Дэлхий эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр Covid-19-ийн омикроны шинэ дэд хувилбарын тархалт нэмэгдэж, хоруу чанар нь буурахгүй байгаа аж. Дотоодод ч мөн энэ төрлийн халдвараар өвчилсөн хүмүүс ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа талаар мэдээлсэн. Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа зөвлөмж мэдээллээр шинэ дэд хувилбар өмнөх хувилбаруудтай ижил төстэй бөгөөд нас баралт, хүндрэл адил зэрэгтэй байгаа юм. Иймд халдварын тохиолдол зөөвөрлөгдөж орж ирж болзошгүй нөхцөл байдлаас сэргийлнэ гэж мэдэгдсэн. Ингэснээр гадаадаас ирж буй иргэдээс шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн хуудас бөглүүлэх аж.
Зорчигчид нислэгийн үеэр тарааж өгсөн "Эрүүл мэндийн мэдүүлэг"-ийг үнэн зөв бөглөн, Хилийн нэвтрэх цэгт шалгуулан хураалгах ёстой юм.
Харин халдварын тохиолдол цаашид өсвөл хилийн хяналтыг чангатгах тал дээр анхаарна гэж албаныхан мэдээлсэн.
COVID-19-ИЙН ШИНЖ ИЛЭРВЭЛ ЭРСДЭЛИЙГ ХАРГАЛЗАЖ ТУСГААРЛАНА
Ханиалгасан болон биеийн байдал хүндэрсэн зорчигчдыг нисэх буудлаас тусгаарлах зохицуулалт хийх талаар албаныхан мэдээлсэн. Олон улсад цар тахлын тархалт буурахгүй байгаа учир шинж тэмдэг илэрч буй хүмүүсийг 3-7 хоногт тусгаарлаж байгаа аж. Харин Монголд одоогийн байдлаар нисэх онгоцны буудлаас шинж тэмдэгтэй иргэдийг тусгаарлах журам хэрэгжиж эхлээгүй байна.
ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирал, анагаах ухааны магистр, клиникийн профессор Ц.Чинбаяр:
-Covid-19-ийн шинэ хувилбарын цөөн тохиолдолд дотоодод батлагдаад байна. Гэхдээ эдгээр шинэ дэд хэв шинжүүдээс үүсгэгдсэн тохиолдолд хүндрэл өмнөх хувилбаруудтай ижил байгааг ДЭМБ-аас мэдээлсэн. Хүнд, хүндэвтэр эмнэлзүйн хэлбэр үүсэхгүй байна. Тэгэхээр өмнө нь баримталж байсан халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг зөвлөж байна.
Омикроны өмнөх хувилбараар өвдсөн хүн ч дахин шинэ дэд хувилбараар өвдөх эрсдэлтэй. Хэдийгээр эмнэлзүйд өөрчлөлт ороогүй ч суурь өвчтэй хүмүүс хүндээр өвдөх магадлалтай.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ 325 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас эрчимт тасагт зургаан хүн маш хүнд, 45 нь хүнд гэсэн оноштойгоор Covid-19-өөс шалтгаалж хэвтэн эмчлүүлж байна. Covid-19-өөр өвдөхгүйн тулд иргэд дархлаажуулалтын тунд хамрагдаад, 3-6 сар өнгөрсөн бол дараагийн нэмэлт тунг хийлгэх боломжтой.
Томуугийн нөхцөл байдлын талаар мөн мэдээлэл өгөх нь зүйтэй. 2022 оны 44 дүгээр долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчин идэвхжлийн түвшинд байна. Зарим аймаг улбар шар түвшинд шилжсэн.
Томуу төст өвчнөөр нийт 8239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 1300 нь цочмог хүнд хэлбэрээр өвдөж, эмнэлгийн тусламж авч байна. Мөн томуугийн бусад вирусуудын тархалт өндөр байгаа юм. Яг одоогийн байдлаар томуугийн тархалт хүмүүсийн дунд идэвхжээгүй. Гэхдээ ДЭМБ-аас өгч байгаа мэдээллээр тархалт идэвхжих эрсдэлтэй байна. Тиймээс томуугийн вакцинжуулалтад иргэдийг идэвхтэй хамрагдахыг хүсч байна.
Covid-19 болон сармагчин цэцэг өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд хилийн хяналтыг чангатгаж, эхний ээлжид эрүүл мэндийн хуудас бөглүүлж байгаа юм.
Холбоотой мэдээ