Эрт илрүүлэгт энэ жилдээ багтаж хамрагдаарай!

Хуучирсан мэдээ: 2022.11.16-нд нийтлэгдсэн

Эрт илрүүлэгт энэ жилдээ багтаж хамрагдаарай!

Эрт илрүүлэгт энэ жилдээ багтаж хамрагдаарай!

Эрсдэлээс сэргийлэх эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах иргэдийн ирц бага байгааг салбар  яамнаас мэдээлсэн. Одоогийн байдлаар 300 гаруй мянган хүн тус үзлэгт хамрагдаад байгаа ч зарим хүнд мэдээлэл хангалттай хүрээгүй байна. Нийслэлийн Налайх, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн хувьд эрт илрүүлэгт хамрагдсан идэвхээр 15-24 хувьтай  байгаа аж. Нэг талаар, иргэд эрсдэлээс сэргийлэх дургүй, нөгөө талаар үзлэг хангалттай бус санагдсан зэрэг олон шалтгаан бий. Мөн иргэд мэдээлэл дулимгаас эрт илрүүлэгт хамрагдах хугацаа нь өнгөрсөн зэрэг шалтгаан нөхцөл их буйг албаныхан хэлж буй.

ЭМЯ, дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, хувийн зарим эмнэлгээс өгсөн мэдээллээр эрүүл мэндийн даатгал төлсөн л бол он гарахаас өмнө төрсөн он, сар, өдөр харгалзахгүй эрт илрүүлэгт хамрагдах боломжтой гэв.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоог улс даяар нэг жилийн турш үргэлжлүүлнэ. Гэтэл иргэдэд мэдээлэл дутуу хүрч байгаагийн улмаас эрт илрүүлэгт хамрагдаж чадахгүй байгаа гомдол, мэдээлэл ЭМЯ-нд гаргах нь ихэссэн. Тэр дундаа хүүхдийн үзлэгт тодорхой шинжилгээ тусгаж өгөхийг эрт илрүүлэг эхэлсэн цагаас иргэд хүсчээ.

Одоогоор хүүхдийн эрт илрүүлэгт хамрагдах идэвх багассан учир мэргэжлийн эмч нар ерөнхий боловсролын сургуулиудад очиж үзлэг хийж эхэлсэн байна.

ЭМЯ-аас өгсөн мэдээллээр, үзлэгт хамрагдах иргэд рүү хорооноос утсаар холбогдож, үзлэгийн урилга өрхийн эмнэлгээс очиж авахыг зөвлөж байна. Урилгаа авсны дараа харъяа дүүргийн эмнэлэгтээ очиж шинжилгээ өгнө. Зарим иргэд утасны дугаар сольсонтой холбоотой мэдээлэл очихгүй байх тохиолдол бий. Тиймээс цаасан урилга мөн хүргүүлж байна. Товлосон өдөртөө очоогүй хүмүүс сардаа багтаж багцын үзлэгтээ нөхөн хамрагдах аж.

Иргэд төрсөн сар, өдрийн дарааллаар үзлэгт хамрагдана гэж ташаа ойлголттой байна. Үүнд санаа зовох шаардлагагүй бөгөөд ЭМД төлсөн хүн бүхэн эрт илрүүлэгт хамрагдаад явна гэсэн тайбар өгсөн.

Эрт илрүүлэг нэг жилийн хугацаанд үргэлжлэх учир оочер дараалал үүсгэх шаардлагагүй төдийгүй үзлэг оношилгоо ч сайн хийгдэж буй болохыг ЭМЯ-наас тайлбарлаж байна. Мөн өвчлөл хүндрэх эрсдэл бууруулах давуу талтайг онцоллоо. Эрүүл мэндийн сайдын 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн “Журам батлах тухай” А/139 дүгээр тушаалаар гаргасан журмын дагуу “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-г орон даяар эхлүүлсэн. Энэ үзлэгээр улаан хоолой, ходоод, элэг, уушги, бүдүүн шулуун гэдэс, хөх, умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх боломжтойг сайд хэлсэн юм. Эрт илрүүлэг үзлэг нэг жилийн хугацаанд үргэлжилнэ.

Монгол Улсын 15-69 насны гурван хүн тутмын нэг, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй. Энэ эрсдэлд эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдтэй харьцуулбал 1.5 дахин их гэсэн судалгаа гарчээ.

Тухайлбал, хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж, нас барсан гурван тохиолдол бүрийн нэг нь зүрх судасны өвчний шалтгаантай байна. Тиймээс иргэд өөрийн насны бүлэгт хамаарах багцын үзлэгт заавал хамрагдсанаар өвчлөл аль нэг шатанд хүндэрсэн эсэх болон цаашид эрүүл мэнддээ хэрхэн анхаарах мэдээллийг авч байгаа аж. Харамсалтай нь, улсын хэмжээнд эрт илрүүлэгт хамрагдсан хүмүүсийн тоон үзүүлэлтээс харвал мэдээлэл авч, өвчнөө эхэн шатанд нь илрүүлж байгаа хүн нийт масс дунд тун цөөн.

ОДООГИЙН БАЙДЛААР ЭРТ ИЛРҮҮЛЭГТ 300 ГАРУЙ МЯНГАН ХҮН ХАМРАГДЖЭЭ

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдээлснээр, эрт илрүүлгийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд өдөрт 40-60 хүнийг үзэхээр төлөвлөсөн. Үзлэг оношилгоо илүү чанартай, хүртээмжтэй байх үүднээс хуваарилалт хийсэн. Яагаад гэхээр эмнэлгүүдийн хүчин чадал харилцан адилгүй. Үүнээс үүдэн 40-60 хүн өдөрт үз гэж эрүүл мэндийн байгууллагуудад чиглэл өгсөн байна.

Зарим иргэн цахим хуудастаа харъяа эмнэлэгтээ очсон ч дээд тал нь өдөрт 10 хүн л үзэж байгааг бичжээ. Мөн шинжилгээний хариугаа аваад, дараагийн шатлалд үзүүлэх гэхээр дахин 2-3 сарын дараах дугаар олгож байгааг шүүмжилсэн байна.

Иргэд 18-30, 31-45, 45-60, 60-аас дээш насны ангиллаар шинжилгээнд хамрагдаж байна. Одоогоор илрүүлэгт хамрагдсан хүмүүсийн хэчнээн хувьд өвчлөл илэрсэн зэрэг статистик мэдээг нэгтгээгүй байгаа аж. Хэрэв үзлэгт хамрагдсан хүмүүст хавдар болон бусад өвчлөлийн шинж тэмдэг илэрсэн, хүндэрсэн тохиолдолд яаралтай шилжүүлж, дараагийн шатны эмнэлэгт шилжүүлж буй юм байна. Харин бодит байдал дээр иргэд, ЭМЯ-ны хооронд эрт илрүүлгийн тухайд зөрүүтэй мэдээллүүд байсаар байна. Тиймээс эрт илрүүлэг үүргээ гүйцэтгэхэд иргэдийн оролцоо чухал төдийгүй салбар яамны анхаарал ч сайн байх хэрэгтэй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж