх хэрэгтэй юм байна. Шат ахих тусам Монголын шигшээ багийн өрсөлдөгчид чангарна.

Сая Монголд ирсэн багуудаас Вьетнам, Тайланд хоёр гадаад ахлах дасгалжуулагчтай байв.

ЦАНГАСАН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИД

Бөхийн орон гэгддэг монголчууд олон улсын сагсан бөмбөгөөр үнэхээр цангажээ. Өнгөрсөн өдрүүдэд Монголд сагсан бөмбөг л тренд болж, хүн бүрийн ярианы сэдэв болов. Сагсан бөмбөг сонирхогч үнэнч фанатууд нь “UG Arena”-д шагийн тасалбар аваад ч хамаагүй зорьж үзэж байхад сагс сонирхдоггүй хүн хүртэл 18.30 цагт сувгаа тааруулаад шигшээ багаа дэмжиж байх жишээтэй.

Ордонд цугларсан 3 мянга гаруй хүн нэгэн зэрэг уухайлж, “хамгаалъя” гэж орилоход эсрэг багийн тамирчдад дарамттай байсан биз. Т.Санчир фанатуудаа “Талбай дээрх зургаа дахь тоглогч” гэж тодорхойлсон. Үнэхээр л монголчууд сагсан бөмбөгт хайртай гэдгээ харууллаа.

ХОЛБООГ МАГТУУШТАЙ

Эвлэлдэж, нэг болсон холбоо эхний том ажлынхаа ард гарлаа. Үнэндээ жилийн өмнө шигшээ багаа FIBA-ийн тэмцээнд оролцоно гэж бодож байсан хүн цөөхөн байсан биз. Гэхдээ л чадлаа. Тэмцээн болсон “UG Arena”, “тэмцээний зохион байгуулалт”, “шоу үзүүлбэрүүд”, "шууд дамжуулалт" гээд өөлөх зүйл үнэндээ бараг л байсангүй. Угаасаа анхны томоохон тэмцээн гэдэг утгаараа зарим нэг жижиг алдаа байсныг нуух юун. Холбоонд баяр хүргэе. Тэдний дараагийн том ажил нь арванхоёрдугаар сард эхлэх MBL буюу Монголын сагсан бөмбөгийн лигийн шинэ улирал.

Ирэх хоёрдугаар сард болох  Азийн аваргын дараагийн шатны тэмцээнийг Монголд дахиад зохион байгуулах хүсэлтээ ч холбоо өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж