Өвчтөн: Сайн байна уу эмчээ.
Эмч: Сайн, сайн уу. Бие нь сайн уу?
Өвчтөн: Би 21 хоногийн дараа оёдлоо авахуулах уу?
Эмч: Тэгнэ. Гэрээрээ боолтоо сайн хийлгээд, хүрээд ирээрэй.
Өвчтөн: Алтан гартай эмч нартаа баярлалаа. Та нар маань илүү олон хүнийг эрүүл саруул болгож өгөөрэй хэмээн утсаар хөөрөлдөж, талархлаа илэрхийлнэ.
Ц.Цэцэгхорлоо сувилагч мэргэжилтэй. Одоо 55 настай тэрбээр 15 жилийн өмнө өсгийтэй гуталтай алхаж яваад хазгай гишгэж, шагайгаа гэмтээжээ. Эхэндээ хазгай гишгэж, гутал өмсөхөд эвгүй байсан ч сүүлийн нэг жил алхахад хүндрэлтэй болж, зовиурлаж эхэлсэн байна. Тэрбээр олон эмнэлэгт үзүүлж, эмч нартай уулзсан ч эмчлэх боломжгүй гэдэг хариултыг сонсчээ.
Гэтэл азаар ч гэх үү 2022 оны зургадугаар сард Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарт хандсанаар Монголд анх удаа шагайн хиймэл үе солих мэс засалд орох боломжтой болжээ.
Тэрбээр “Би 2022 оны аравдугаар сарын 29-нд хагалгаанд орсон. Хагалгааны шарх сайн эдгэж, гэрээр боолт хийлгэж байгаа. Өмнө нь өөр эмнэлгүүдээр явахад Гэмтлийн эмнэлгээс өөр газар эмчлэх боломжгүй гэдэг байсан. Би өнгөрөгч зургадугаар сард хүсэлтээ өгч, аравдугаар сард хагалгаанд орох боломжтой болсон гэдэг сайхан мэдээ сонссон. Монголдоо анх удаа хийж буй хагалгаа гэж сонсоод бага зэргийн айдастай байсан ч алтан гартай эмч нартаа итгэсэн. Тун удахгүй хоёр хөл дээрээ зогсч, зоригтой алхдаг болно. Өмнө нь хазгай гишгээд явдаг байхдаа их гутардаг байлаа. Одоо зовиургүй сайхан болсон. Эмч нар биеийн байдлыг минь байнга асууж, хянаж байгаа” гэв.
Улсдаа ганц гэгддэг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар Монголд анх удаа шагайн хиймэл үе солих мэс заслыг амжилттай нэвтрүүлсэн нь энэ. Анхны мэс заслыг Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн тасгийн их эмч Г.Бадамгарав, Ш.Баасансүрэн, Ц.Батбаяр нараар ахлуулсан мэс заслын баг хамт олон БНСУ-ын “Йонсей Гунвоо” эмнэлгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран хийснийг энэ удаагийн сурвалжлагаараа онцолж байна.
Гэмтлийн эмнэлгийг зорин очиход Г.Бадамгарав эмч угтан авав. Багийн зарим эмч нар хэд хоногийн өмнө ээлжийн амралтаа авч, нэг хэсэг нь төлөвлөгөөт мэс засалтай байгаагаа хэлсэн юм. Ингээд их ажлын хажуугаар багахан цаг гаргаж Г.Бадамгарав, Ц.Батбаяр эмч баг хамт олноо танилцуулж, хийсэн мэс заслынхаа тухай яриа дэлгэлээ. Тэд хоёул хүний доод мөчдийн гэмтэл согогоор мэргэшиж буй чадварлаг эмч нар. Их эмч Г.Бадамгарав 25 дахь жилдээ ажиллаж байгаа бол тэргүүлэх зэргийн эмч Ц.Батбаяр 15 дахь жилдээ ажиллаж байгаа аж.
Монголд анх удаа шагайн хиймэл үе солих мэс заслыг амжилттай нэвтрүүлсэн эмч нарын багийг танилцуулъя. Мэс заслын эмч Г.Бадамгарав, Ш.Баасансүрэн, Ц.Батбаяр, Б.Солонго, Б.Ганбаяр нараас гадна мэдээгүйжүүлгийн их эмч Ж.Түмэн-Өлзий, сувилагч Д.Оюунчимэг, Б.Ганжаргал, Н.Оюунбодьсад болон рентген техникч Г.Гантуяа нарын бүрэлдэхүүнтэй ажилласан байна.
Монголд түнх, өвдөгний хиймэл үе солих мэс заслыг олон жилийн өмнө нэвтрүүлж, үр өгөөжөө өгч эхэлсэн. Харин шагайн үеийг солих хагалгааг нэвтрүүлэхээс өмнө эмч нар зөвхөн шагайн үений мөгөөрсөн хэсгийг авч, ясан хэсгийг нийлүүлэх буюу түгждэг байж. Тэгэхээр тухайн хүнд шагайн үений хөдөлгөөн байхгүй, өвдөлтгүй болгодог цор ганц сонголттой байсан.
Шагайн үе солих мэс заслыг нэвтрүүлснээр үе түгжихээс өөрөөр хөдөлгөөнтэй, өвдөлтгүй байх боломжтой болж буй аж. Тэгэхээр энэ хагалгаа маш чухал ач холбогдолтой гэдгийг эмч нар хэлж байв.
Шагайн үений архаг өөрчлөлт олон улсын судалгаагаар 100 мянган хүн амд 30 тохиолдол бүртгэгддэг. Ерөнхийдөө бага хувийг эзэлдэг өвчлөл хэдий ч маш их зовиур шаналгаатай байдаг.
Өвчний шалтгааны хувьд 75-80 хувь нь гэмтлээс, 13 хувь нь үрэвслийн, бусад хувь нь төрөхөөсөө үүсдэг гэж үздэг. Монгол Улсын хувьд гэмтлийн шалтгаан илүү хувийг эзэлдэг. Учир нь Монголд осол гэмтлээс болж залуу хөдөлмөрийн насны хүмүүс ихээр өртдөг. Одоогоор Монгол Улсад шагайн үений архаг өөрчлөлтийн талаар нарийвчилсан судалгааг хийгээгүй байгаа аж.
Ц.Батбаяр эмч “Бид эх орондоо орчин үеийн технологиор сүүлийн үеийн мэс заслыг нэвтрүүлэх талаар ярилцдаг байсан. Энэ оны тасгийн төлөвлөгөөг боловсруулахдаа шагайн үе солих мэс заслыг эхлүүлэхээр төлөвлөсөн. Тэр дагуу зөвлөх профессор, хамтран ажиллах үйлдвэрүүдтэй холбогдох ажлуудаа хийсэн. Монголд анх түнхний үеийг 1998 оноос Франц улсын эмч нартай, өвдөгний үеийг 2006 оноос эхлэн Франц, Канад улсын эмч нартай хамтран мэс заслыг хийж байсан. Бид 2022 онд БНСУ-ын эмч нартай хамтран шагайн үений мэс заслыг анх удаа нэвтрүүлж байна. Бидний ар талд удирдлагын баг, тасгийн хамт олон байна. Мэс засал хийх өдөр бүгдээрээ ирж, биднийг дэмжсэн” болохыг нь ярилаа.
Хүний шагайн үе хамгийн жижиг үе. Энэ үеийг солих мэс заслыг Монголд анх удаа 55 настай хоёр эмэгтэйд хийж, нэг мэс засал нэг цаг 30 минут үргэлжилжээ.
Нэг хүн нь гэмтлийн шалтгаантай байсан. Тэрбээр 2005 онд хөлийнхөө шилбийг хугалж, мэс засал хийхгүйгээр эмийн аргаар эмчилж, зөрүүтэй бороолсон. Биеийн жингийн ачааллаасаа болоод шагайн үен дээр архаг өөрчлөлт үүссэн.
Нөгөө өвчтөн Ц.Цэцэгхорлоо. Түүний хувьд хүнд гэмтэл бэртэл аваагүй. Шалтгаан нь тодорхойгүй гэдэг оноштой. Энэ мэс засалд 50-иас дээш насны, жин багатай, шагайн үений хөдөлгөөнтэй хүмүүст хийж болно гэсэн нарийн заалттай гэдгийг эмч нар онцлов.
Их эмч Г.Бадамгарав “Шагайн хиймэл үений хагалгаа нэг өдөр яриад хийсэн ажил биш. Тулгуур эрхтний гэмтлээр ажилладаг эмч нар шийдлээ олохын тулд маш их цаг хугацааг зарцуулсан. Мэс засал багийн ажил байдаг. Хагас жилийн өмнө гарц гаргалгаа нь олдох гээд хамтран ажиллах компанитай холбогдож, санамж бичиг байгуулсан. Мөн хууль зүйн талаасаа зөв гаргалгааг хийж, өвчтөн дээрээ зардлыг хэрхэн хөнгөлөх вэ гээд маш олон асуудлыг шийдэхийн төлөө олон хүн дэмжин сэтгэл зүтгэл гаргасан. Хамтарч ажилласан "Тимус фарм" болон "Имплант каст" компаниуддаа талархлаа илэрхийлмээр байна.
Мэдээж тулгуур эрхтний согог заслын хиймэл үений хагалгаа өндөр өртөгтэй мэс засалд ордог. Нэг ширхэг хиймэл үений портез гэхэд 10 гаруй сая төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Алсдаа энэ мэс заслыг нутагшуулж, эмч нар маань хагалгаа хийдэг болохоор өвдөг, түнхний хиймэл үе суулгасан хүмүүст үзүүлдэг шиг даатгалын хөнгөлөлт үзүүлэх боломжтой болно” гэв.
Тэрбээр “Мэс заслын үеэр айдас гэхээсээ илүүтэй энэ ажлаа сайхан бүтээчих юмсан гэдэг зорилго байсан. Хүн болгон сэтгэл зүрхээрээ дэмжиж байсан нь маш сайхан санагдсан. Хүсч, зорьж байсан ажилдаа хүрэх эхлэл тавигдсан учраас маш сайхан мэдрэмжийг авсан. Энэ бүхэнд үндэсний төвийн хамт олон сэтгэл зүрхээрээ хамт байсанд талархаж байна. Аливаа салбарт шинэ эмчилгээний арга нэвтэрнэ гэдэг сайхан үйл явдал. Сайн үйлс эхэлж, эмчилгээнд дэвшил гарч байна гэсэн үг” хэмээн инээмсэглэн өгүүлнэ.
Түүний дэргэд суусан Ц.Батбаяр эмч “Хагалгааны дараа маш их баярласан. Энэ бүхэн мөрөөдөл байсан. Хүний мөрөөдөл биелнэ гэдэг хамгийн сайхан. Эмч хүний жаргал бол өвчтөн маань 100 хувь эдгэсэн мэдээг сонсгох. Хэдийгээр гэмтэл бэртэл нь эдгэхэд хугацаа шаарддаг ч бүрэн эдгэж, алхаж явааг нь харах үнэхээр сайхан байдаг” тухайгаа бахархан ярилаа.
Эмч нарын дараагийн зорилго боловсон хүчнээ чадавхжуулж, бэлтгэх. Сая мэс засалд хамтран ажилласан БНСУ-ын “Йонсей Гунвоо” эмнэлэг нь зөвхөн шагай, тавхайгаар дагнан мэс засал хийдэг гэмтэл согогийн эмнэлэг. Хамтын ажиллагааны хүрээнд эмч мэргэжилтнүүдээ бэлтгэж, олон хүнийг эрүүл саруул болгохоор ажиллаж байна. Үүний дараагаар эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, иргэдэд эдийн засгийн дарамт учруулахгүй байх, мэс заслын дараах сэргээн засах эмчилгээг хийх нь чухал гэдгийг эмч нар хэлэв.
Эмч нарын зүгээс иргэдэд эрүүл мэндийн боловсролын асуудал чухал байна. Эрүүл мэндийнхээ төлөө өөрсдөө анхаарах хэрэгтэй. Үе солих хагалгааг хийхэд жингийн асуудал нэгдүгээрт тавигддаг. Тулгуур эрхтний өвчлөл биеийн жин, ачаалалтай шууд холбоотой байдаг. Хорт зуршил буюу архи, тамхины хэрэглээ, гэмтэл бэртэл, үрэвсэлт өвчнүүд байна. Хийжүүлсэн ундаа хэтрүүлэн хэрэглэдэг бол ясны сийрэгжилт үүсч, хагалгаа хийхэд эрсдэлтэй.
Маш их таргалалттай, хавсарсан өвчтэй хүмүүс өвдөг, түнхний үеэр өвдөж байна гэдэг. Гэтэл мэс засал хийхгүйгээр биеийн жингээ хасвал өвдөлт намдахаар байна гэхээр уурлаж хүлээж авдаг.
Хүмүүс өвдчихөөд эмч нарт л эрүүл мэндээ даатгадаг. Өөртөө хариуцлага огт үүрүүлдэггүй. Хиймэл үеийг суулгахад ясны сийрэгжилт, биеийн жингийн ачааллаас болж хэдэн жилийн дараа хиймэл үе сулрах, халдварлах, хугарал өгөх хүндрэл гарч болно. Давтан хагалгаа хийх нь эрсдэл өндөртэй. Тиймээс хиймэл үеийг урт хугацаанд өөрийнхөө биед таатай байдлаар авч явах нь чухал гэдэг үнэтэй зөвлөгөө өгсөн юм.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Холбоотой мэдээ