Хулгайч хоёр янз. Жирийн хулгайч чиний мөнгө, цүнх, гар утас, хэтэвчийг чинь хулгайлдаг бол улс төрийн хулгайч чиний ирээдүй, хүсэл мөрөөдөл, ажил орлого, мэдлэг боловсрол, эрүүл мэндийг чинь хулгайлдаг. Ялгаа нь жирийн хулгайч чамайг сонгож хулгайгаа хийдэг бол улс төрийн хулгайчийг чи өөрөө сонгодог. Харамсалтай нь, жирийн хулгайчийг цагдаа хайж байдаг бол улс төрийн хулгайчийг цагдаа хамгаалж байдаг.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн гурван сая тонн нүүрсний хулгай болон,нүүрсний тээвэртэй холбоотой 1.5 тэрбум ам.долларын луйврын тухай жиргээ 60 саяын цэцгийн дуулианд нам дарагдав. Уг нь 60 саяын цэцэгнээс илүү чухал мэдээлэл, анхаарал татсан сэдэв байлаа. Даанч, манайхан “цэцэг дунд төөрөөд” гол мэдээллээ анзаарсангүй, анхаарсангүй.
Энэ 2022 онд 22600 машин нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй хилээр гарсан байж болзошгүй талаар УИХ-ын гишүүн Г.Ганболд ярилцлага өгчээ. Энэ мөнгөөр хэчнээн хүний эрүүл мэндийг аварч, хэчнээн хүнд боловсрол эзэмшүүлж, хэчнээн ажлын байр бий болгох байсан бэ гэвэл багагүй тоо гарах байх.
Жишээ нь, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих төслийн өртөг 271 сая ам.доллар. Тэгвэл 1.5 мянган ам.доллар бол таван их наяд төгрөг гэсэн үг. Монгол Улсын 2023 оны төсвийн дөрөвний нэгтэй тэнцэх мөнгө. Энэ мөнгөөр зургаан ширхэг Эрдэнэбүрэн шиг УЦС-ыг барьчихаж болох байжээ.
Харамсалтай нь, тэр их мөнгийг хэдхэн хүн хамтраад зувчуулсан, таны, миний хүсэл мөрөөдөл, ажил орлогоос хулгайлсан гэсэн үг.
Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой”-д бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Ж.Ганбатын хэлсэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн байгуулсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Богдхан төмөр зам, Нүүрс баяжуулах үйлдвэр, Газрын тос дамжуулах хоолойн төсөл зэрэг 4 оффтейк гэрээний цаадах асар их мөнгө, хулгай луйвар ч хөндөгдөж байгаа. Нүүрсний болон төмөр замын бүлэглэлийн идсэн уусны дэргэд Хөгжлийн банк тоносон хэрэг бараг хэдэн задгай мөнгөний луйвар гэхээр. Арав гаруй жил төмөр замын төслийг гацаасны шалтгаан одоо л илэрч, эзэд нь тодорч магадгүй байна. Л.Оюун-Эрдэнийн нүүрсний бүлэглэлтэй эхлүүлсэн дайнд хулгайчид биш хууль ялах юм бол шүү дээ.
Ямар байсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Монгол Улс төмөр замын төслүүдээ эхнээс нь ашиглалтад оруулж байна. Олон жил улстөржиж, олон жил нурж, гацсаны эцэст Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орсон. Одоо удахгүй Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орохоор болжээ. Сүүлийн үеийн улс төрийн увайгүй хэрүүл, эрх мэдлийн төлөөх тэмцэл, эдийн засгийн хямралын тухай мэдээллүүд дунд сонсогдож байгаа цөөхөн эерэг мэдээнүүдийн нэг.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор экспортын том гарц нээгдэж байна гэсэн үг. Импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал 20 сая тонноор, төмөр замын тээвэрлэлт 65 хувиар өсөхөөр байгаа. Нэг ёсондоо тактикийн төмөр зам гэж тодорхойлж болно. Эдийн засаг талаасаа ч геополитик талаасаа ч ач холбогдолтой.
Товчхондоо, Тавантолгойн коксжих нүүрсийг Бугат руу шууд тээвэрлэх боломж, гарц нээгдэж байна гэсэн үг.
Монгол Улс ирэх жил 36.5 сая тонн нүүрс экспортод гаргана гэж өөдрөг төсөөлж суугаа нь төмөр замын шинэ төслүүд ашиглалтад орж буйтай холбоотой. Нүүрсээ үнс болгох уу, баялаг болгох уу гэдгийг үнэндээ тээвэрлэх ложистик, төмөр замын хүчин чадал тодорхойлдог. Авто машинаар нүүрсээ тээвэрлэлээ гээд “амь зогоох” төдий ашиг олж байгаагаас бус хөгжсөн, хөлжсөн юм алга. Төмөр замгүй бол нүүрс тэгээд үнс болдог юм байна.
Монголын нүүрсийг худалдаж авах ганц зах зээл нь Хятад. Гэтэл Хятад “тэг-ковид” бодлогоо үргэжлүүлнэ гээд Ши Жинпинь зарлачихлаа. Тэгэхээр нүүрсээ Хятадын зах зээлд зарахын тулд төмөр зам хэрэгтэй. Үндсэндээ Зүүнбаян-Хангийн төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгой ордын өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Магадгүй олон жил ярьж ирсэн IPO-гоо гаргавал илүү мөнгө олох болно. Тавантолгойн нүүрс олон гарцаар гарч, Хятадын төмөр замын сүлжээнд холбогдож чадах юм бол Япон, БНСУ-ын зах зээлд илүү өндөр үнээр угаасан нүүрсээ зарж чадна. Нүүрсээ төмөр замаар аль болох их хэмжээгээр зарж чадвал валютын нөөц нэмэгдэнэ. Эдийн засгийн цусны эргэлт сайжирна. Нөгөө талаасаа Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам Ази, Европыг холбосон хамгийн дөт зам болох юм. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам дагуу Цагаан суваргын зэс молибедин, төмрийн хүдрийн Элстэй, Агар-Уул, нүүрсний Элдэв, Мандахнуур зэрэг арваад орд байгаа. Тиймээс тэдгээр ордын өрсөлдөх чадвар дагаад өснө гэсэн үг. Шинэ маршрутын, хөндлөн төмөр замын наад захын ач холбогдлыг нь дурдвал нэг ийм.
Хамгийн гол нь нүүрсний хулгай луйврыг цэгцлэхгүй бол улсад орж ирэх мөнгө хэдэн луйварчдын гараар ороод дууслаа. Энэхүү баян бүлэглэлийн хулгайн хэрэг энэ засгийн толгойны том өвчин болж байна. Тэдэнтэй яаж тэмцэх, хэр үр дүнд хүрэх нь Л.Оюун-Эрдэнийн тактикаас л шалтгаална.
Холбоотой мэдээ